- Hey HR
- Posts
- Монголд ажилгүйдлийн түвшин 0.6%-иар буурсан ч нийт 80 мянган хүн ажилгүй хэвээр байна
Монголд ажилгүйдлийн түвшин 0.6%-иар буурсан ч нийт 80 мянган хүн ажилгүй хэвээр байна


Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec
ДОТООДОД…
Монголд ажилгүйдлийн түвшин 0.6%-иар буурсан ч нийт 80 мянган хүн ажилгүй хэвээр байна

Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин 62.7 хувьтай байгаа нь өнгөрсөн оны эцсээс 1.4 хувиар өссөн үзүүлэлт болохыг ҮСХ мэдээллээ. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй 1.5 сая хүн байна.
Мөн ажилгүйдлийн түвшин 0.6 хувиар буурсан ч нийт 80.6 мянган хүн ажилгүй байна. Тэдний 35 хувь нь “ажил хайгаад олдохгүй” гэсэн шалтгаантай байгаа аж.
Нийт ажиллагчдын 49.6 хувь нь үйлчилгээ, 25.4 хувь нь хөдөө аж ахуй, 25.1 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж буй. Уул уурхай, барилга, төрийн удирдлага, батлан хамгаалах, боловсруулах зэрэг салбарт ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 13 мянгаас 20.4 мянгаар нэмэгджээ.
Үүнээс гадна хөдөлмөрийн бүтээмж хөдөө аж ахуйн, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарт өссөн бол уул уурхай, олборлолтын салбарт буурчээ.
ОЛОН УЛСАД…
АНУ-д бүтэн цагийн ажлын хажуугаар асаргаа, сувилгаа хариуцдаг ажилтнуудын тоо огцом нэмэгджээ

Америкт бүтэн цагаар ажиллахын зэрэгцээ асаргаа сувилгаа хариуцдаг иргэдийн хувь сүүлийн жилүүдэд огцом өссөн нь ажил олгогчдын дэмжлэг шаардлагатай ажилтнуудад хүндрэл учруулж байна гэж Америкийн “The Guardian Life Insurance Company” компанийн арван нэгдүгээр сарын тайланд дурджээ.
Тайланд дурдсанаар, бүтэн цагаар ажилладаг ажилтнуудын бараг тал нь (43%) ойр дотнын хүнээ асрах үүрэгтэйгээ зэрэгцүүлэн ажилладаг бөгөөд энэ нь 2019 оноос хойш 13 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Guardian компанийн судалгаагаар асаргааны үүрэг хариуцлага нь бүх үеийн ажилтнуудын дунд өргөн тархсан үзэгдэл болох нь харагджээ. Тодруулбал, baby boomer буюу их төрөлтийн үеийнхний 25 хувь, X үеийнхний 39 хувь, Миллениал үеийн 51 хувь, Z үеийн 38 хувь нь асран хамгаалагчийн үүрэг хүлээдэг гэж хариулсан байна.
Ялангуяа эмэгтэйчүүд бүтэн цагаар асаргааны үүрэг хүлээх нь түгээмэл байгаа юм. Тайланд дурдсанаар, 2023 онд асран хамгаалагчийн үүрэгтэй бүтэн цагийн ажилтнуудын 56 хувь нь эмэгтэй, 44 хувь нь эрэгтэй байсан бол, 2025 онд энэ харьцаа өөрчлөгдөж, 57 хувь нь эрэгтэй, 43 хувь нь эмэгтэй болжээ. Энэ нь олон эмэгтэйчүүд бүтэн цагийн ажлаасаа гарч, асаргаанд төвлөрч байгааг харуулж байна.
Асран хамгаалагчид мансууруулах бодис хэрэглэх магадлал нь 55 хувиар өндөр, түгшүүр болон сэтгэл гутралд орох магадлал нь 48 хувиар илүү байгааг судалгаа харуулж байна. Ажлаасаа цалинтай чөлөө авсан асран хамгаалагчдын 37 хувь нь энэ шийдвэрийг сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар гаргасан хэмээн хариулжээ.
Guardian компанийн тайланд дурдсанаар, асран хамгаалагч ажилтнуудад дараах байдлаар дэмжлэг үзүүлэхийг санал болгожээ: сэтгэлзүйн болон асаргаатай холбоотой сайн сайхан байдлыг дэмжих үйлчилгээ, уян хатан ажиллах цагийн хуваарь, шударга цалинтай чөлөө, мөн ажилтны тусламжийн хөтөлбөрүүд. Эдгээр нөөц, дэмжлэг нь ажилтнуудын чөлөө авах шаардлагыг багасгаж, тэдний ажлын оролцоо, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх байдал, нийт гүйцэтгэлийг сайжруулах боломжтой гэж тайланд онцолсон байна.
HR MOMENT
Кейс судалгаа: Walmart “Me@Walmart” апп-аар frontline ажилтнуудын туршлагыг шинэ түвшинд хүргэсэн нь

