• Hey HR
  • Posts
  • БНСУ-д залуусын ажил эрхлэлт 2009 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн уналтад оржээ

БНСУ-д залуусын ажил эрхлэлт 2009 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн уналтад оржээ

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec

ДОТООДОД…

Нийт ажиллах хүчний 75 хувь нь уул уурхайн бус салбарт ажиллаж байна

Уул уурхайн бус салбар нь 2024 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 87 орчим хувь, нийт экспортын 7.2 хувийг бүрдүүлснийг Монголбанк мэдээллээ.

Нийт ажиллах хүчний 75 хувь нь тус салбарт ажиллаж байгаа бөгөөд сарын дундаж цалин нь уул уурхайн салбарынхаас 2.4 дахин бага байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 25 хувийг эзэлж, 94 мянга гаруй аж ахуйн нэгж тухайн салбарт үйл ажиллагаа явуулж, нэг сая гаруй ажиллах хүчинтэй байгааг тодотгов. 

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн экспортын орлогоос ихээхэн хамааралтай. Иймд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, экспортод ихээхэн анхаарал хандуулах шаардлага тулгарч буйг Монголбанк онцоллоо.

Нэг өрхийн сарын орлого дунджаар 1.9 сая төгрөгт хүрчээ

Нэг өрхийн сарын бодит орлого гуравдугаар улиралд дунджаар 1.9 сая төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 71.7 мянган төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Гэвч орлого өмнөх улирлаас 11.7 мянган төгрөгөөр буурч, өсөлт нь тогтвортой бус байгааг харуулж байна.

Орлогын бүтцэд цалин, хөлс голлох байр суурь эзэлж, 79,400 төгрөгөөр нэмэгдсэн бол хөдөө аж ахуйн орлого 9,400 төгрөгөөр өсжээ. Энэ нь өрхийн орлогын суурь эх үүсвэрүүд бага багаар сэргэж буйг илтгэж байгаа ч орлогын ахиц нь нийт зарлагын өсөлтөөс дээгүүр түвшинд хадгалагдаж байна.

Харин өрхийн зарлага гуравдугаар улиралд 1.9 сая төгрөгт хүрч, өмнөх улирлаас 42.8 мянган төгрөгөөр нэмэгджээ. Хүнсний бус бараа, үйлчилгээний зардал 84.4 мянган төгрөгөөр нэмэгдэж, тус өсөлтөд голлон нөлөөлсөн нь инфляцын дарамт үргэлжилсээр байгааг харуулж байна.

Ингэснээр орлого, зарлага хоёр бараг тэнцэж, дундаж өрхийн хадгаламжийн боломж улам хумигдаж эхэллээ. Урсгал зардлуудын тасралтгүй өсөлт нь иргэдийн бодит худалдан авах чадварыг бууруулж, амьжиргаанд дарамт нэмэгдүүлж байгаа нь статистик баримтаас тодорхой харагдаж байна.

ОЛОН УЛСАД…

БНСУ-д залуусын ажил эрхлэлт 2009 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн уналтад орлоо

БНСУ-д залуусын ажил эрхлэлт ноцтой доройтож, 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн удаан үргэлжилсэн уналтад ороод байна. Сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд, их дээд сургууль төгссөн ч 6 сараас дээш хугацаанд идэвхтэй ажил хайж буй 20, 30 насныхан 35,000-д хүрсэн нь 2024 оны 9-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тэдний 19,000 нь 25–29 насныхан бөгөөд энэ насны бүлэгт ихэвчлэн шинэ төгсөгчид багтдаг аж.

Залуучуудын дунд урт хугацаанд ажилгүйдэл нэмэгдэх болсон шалтгааныг шинжээчид ажил хайгчдын хүлээлт, шаардлага болон хөдөлмөрийн зах зээлд байгаа ажлын байрны зөрүүтэй уялдуулан тайлбарлажээ. Мөн 11-р сарын 5-нд Өгөгдлийн яамнаас гаргасан эдийн засгийн идэвхгүй, цалин хөлсгүй ажилчдын талаархи нэмэлт судалгаагаар, 15-29 насны ажил эрхлэхгүй, ажил хайгаагүй байгаа залуусын 34.1 хувь нь “хүссэн ажлаа олоход хүндрэлтэй” хэмээн гол шалтгаанаа дурдсан байна.

