- Hey HR
- Posts
- Ажлын 4 өдөртэй болон Их Британийн бодлого
Ажлын 4 өдөртэй болон Их Британийн бодлого

Hey HR! Энэ жил бид шинэ дугаараараа олон шинэ мэдээлэл, сонирхолтой булангуудтай эргэн уулзаж байна.
ДОТООДOД…
Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох мэдээ, мэдээлэл болон дотоодын компаниудын хэрэгжүүлж буй хүний нөөцийн сайн туршлагуудаас хүргэж байна.
Манай улсын хөдөлмөрийн зах зээл 85 мянган ажиллах хүчнээр дутаж байна
ГБХНХЯ-аас гаргасан судалгаагаар дотоодын хөдөлмөрийн зах зээлд 85 мянган ажлын байр эзнээ хүлээж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Сүүлийн 10 жилийн хувьд улсын хэмжээнд ажиллах хүчний эрэлт 52.0 мянгаас 95.0 мянгын хооронд хэлбэлзэж, дунджаар 76.2 мянга байсан бол 2025 оны хувьд энэ үзүүлэлт 85 мянга болжээ.
УИХ-ын ирэх хаврын чуулганаар татварын хуульд өөрчлөлт орвол хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлт нь 2 жилийн дараа гарна гэсэн хүлээлт нийгэмд байна.
Оюу толгой компанийн Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөрийн энэ оны шалгаруулалтад 29 шинэ төгсөгч сонгогджээ
2010 оноос хойш хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын бодит туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, мөн туршлагатай зөвлөхүүдийн тусламжтайгаар мэргэшүүлэх замаар Монголын шилдэг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой аж.
Голомт банк 75 шилдэг ажилтнаа Тайланд улсад аялах эрхээр шагнажээ
2024 онд ажил үйлсээрээ манлайлан ажилласан 75 ажилтнаа “Гадаадад аялах эрх”-ээр шагнасан бөгөөд Тайланд улсын Паттаяа, Бангкок хотуудаар хоёр ээлжээр 7 хоногийн турш аялжээ.

ОЛОН УЛСАД…
Их Британийн 200 компани ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг хэрэгжүүлж байна. Уг бодлогыг хоёр жилийн хугацаанд туршсаны үр дүнд бүрэн суулгаж, хадгалж үлдэхээр болжээ. Ингэснээр тус компаниудын 5000 орчим ажилтан цалингийн бууралтгүй, долоо хоногт нэг хоног илүү амрах хуваариар ажиллаж байна.
“4 Day Week” сангийн кампанит ажлын захирал Жо Райл “9-5, таван өдөртэй ажлын долоо хоног 100 жилийн өмнө үүссэн бөгөөд одоо бидний зорилгод нийцэхээ больсон. Бид шинэчлэлт хийх цаг нь аль хэдийн болсон" гэжээ.
“Spark Market Research”-ийн судалгаагаар Их Британид 18-34 насны хүмүүсийн 78 орчим хувь нь ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг таван жилийн дараа гэхэд хэвшил болно гэж үзэж байгаа бол 65 хувь нь оффист бүтэн цагаар ажиллахыг хүсэхгүй байгааг тогтоосон байна.
Ирланд, Австрали, Шинэ Зеланд, Герман, Португал, Бразил, АНУ, Канад зэрэг дэлхийн компаниуд мөн ажлын 4 өдрийг туршиж, бүгд ижил төстэй эерэг үр дүнд хүрчээ.
Нэмж дурдахад 2022 онд АНУ-ын ажил олгогчдын 14 хувь нь ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг санал болгож байсан бол өнгөрсөн онд 22 хувь болж өссөн байна.

