- Hey HR
- Posts
- Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно
Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно


Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec
ДОТООДОД…
Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг энэ сард олгоно

Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг энэ сард 30 хувь, 2026 онд 75 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. ЭМЯ-ны мэдээлснээр, Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд 3.000.000 төгрөгт хүргэхээр дараах үе шаттай нэмэгдүүлэх юм. Үүнд:
Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 30 хувиар
Наймдугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар
Есдүгээр сарын 1-ний өдрөөс 9 хувиар
Аравдугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар
Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 9 хувиар
Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 9 хувиар нэмэгдүүлэх аж.
ОЛОН УЛСАД…
2025 онд AI ажлын байр, ажилд авах орчныг өөрчлөхийн хэрээр Хонконгт ажил горилогчдын тоо огцом өсжээ

Jobsdb Hong Kong-ийн мэдээлснээр, 2025 онд Хонконгийн хөдөлмөрийн зах зээл мэдэгдэхүйц өрсөлдөөнтэй болж, ажлын зар тутамд ирүүлсэн өргөдлийн тоо жилийн хугацаанд 58 хувиар өсжээ. Хиймэл оюун ухаан зарим ажлын байрыг халж эхэлсэн ч, фронтлайн буюу үйлчилгээний анхан шатны албан тушаалууд хамгийн их өрсөлдөөнтэй болж, энэ төрлийн ажлын байрны зар тутамд ирсэн өргөдлийн тоо 78 хувиар нэмэгдсэн байна.
Тус платформ ажил хайгчдын зан байдалд томоохон өөрчлөлт ажиглагдаж байгааг дурдсан бөгөөд сард 100-аас дээш ажлын байр руу өргөдөл илгээж буй хүмүүсийн тоо 33 хувиар өссөн нь ажил хайлт илүү идэвхтэй болж, энэ нь Хонконгийн “шинэ хэвийн байдал” болж байгааг харуулжээ.
Jobsdb Hong Kong-ийн гүйцэтгэх захирал Билл Ли Чен-син хэлэхдээ, ажил хайгчид улам идэвхтэй болж, ажил олгогчид тодорхойгүй нөхцөл байдлыг даван туулахын тулд болгоомжтой, уян хатан ажилд авах стратеги баримталж байгаа хэмээн тэмдэглэжээ. Тэрээр 2026 онд хөдөлмөрийн зах зээл хэлбэлзэлтэй, үргэлжийн өөрчлөлттэй болон эрчимтэй өрсөлдөөний нөлөөнд байх болно гэж үзэж байна.
2026 онд ажилчид ажлын байрны баталгаа болон мэргэжлийн уян хатан чадварыг хамгийн ихээр хүсэж байна хэмээн Adecco тогтоожээ
Энэ онд ажилчид тогтвортой орлого, баталгаатай ажлын байр, мөн уян хатан байдал, хямралыг давах чадвар, оролцоог дэмжсэн ажил олгогчийн “бүрэн дэмжлэг”-ийг эрэлхийлж байна гэж Adecco-ийн 1-р сарын 7-нд нийтэлсэн ажлын байрын чиг хандлагын тайланд дурджээ.
HR ба технологийн үйлчилгээ үзүүлдэг Adecco компанийн мэдээлснээр, 31 орны 37,500 ажилтан болон 2,000 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаагаар, “ажлын байрны баталгаа” нь ажилтныг тогтоон барих хамгийн чухал хүчин зүйл болж, хувийн сэтгэл ханамжийг анх удаа давсан байна.
Мөн өгөгдлөөс харахад, сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа хөх захт ажилчид цагаан захтнуудаас илүү цалин хөлснийхөө шударга байдалд итгэлтэй байгаа нь чадварлаг гар ажиллагаа шаардсан хөдөлмөрийн эрэлт эрс өссөнийг харуулж байна.
Тайланд дурдсанаар, байгууллагын бараг гуравны хоёр (61%) нь ажилтнуудаа дотоодын шинэ албан тушаалд шилжүүлэхэд хүндрэлтэй тулгарч байгаа аж. Зөвхөн гуравны нэг нь ажилтнуудын дотоод ур чадвар, чадамжийг ойлгоход шаардлагатай өгөгдөлд хөрөнгө оруулалт хийж байна.
Энэ зөрүү нь ажилтны ажлын баталгааг хангах болон мэргэжлийн уян хатан байдал хөгжихөд саад болж байна гэж Adecco онцолжээ.
HR MOMENT
🟩 Кейс судалгаа: SAP “Autism at Work”-р дамжуулан сэтгэхүйн олон янз байдлын авьяасыг амжилттай нэгтгэсэн нь

