- Hey HR
- Posts
- Amazon дунд шатны менежерүүд халжээ.
Amazon дунд шатны менежерүүд халжээ.

Hey HR! Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн онцлох мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДOД…
Энэ онд 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчдын тоо 8 хувиар өсжээ.
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөг, харин голч цалин 2.2 сая төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин Улаанбаатар хотод 2.8 сая төгрөг байна. Түүнчлэн 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн дүнд эзлэх хувь 8.1 нэгж хувиар өссөн бол 550.0 мянган төгрөг хүртэлх цалинтай даатгуулагчийн хувь 7.8 нэгж хувиар буурчээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагчдыг салбараар нь харвал,
15 хувь нь боловсролын салбарт
14 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ
10 хувь нь төрийн удирдлага, батлан хамгаалах салбарт
9 хувь нь боловсруулах үйлдвэрлэл
6.3 хувь нь барилга
6.3 хувь нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт
34 хувь нь бусад салбарт ажиллаж байгаа нийгмийн даатгал төлөгчид эзэлж байна.

ОЛОН УЛСАД…
2030 он гэхэд 170 сая ажлын байр шинээр бий болно.

Ердөө тавхан жилийн дараа хөдөлмөрийн зах зээлд 170 сая ажлын байр шинээр бий болж, 92 сая ажлын байр AI, автоматжуулалттай холбоотойгоор орлуулагдах аж. Оффис, захиргааны ажилтнуудын ажлын байр нийт тоон дүнгээр хамгийн их буурах төлөвтэй байна. Үүнд:
❌ Кассчид, тасалбар борлуулагчид
❌ Захиргааны туслах ажилтнууд, гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар багтана.
Мөн хамгийн хурдтай буурах төлөвтэй ажлын байранд дараах мэргэжлүүд:
❌ Шуудангийн үйлчилгээний ажилтнууд
❌ Банкны теллерүүд
❌ Мэдээлэл оруулах операторууд багтаж байна.
👷🏽♂️Frontline ажлын байрууд нийт тоон дүнгээр хамгийн их өсөх төлөвтэй бөгөөд үүнд дараах мэргэжлүүд багтана:
Хөдөө аж ахуйн ажилчид
Хүргэлтийн жолооч нар
Барилгын ажилчид
Борлуулалтын ажилтнууд
Хүнсний үйлдвэрлэлийн ажилчид
👩🏻⚕️Мөн асаргаа, халамжийн салбарын ажлын байр ойрын таван жилд эрчимтэй өсөх төлөвтэй байна. Үүнд:
Сувилахуйн мэргэжилтнүүд
Нийгмийн ажил, зөвлөгөө өгөх мэргэжилтнүүд
Хувийн арчилгаа, асаргаа үзүүлэгчид
🤖 Технологитой холбоотой ажлын байрууд хамгийн хурдтай өсөх төлөвтэй байна. Үүнд:
Их өгөгдлийн шинжээчид
Санхүүгийн технологийн инженерүүд
Хиймэл оюун ухаан болон машин сургалтын мэргэжилтнүүд
Программ хангамж, аппликейшн хөгжүүлэгчид
♻️Мөн ногоон болон эрчим хүчний шилжилттэй холбоотой ажлын байрууд хамгийн хурдтай өсөн нэмэгдэх ажлын байрны тоонд багтаж байна. Үүнд:
Цахилгаан болон автоматжуулсан тээврийн хэрэгслийн мэргэжилтнүүд
Байгаль орчны инженерүүд
Сэргээгдэх эрчим хүчний инженерүүд
Amazon -н CEO Энди Жасси дунд шатны менежерүүдээ халжээ.
Amazon-н хүний нөөцийн ирээдүйн бодлого аль ч шатанд ажиллаж байгаа ажилтнууд өөрсдөө ажлаа хянадаг, өөрийнхөө удирдлагаар ажиллахад чиглэж байна.
Энди Жасси яриандаа “Дунд шатны менежерүүд бүх зүйл рүү хошуу, хуруугаа дүрдэг ч төдийлөн оновчтой байдаггүй тул компанид нь дунд шатны менежерүүд байх шаардлагагүй” хэмээсэн.
Энди Жассигийн зардал танах арга хэмжээ аль хэдийн үр дүнгээ өгчээ. Amazon зургаан улирал дараалан өндөр ашигтай ажилласан бөгөөд өнгөрсөн жил компанийн хувьцаа 42%-иар өссөн байна.
HR MOMENT
Кэйс судалгаа: Amazon-ийн "Career Choice" хөтөлбөр

