• Hey HR
  • Posts
  • Залуус ажлын байран дахь үе хоорондын зөрчилдөөнийг илүү мэдэрч байна

Залуус ажлын байран дахь үе хоорондын зөрчилдөөнийг илүү мэдэрч байна

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec

ДОТООДОД…

Үндэсний их баяр наадам, цагаан сарын баяр амралтын өдөртэй давхацвал шилжүүлэн тооцдог болох саналыг УИХ-ын гишүүд дэмжлээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Уг хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж, төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Б.Уянга мэдээлэл өглөө. Тэрээр “Манай улсад бүх нийтээр тэмдэглэх есөн баярын 16 өдрийг амралтад хамруулаад явдаг. 2022 он хүртэл амралтын өдрийн хагас, бүтэн сайнтай давхацвал Засгийн газар зохицуулдаг харилцаа хуульд байсан. 2022 онд хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үеэр энэ харилцаа байхгүй болсон.

Хууль хэрэглэгдэхгүй, ойлгомжгүй байна гэсэн шүүмжлэл байнга байдаг. Үүний нэг жишээ нь 2024 онд цагаан сарын өдрүүдийг яах вэ гэхэд хуулийн заалт байхгүй учраас Засгийн газар шийдвэр гаргах боломжгүй байсан.”

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Уянгын гаргасан хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан cap тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

ОЛОН УЛСАД…

Залуус ажлын байран дахь үе хоорондын зөрчилдөөнийг илүү мэдэрч байна

Kahoot хэмээх оролцоог дэмжих платформын 12-р сарын дөрвөнд гаргасан тайланд дурдсанаар, Z үеийн оффисын ажилтнуудын бараг тал нь ажлын байрандаа нэг жилийн дотор үе хоорондын зөрчил тэр дундаа Z үеийнхний талаарх хэвшмэл ойлголтоос үүдэлтэй ахмад хамт олны шүүмжлэлд өртөж байна гэжээ. Тухайлбал, Z үеийн ажилтнууд дараах шалтгаануудын улмаас шүүмжлэлд өртдөг аж:

  • Хэт эрч хүчтэй, нээлттэй үзэл бодол илэрхийлдэг (47%),

  • Албан бус ярианы хэллэг, хошигнол хэрэглэдэг (46%),

  • Хувийн хил хязгаараа тогтоодог (44%),

  • Гадаад төрх, хувцаслалт (42%).

Үүний хариуд, Gen Z ажилтнуудын 47 хувь нь уг стрессээс үүдэн уйлж байсан,
39 хувь нь ажлаасаа гарах талаар бодож байсан гэж хариулжээ.

Kahoot компанийн Их Британи, Ирландын бүсийн өсөлт хариуцсан захирал Жон Нил мэдэгдэлдээ “Энэхүү судалгаа нь Z үеийнхний ажлын байранд орж ирж буй байдал нь олон жил тогтсон, уламжлалт ажлын соёлтой зөрчилдөж байгааг тодорхой харуулж байна. Эдгээр соёл нь Gen Z-ийн хүлээлт болон давуу талуудтай нийцэхгүй тохиолдол олон байна” гэж онцолсон байна.

Ихэнх залуу ажилтнуудад илүү их бэлтгэл, ур чадварын ахисан сургалт шаардлагатай байгааг онцолжээ. Тэдний 68 хувь нь ажлын байран дээр “чадвар нь хүрэхгүй” байгаа мэт мэдэрдэг гэжээ.

Гэвч үүнтэй зөрчилдөн “эсрэг чиглэлийн менторшип” буюу залуу ажилтнууд удирдлагадаа зааж зөвлөх хандлага нэмэгдэж байна. Залуу мэргэжилтнүүдийн 57 хувь нь менежертээ дижитал ажлуудыг хэрхэн хийхийг зааж байсан гэж хариулсан байна.