Залуучуудын ажилгүйдэл урт хугацаанд үргэлжилж, бүтцийн хямрал болж болзошгүй гэх болгоомжлол нэмэгдэж байна. БНСУ-ын Төв банкны (BOK) мэдээлснээр, өөрийн хүслээр бус ажилгүй болсон залуусын бараг 90 хувь нь нэг жилийн дотор дахин ажиллах хүсэлтэй байдаг. Харин нэг жилийн дараа энэ үзүүлэлт ойролцоогоор 50 хувь болж буурдаг аж.

Мөн өнгөрсөн сард Төв банкнаас гаргасан “Хиймэл оюун ухааны тархалт ба залуучуудын ажил эрхлэлтийн хумигдал” нэртэй тайланд дурдсанаар, 2022 оны хоёрдугаар хагасаас 2025 оны эхний хагаст нийт 211,000 анхан шатны ажлын байр алдагджээ. Тэдгээрийн 98.6 хувь буюу 208,000 нь хиймэл оюун ухааныг хурдацтай, өргөн хүрээнд нэвтрүүлж буй салбаруудад хамааралтай байв.

Ажил олгогчдын туршлагатай ажилтныг илүүд үзэх хандлага ихсэж байгаа нь их, дээд сургууль төгсөгчдийн хувьд ажил олох боломжийг улам хязгаарлаж байна. Залуучуудын ажил эрхлэлтийн түвшин өнгөрсөн сард 44.6 хувьтай байсан нь өмнөх оны мөн үеэс 1 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ нь 2024 оны тавдугаар сараас хойш 18 сар дараалан буурч буй үзүүлэлт бөгөөд 2009 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн удаан үргэлжилсэн бууралт болж байна.

Сүүдрийн AI хэрэглээ газар авч, удирдлагууд гол хэрэглэгч нь болжээ

UpGuard компанийн шинэ тайланд дурдсанаар, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн бараг 90 хувийг багтаасан судалгаагаар тэдний 80 гаруй хувь нь зөвшөөрөөгүй хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ажил дээрээ ашигладаг нь тогтоогджээ.

Уг судалгаагаар нийт ажилтнуудын дөрөвний нэг орчим нь хиймэл оюун ухааны хэрэгслүүдээ “хамгийн итгэж найддаг мэдээллийн эх сурвалж” хэмээн үздэг гэв.  Энэ нь тэдний менежерийн итгэлцэлтэй бараг ижил түвшинд, хамт олон болон хайлтын системүүдээс илүү өндөр аж. “Хиймэл оюун ухааны хэрэгслийг хамгийн итгэж найддаг мэдээллийн эх сурвалж гэж үздэг ажилтнууд зөвшөөрөлгүй AI хэрэгслүүдийг өдөр тутмын ажлын урсгалдаа ашиглах хандлага илүү өндөр байдаг, хэмээн UpGuard дурджээ.

Олон салбарт "сүүдрийн мэдээллийн технологи"-ийн асуудалтай байгаа бөгөөд санхүү, мэдээллийн технологи, үйлдвэрлэл, эрүүл мэнд зэрэг салбаруудад ажилтнуудын дийлэнх нь хиймэл оюун ухааны зөвшөөрөөгүй хэрэгслийг үе үе эсвэл тогтмол ашигладаг гэж мэдүүлжээ. Дунд шатны менежерүүд болон доод түвшний ажилтнууд нийт дундаж "сүүдрийн AI" ашиглалтаараа хамгийн өндөр хувьтай байсан бол, гүйцэтгэх удирдлагууд үүнийг тогтмол ашигладаг байдлаараа тэргүүлжээ.

Энэхүү тайлан нь аюулгүй байдлын талаарх сургалт дангаараа кибер аюулаас сэргийлэхэд хангалтгүй болохыг харуулж байна. Мөн “Ийм сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай болгохын тулд шинэ хандлага шаардлагатай” хэмээн дурджээ.