📌 Нөхцөл байдал:
Walmart-ийн 1.6 сая гаруй ажилтан өдөр бүр дэлгүүр, агуулах, үйлчилгээний цэгүүдэд ажилладаг. Гэвч тэд ажлын хуваарь, сургалт, багийн мэдээлэл, HR үйлчилгээ зэрэгт хэрэглэхэд төвөгтэй, хоцрогдож буй системээр дамжин нэвтэрдэг байв.
💡 Шийдэл: “Me@Walmart” ажилтны туршлагыг нэгтгэсэн супер апп
Walmart 2021 онд “Me@Walmart” нэртэй ажилтнуудад зориулсан бүхнийг агуулах апп-ыг нэвтрүүлжээ. Энэ апп нь дараах боломжуудыг олгосон:
Хуваарийн бүрэн хяналт: цагийн хуваарь харах, солилцох, хүсэлт илгээх
Багийн харилцаа холбоо: менежер, хамт олонтой шууд холбогдох, өдөр тутмын мэдээлэл авах
Хүний нөөцийн шууд дэмжлэг: цалин, тэтгэмж, чөлөө, журам зэрэг мэдээлэлд нэг товшилтоор нэвтрэх
Сургалт ба хөгжил: богино сургалтууд, шинэ ур чадвар сурах контентууд
Туслах функц: тоног төхөөрөмжийн хандалт, ажлын хэрэгслийн заавар, барааны мэдээлэл хайх
Walmart апп-г бүх ажилтанд үнэ төлбөргүй гар утсанд нь ашиглах боломжтой болгосон бөгөөд ажилдаа ашиглахад зориулж тусгайлан шинэ ухаалаг утас ч олгожээ.
📈 Үр дүн:
Ажилтнуудын хуваарьтай холбоотой гомдол мэдэгдэхүйц буурсан
Фронтын ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэж, урам зориг өссөн
Менежерүүдийн ажлын ачаалал хөнгөрч, зохицуулалт хурдтай болсон
Дотоод мэдээллийн урсгал, өдөр тутмын шуурхай ажиллагаа сайжирсан
Walmart жижиглэн худалдааны салбарт ажилтнуудын дижитал туршлагын жишиг тогтоосон
🔍 HR сургамж:
Walmart-ийн туршлагаас байгууллагад нэгдсэн ажилтнуудын app нэвтрүүлэх нь хөдөлмөрийн их урсгалтай салбаруудад стратегийн өрсөлдөх давуу тал болох нь харагдаж байна.
HR HAAAAACK
📣 “Зоригтой Санал” ханын булан

Энэ долоо хоногт хэрэгжүүлэх шинэ санаа: Ажилтан бүр эсвэл баг болгон байгууллагын үйл ажиллагааг сайжруулах нэг зоригтой, уламжлалт бус санаа оруулна. Энэ нь хамтын ажиллагаа, сайн сайхан байдал, бодлого, бүр оффисын зохион байгуулалт ч байж болно. Санаануудыг ханын буланд эсвэл дижитал орчинд нийтэд ил тод байршуулах юм.
Үүнийг хэрэгжүүлэхдээ нэг сэдэв сонгож болно. Жишээ нь: “Даваа гарагийг хэрхэн сонирхолтой болгох вэ?” эсвэл “Хэрэггүй хурлыг хэрхэн багасгах вэ?” гэх мэт. Хэрэв хүсвэл нэрсээ нууцалж болно. Энэ нь илэн далангүй байдал нэмэгдүүлэх юм. Долоо хоногийн төгсгөлд нэг санааг туршихаар сонгоорой. Санал гаргасан хүмүүсийг урамшуулж, үр дүнг нийтэд ил тод хуваалцаарай.
Яагаад үр дүнтэй вэ:
Ажилтнууд дуу хоолой нь бусдад хүрч буйг мэдэрнэ. Шинэлэг сэтгэлгээг дэмжинэ. Удирдлагууд ажилтнуудын оролцоог бодитоор мэдрэх боломж болно.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