HR MOMENT

Кейс судалгаа: Netflix “Keeper Test”-ээр өндөр гүйцэтгэлтэй соёлыг бий болгосон нь

📌 Нөхцөл байдал:
Netflix хурдацтай өсөхийн хэрээр дундаж гүйцэтгэлтэй боловсон хүчнийг удаан хугацаанд хадгалах нь инноваци, хурд, чанарт сөргөөр нөлөөлж байгааг анзаарчээ. Уламжлалт гүйцэтгэлийн үнэлгээ, шаталсан процессууд нь:

  • Шударга бус, хэт удаан шийдвэр гаргалт,

  • Сул гүйцэтгэлийг “тэвчих” соёл,

  • Өндөр гүйцэтгэлтэй ажилтнуудын урам зориг буурах зэрэг эрсдэлийг бий болгож байв. Netflix-д өндөр стандарт, ил тод байдалд суурилсан шинэ хандлага шаардлагатай болсон.

💡 Шийдэл: “Keeper Test” буюу хадгалж үлдэх философи
Netflix менежерүүдэд дараах асуултыг тогтмол өөрсдөөсөө асуух соёлыг нэвтрүүлсэн:

“Хэрэв энэ ажилтан маргааш ажлаасаа гарахаа хэлбэл, би түүнийг заавал үлдээхийг хичээх үү?”

Хэрэв хариулт нь "үгүй" бол Netflix тухайн ажилтныг урт хугацаанд байлгахын оронд шударга, хүндэтгэлтэйгээр салж, дараах бодлогыг хэрэгжүүлдэг:

  • Илэн далангүй, тогтмол feedback: гэнэт ажлаас халахгүй;

  • Өрсөлдөхүйц өндөр цалин: дундаж бус зах зээлд дээгүүрт орох цалин;

  • Тэтгэмж:  ажлаас гарах үед санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

  • Гүйцэтгэлд суурилсан баг бүрдүүлэлт 

“Keeper Test” нь жил тутмын үнэлгээ биш, өдөр тутмын менежментийн сэтгэлгээ болжээ.

📈 Үр дүн:

  • Багуудын гүйцэтгэл, хурд, шийдвэр гаргалт эрс сайжирсан.

  • Өндөр гүйцэтгэлтэй ажилтнууд илүү эрх мэдэл, итгэл хүлээдэг болсон.

🔍 HR сургамж:
Netflix-ийн “Keeper Test” нь хүн бүрийг хадгалах биш, зөв хүмүүсийг авч үлдэх зорилготой философи юм. Ил тод байдал, шударга салалт, өндөр стандарт нь богино хугацаанд хэцүү мэт санагдавч урт хугацаанд үр дүнтэй юм.

⚠️ Анхаарах зүйл: Энэ загвар нь сэтгэл зүйн аюулгүй байдал, шударга цалин, ил тод харилцаа хангагдсан үед л амжилттай хэрэгждэг.

HR HAAAAACK

🔎 Үл үзэгдэх хөдөлмөрийг таниулах долоо хоног 

Хүмүүсийн нүдэнд ил харагддаггүй ч багийг урагшлуулж байдаг, чимээгүй, чухал ажлуудыг ил гаргаж, үнэлэх нь баг хамт олны уур амьсгал, итгэлцэлд том үүрэгтэй билээ. Тэгвэл үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ:
  1. Хаана нийтлэхээ шийд:
    Slack, мэйл эсвэл байгууллагын дотоод сүлжээ гээд таны багийн ашигладаг сувгийг сонгоорой.

  2. Нэр дэвшүүлэхийг уриалах:
    “Энэ долоо хоногт чимээгүйхэн, таны ажилд тус болсон хэний, ямар ажлыг онцлох вэ?” гэх мэт уриа мессеж, мэйл явуулаарай. Хүмүүс сэтгэгдлээр бичих эсвэл богино асуулгын хариултаар нэр дэвшүүлж болно.

  3. Долоо хоног бүр гурван хүнийг онцлох:
    Нэр, хийсэн ажил, хэн нэр дэвшүүлсэн гэх мэт мэдээллийг товч бөгөөд тодорхой нийтлээрэй. Эможи ашиглан хөнгөн, хөгжилтэй болгоорой.

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.