HR MOMENT
Кейс судалгаа: Эдийн засгийн тодорхойгүй байдлын үед ажилчдын бүтээмжийг удирдах
Нөхцөл байдал
Зүүн өмнөд Азийн жижиглэнгийн худалдааны дунд хэмжээний компани эдийн засгийн гэнэтийн уналттай тулгарч, орлого нь буурчээ. Зардлаа хянахын тулд тус компани цалингийн нэмэгдэл, урамшууллыг зогсоосон нь ажилчдын урам зориг, бүтээмжийг бууруулав.
Гол асуудлууд
Оролцоо багасах: Санхүүгийн тодорхойгүй байдлаас үүдэн ажилчдын эрч хүч буурав.
Ажил таслалт ихсэх: Зарим ажилчид илүү өндөр цалинтай ажил хайж эхэлснээр ажил таслалт нэмэгдэв.
Үйлчилгээний чанар буурах: Үйлчлүүлэгчидтэй шууд харилцдаг ажилтнуудын оролцоо багасаж хэрэглэгчдийн сэтгэл ханамж 15 хувиар буурав.
Шийдэл:
Цалин нэмэх боломжгүй тул хүний нөөцийн баг мөнгөн бус урамшуулал, ил тод байдал, ажилчдынхаа амжилтыг бусдад таниулах зэрэгт төвлөрсөн дараах олон давхаргат оролцооны стратеги боловсруулжээ.
Дотоод харилцаа холбоог бэхжүүлсэн: Удирдлагууд санхүүгийн шийдвэрүүдээ тайлбарлаж, ажилчдаа асуудал шийдвэрлэх явцад татан оролцуулан, ил тод харилцах уулзалтуудыг эхлүүлсэн.
Мөнгөн бус урамшууллыг нэвтрүүлсэн: Ажилчдад албан тушаал ахихад туслах ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор карьер хөгжүүлэх семинаруудыг эхлүүлжээ. Өндөр гүйцэтгэлтэй ажилчдад нэмэлт цалинтай амралтын өдөр олгосон.
Ажилчдын амжилтыг таниулах хөтөлбөр: "Онцлох шагнал"-ын системийг нэвтрүүлж, ажилчид нь хамт ажиллагсдынхаа ажлын гүйцэтгэлийг үнэлж, нэр дэвшүүлэх боломжтой болсон. Шилдэг ажилчдаа үдийн цайны эрхийн бичиг, ажлын хуваариа хамгийн түрүүнд сонгох гэх мэт жижиг урамшууллаар шагнажээ.
Ажилчдын эрүүл мэнд болон оролцоог дэмжсэн: Хүний нөөц болон хөндлөнгийн зөвлөхүүдээр удирдуулсан стрессийн менежмент, сэтгэцийн эрүүл мэндийн хичээлүүдийг нэмжээ. Компанийн бүтээгдэхүүний ажилчдын хөнгөлөлтийг нэмэгдүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
Үр дүн:
Ажил таслалт 30%-иар буурч, ажилчид цалингийн нэмэгдэлгүйгээр компанидаа илүү үнэлэгдэж буйгаа мэдэрч чадсан байна.
Ажилчдын оролцоо нэмэгдэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж 20 хувиар ихэсжээ.
Ажлаас гарах үзэгдэл 15 хувиар буурч, шинэ ажилтан шалгаруулан авах зардлыг бууруулав.
Гол сургамж:
Эдийн засгийн хүндрэлтэй үед ч компаниуд ил тод харилцаа, мөнгөн бус урамшуулал, ажилчдын амжилтыг таниулах хөтөлбөрт анхаарлаа хандуулснаар ажилчдын бүтээмж, оролцоог тогтвортой байлгаж чадна.
/Энэхүү кейс нь зохиомол бөгөөд HR-ийн шилдэг туршлагад тулгуурлан боловсруулав./

НR HAAAAAACK
Долоо хоног дундаа ороод л ядарч эхлээд Баасан гаргийг хүлээдэг л биз дээ? Энэ үеийн ядралтыг хамт олноороо үр бүтээмжтэй даван гарах зөвлөгөөг хүргэж байна.
Долоо хоногийн нэг өдрийг ямар ч хурал, уулзалтгүйгээр зөвхөн урдах ажилдаа төвлөрч өнгөрөөвөл ямар вэ? Тэр тусмаа Лхагва гарагт энэ өдрөө товловол долоо хоногийг ачаалал багатай давах боломжтой юм.
2022 онд хийгдсэн 50 улсын 76 компани, 1000 ажилтныг хамруулсан судалгаагаар долоо хоногт хоёр өдрийг хурал, уулзалтгүй өдөр болгон хэвшүүлснээр дараах үр дүнгүүд гарсан байна.
Анхаарал төвлөрөлт сайжирч, ажлын бүтээмж нь 71 хувиар өсжээ.
Бусдын биш өөрсдийн хуваариар ажлаа зохицуулах нь давуу тал болж, хийх ёстой ажлууддаа илүү хариуцлагатай хандаж, сэтгэл ханамж нь 52 хувиар ихэсжээ.
Ажилтнууд хурлыг өөрсдөдөө тохирсон хугацаанд ганцаарчилсан уулзалтаар сольж, дотоод харилцаагаа төслийн менежментийн хэрэгслүүдийг ашиглан сайжруулжээ. Ингэснээр стресст өртөх эрсдэл нь 57 хувиар буурч, ажилчдын сэтгэл зүй, бие бялдар, оюун санааны байдал сайжирсан байна.
"Уулзалтгүй Лхагва гараг"-ийг нэг сарын хугацаанд туршаад үзээрэй. Сарын төгсгөлд ажилчдаас богино судалгаа аван үргэлжлүүлэх эсвэл өөрчлөлт оруулах эсэхээ шийдэх боломжтой.

SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.