📌 Нөхцөл байдал:
SAP компани программ хангамж, өгөгдөл, чанарын баталгаажуулалт зэрэг чиглэлд өндөр нарийвчлал, төвлөрөл шаардсан ур чадварын хомсдолтой тулгарч байв. Уламжлалт ажилд авах процесс нь зарим өндөр чадамжтай хүмүүсийг, ялангуяа аутизмтай авьяастнуудыг шударгаар үнэлж чаддаггүй байлаа. Үүний зэрэгцээ SAP байгууллагынхаа олон талт байдал, инновацын чадамжийг бодитоор нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.
💡 Шийдэл: “Autism at Work” буюу аутизмтай мэргэжилтнүүдийг ажилд авах тусгай загвар
SAP 2013 онд “Autism at Work” хөтөлбөрийг эхлүүлж, ажилд авах, onboarding, гүйцэтгэлийн удирдлагыг бүрэн шинэчилсэн. Үүнд:
Уламжлалт ярилцлагыг халж, олон өдрийн ажлын орчны бодит даалгаварт суурилсан үнэлгээ ашигласан;
Онбординг үе шатанд ментор, HR-ийн тусгай дэмжлэг үзүүлсэн;
Менежерүүд, багуудыг сэтгэхүйн олон янз байдлыг ойлгох сургалтад хамруулсан;
Ажлын орчныг хувь хүнд тохируулан өөрчилсөн;
Гүйцэтгэлийг нийгмийн ур чадвараар бус, бодит ажлын үр дүнгээр үнэлдэг болсон.
SAP-ийн зорилго нь “дасан зохицохыг хүнээс шаардах” бус, системийг хүнд тохируулах байв.
📈 Үр дүн:
SAP дэлхий даяар хэдэн зуун аутизмтай мэргэжилтнийг амжилттай ажиллуулж чадсан;
Эдгээр ажилтнуудын чанар, нарийвчлал, тогтвортой гүйцэтгэл дундаж түвшнээс өндөр гарсан;
Багуудын асуудал шийдвэрлэх өнцөг, инновацын чанар сайжирсан;
Хөтөлбөрийг Microsoft, EY зэрэг олон компани дуурайн хэрэгжүүлж эхэлсэн.
🔍 HR сургамж:
SAP-ийн “Autism at Work” нь хэрэв системийг ухаалгаар өөрчилбөл, бизнес ба нийгмийн үнэ цэнэ хоёулаа өсөх боломжтойг харуулжээ.
⚠️ Анхаарах зүйл: Ийм хөтөлбөр нь HR, менежмент, багуудын бодит оролцоо, сургалт, тэвчээр шаарддаг тул ганц бодлогоор амжилт олохгүй.
HR HAAAAACK
2026 онд Хүний нөөцийн салбарыг тодорхойлох 4 тренд /2-р хэсэг/

Өмнөх дугаарт энэ онд AI хүний нөөцийн салбарт хэрхэн нөлөөлөх талаар дурдсан билээ. HR салбарыг энэ онд тодорхойлох дараагийн трендүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.
3. Хүний нөөцийн зах зээл тодорхойгүй байгаа ч ур чадвар давамгайлсаар хэвээр байна
McLean & Co.-ийн сүүлийн үеийн судалгаагаар, шинээр гарч буй HR чиг хандлагуудаас ур чадварт суурилсан ажилд авах арга барил нь хамгийн өндөр хэрэгжүүлэлттэй, ирээдүйд ч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга барилаар тодорчээ. Мөн судалгаанд оролцогчдын 54% нь хиймэл оюун ухаанд хамаарах ур чадварыг дээшлүүлэх нь байгууллагад өндөр нөлөө үзүүлнэ гэж үзэж буй ч, өнгөрсөн оны байдлаар зөвхөн 1% нь энэ төрлийн стратегийг хэрэгжүүлсэн байна.
Ур чадварт суурилсан арга барилыг хэрэгжүүлж эхлэхийн тулд HR баг ажилтнуудын одоо байгаа ур чадварын мэдээллийг дата аналитик ашиглан бүрдүүлж, ангилан жагсаах талаар бодох хэрэгтэй гэж Келлер зөвлөсөн байна. Судлаачид байгууллагууд хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг ашиглан өөрсдийн ур чадварын нөөцийн зураглалыг гаргах үед дагаж мөрдвөл зохих гурван шалгарсан практикийг санал болгожээ. Үүнд:
Байгууллагын ирээдүйн хүний нөөцийн бүтцийн зураг төслийг тодорхойлох
Орон нутгийн өгөгдлийн зохицуулалт болон ёс зүйн асуудлуудыг харгалзан үзэх
Хиймэл оюуны хязгаарлагдмал байдалд тэнцвэр бий болгохын тулд ажилтнуудыг өгөгдөл оруулах, гаргах явцад оролцуулах
Эдгээр алхмууд нь хиймэл оюуныг илүү хариуцлагатай, үр дүнтэй ашиглах үндэс суурь болдог.
4. Ажил олгогчид "соёлын доройтол"-той нүүр тулж байна
Сүүлийн нэг жилд ажлын орчны хурдацтай өөрчлөлтөд дасан зохицоход олон хүмүүст бэрхшээлтэй тулгарчээ. Зарим талаараа энэ өөрчлөлтүүд “удирдахад бэрхшээлтэй” хэмжээнд хүрсэн тул олон байгууллага “соёлын доройтол” буюу байгууллагын соёл суларч, бүдгэрсэн нөхцөлд гацсан гэж Gartner компанийн 2026 оны тайланд дурджээ.
Энэхүү соёлын доройтол нь ажлын бүтээмжтэй, идэвхтэй, чадвартай хамт олныг бүрдүүлэхэд саад болж, ажил олгогчдын хувьд хүндхэн сорил болж байна. Ажил олгогчид байгууллагын соёлыг сэргээж, эерэг өөрчлөлт хийхийн тулд менежерүүд ба ажилтнуудын хооронд илүү амьд харилцаа тогтоох орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж Yahoo компанийн Хүний нөөцийн захирал Лиза Мур онцолжээ.
Үүнийг хэрэгжүүлэх нэг арга нь тогтмол, чанартай уулзалтууд хийх юм. Эдгээр уулзалт нь менежер болон ажилтнууд хоёулаа бие биедээ зөвлөгөө өгч, санал хүсэлтээ илэрхийлэх боломжийг олгодог.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