📌 Нөхцөл байдал:
Amazon нь олон тооны агуулах, хүргэлтийн ажилтнуудтай бөгөөд эдгээр ажилтнуудын дунд карьерын өсөлтийн боломж хязгаарлагдмал байжээ. Урсгал ихтэй ажлын байранд ажилтнуудын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байв. Тиймээс ирээдүйд эрэлттэй байх салбаруудын ур чадварыг ажилтнууддаа эзэмшүүлэхийг зорьсон.
💡 Шийдэл:
Amazon 2012 оноос эхлэн "Career Choice" боловсрол, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Эрх бүхий цагийн ажилтнууд 90 хоног ажилласны дараа өргөдөл явуулан хөтөлбөрт элсэх боломжтой аж. Уг хөтөлбөрөөр дэлхий даяарх 400 гаруй боловсролын байгууллагад суралцах боломжтой бөгөөд ажилтнуудын янз бүрийн сургалтын хэрэгцээг хангах дөрвөн үндсэн хэсгээс бүрддэг:
1. Их, дээд сургууль- Associate зэрэг, бакалаврын зэрэг болон сертификатын хөтөлбөрүүдийн сургалтын төлбөрийг урьдчилан бүрэн төлнө.
2. Мэргэжлийн чиглэлүүд- Технологи, эрүүл мэнд, тээвэр, механик болон аж үйлдвэрийн систем, бизнес, удирдлага зэрэг өндөр эрэлттэй салбаруудад зориулсан салбарын сертификат олгох сургалтууд.
3. Суурь боловсрол- Англи болон бусад орон нутгийн хэлний сургалт, ахлах сургуулийн төгсөлтийн болон GED хөтөлбөрүүд
4. Ментор, зөвлөгөө - “Kaplan”-тай хамтран ажиллаж, ажилчдад карьер төлөвлөлт, коллежийн зөвлөгөө, мэргэжлийн чиглэлийн тусгай зөвлөгөө өгөх зэрэг багтана.
📊 Үр дүн:
Өнөөдрийг хүртэл дэлхий даяар 200,000 гаруй ажилтан энэ хөтөлбөрт хамрагджээ.
Хөтөлбөрийн төгсөгчдийг Amazon экосистемийн чухал салбаруудад ажилд ороход дэмжсэн.
Агуулахын ажилчдын ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх хугацаа, хадгалах түвшин, ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн.
Ажилтнууд уг хөтөлбөрөөр дамжуулан программ хангамжийн инженер, кибер аюулгүй байдлын шинжээч, эмнэлгийн туслах зэрэг шинэ мэргэжлүүдэд амжилттай шилжиж байна.
💡 Дүгнэлт:
Amazon-ийн "Career Choice" хөтөлбөр нь ажилтнуудын мэргэжлийн өсөлтийг дэмжиж, илүү тогтвортой, ур чадвартай ажиллах хүчийг бүрдүүлэх зорилготой урт хугацааны хөрөнгө оруулалт юм.
НR HAAAAAACK
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг “Ирээдүйн ажлын байр 2025” тайланд дурдагдсан ирэх таван жилийн HR чиг хандлагатай танилцаж, өөрчлөлтөд бэлдье! Хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтөд түрүүлж хариу үзүүлэх нь өрсөлдөх чадвараа хадгалах гол түлхүүр болох юм.🚀

HR-ийн тэргүүлэх чиглэл – Ур чадварын зөрүүг арилгах, ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлэх
Ур чадварын зөрүү гэдэг нь ажил олгогчдын шаарддаг ур чадварууд болон ажил хайгчид, одоогийн ажилтнуудын эзэмшсэн ур чадваруудын хоорондын зөрүүг хэлнэ. Энэ нь технологийн хурдацтай хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт зэргээс үүдэлтэй. Ажил олгогчдын 63% нь үүнийг ирэх таван жилийн гол сорилт гэж тодорхойлжээ. Үүнтэй уялдуулан, ажил олгогчид дараах стратегиудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна:
85% нь ажилтнуудаа ур чадварын сургалтад хамруулахыг тэргүүлэх чиглэлээ болгоно.
70% нь шинэ ур чадвартай ажилтнуудыг ажилд авах төлөвтэй.
40% нь ажилтнуудын ур чадвар хуучирснаас болж ажлын байраа цөөлөх магадлалтай.
50% нь ажлын байр буурч буй салбарын ажилтнуудаа шинэ ажлын байранд шилжүүлэх төлөвлөгөөтэй байна..
Ажиллах хүчийг татах гол стратеги – Ажилтнуудын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих
Судалгаанд оролцсон ажил олгогчдын 64% нь дээр дурдсан стратегийг авьяаслаг ажилтнуудыг татах гол арга гэж үзэж байна. Тиймээс илүү уян хатан ажлын цаг, hybrid ажлын горим нэвтрүүлэх, сэтгэл зүйн дэмжлэг, ажилтнуудын стрессийн менежментийн хөтөлбөрүүд санал болгох зэрэгт анхаараарай. Түүнчлэн,
Үр дүнтэйгээр шинэ болон үндсэн ур чадвар хөгжүүлэх хөтөлбөрүүд.
Ажилтнуудын хөгжил, албан тушаал дэвших боломжийг сайжруулах нь ажиллах хүчийг татах өндөр магадлалтай байна.
AI ба автоматжуулалт – Ажлын байрны бүтэц өөрчлөгдөнө
Ажил олгогчдын 50% нь хиймэл оюун ухааны нөлөөгөөр бизнесийн чиглэлээ өөрчлөхөөр төлөвлөж байна.
66% нь AI ур чадвартай ажилтнуудыг ажилд авна.
40% нь хиймэл оюун ухаанаар автоматжуулах боломжтой ажлын байрыг цөөлөх магадлалтай байна.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
⏳ Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.