HR MOMENT

Кейс судалгаа: Meta компани "Learning Fridays" санаачлагаар тасралтгүй хөгжлийн соёлыг бий болгосон нь

📌 Нөхцөл байдал:
Meta компанид ажилтнуудын ажлын ачаалал өндөр, тасралтгүй гүйцэтгэл шаардах орчин давамгайлж байв. Инноваци, туршилт, ур чадварын хөгжил нь өдөр тутмын ажлын шахалтаас болоод хоёрт орж, ажилтнууд шинэ ур чадвар эзэмших, бүтээлч санаа турших цаггүй болжээ. Энэ нь:

  • Бүтээлч санаа гарах давтамж буурах,

  • Ажилтнуудын мэргэжлийн өсөлт удаашрах,

  • Урт хугацаанд өрсөлдөх чадвар сулрах эрсдэл үүсгэв.

💡 Шийдэл: "Learning Fridays" буюу хөгжилд чиглэсэн тусгай өдөр
Meta компани сар бүрийн нэг Баасан гарагийг ажилтнуудын хөгжлийн өдөр болгон зарлаж, Learning Fridays хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ өдөр:

  • Ажилтнууд үндсэн ажлаасаа түр завсарлаж шинэ ур чадвар сурах, сургалтад хамрагдах боломжтой;

  • Багууд хоорондын хамтарсан туршилт, прототип бүтээх, шинэ санаа тестлэх боломж нээгдсэн;

  • Мэргэжлийн өсөлтөд чиглэсэн сургалт, лекц, mentoring сессүүдийг зохион байгуулдаг;

  • Удирдлагууд ажилтнуудын "хөгжлийн өдөр"-ийг дэмжиж, уулзалтуудыг товлодоггүй болсон.

📈 Үр дүн:

  • Инновацийн үзүүлэлтүүд өсөж, шинэ санааны туршилтын тоо нэмэгдсэн.

  • Ажилтнуудын идэвх, оролцоо, сэтгэл ханамж сайжирсан.

  • Компанийн дотоод мэдлэг хуваалцах соёл бэхжиж, багууд хоорондын хамтын ажиллагаа нэмэгдсэн.

  • Ажилтнууд ур чадварын хувьд илүү хурдан хөгжиж, карьерын өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн.

🔍 HR сургамж:
Meta-ийн туршлагаас харахад ажилтнуудын ур чадварын өсөлтөд тогтмол цаг гаргаж өгөх нь инновац, бүтээлч сэтгэлгээ, байгууллагын өрсөлдөх чадварыг урт хугацаанд тогтвортой дэмждэг. Хөгжилд зориулагдсан тусгай өдөр нь урам зоригийг нэмэгдүүлэх хүчтэй хэрэгсэл юм.

HR HAAAAACK

💭Санал бодлоо солилцох долоо хоног

Ажилтнууд бие биенээ хүлээн зөвшөөрөхөд тусалж, итгэлцлийг нь бэхжүүлээрэй.

Энэ долоо хоногт хэрэгжүүлэх шинэ санаа: Ажилтнуудыг хос болгон хуваарилж, бие биендээ нэг сайшаал хэлэхийг уриалаарай. Энэ нь албан ёсны үнэлгээ биш. Харин:

“Таны ажлын энэ хэсгийг би үнэлдэг…”
“Та үүнийг маш сайн хийдэг гэж би анзаарсан…”
“Та тэр үед үнэхээр их тусалсан…” гэх мэт энгийн, чин сэтгэлийн үг байхад л хангалттай.

Яагаад чухал вэ?

Эргэх холбоотой санал хүсэлтийн соёлыг улам бүр хэвшүүлэх зорилготой. Ажилтнууд бие биенийгээ үнэлж, үнэлэгдэж буйгаа мэдрэх нь хамт олны уур амьсгалыг эерэг болгодог. Ингэснээр итгэлцэл гүнзгийрч, багийн харилцаа холбоо сайжирна.

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.