• Hey HR
  • Posts
  • 👨‍💻 30-60-90 хоногийн onboarding төлөвлөгөө

👨‍💻 30-60-90 хоногийн onboarding төлөвлөгөө

Hey HR! Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.  

ДОТООДOД…

Тав хоногийн дараа хөдөлмөрийн хөлсний шинэ доод хэмжээг мөрдөж эхэлнэ 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс 792,000 төгрөг болж өөрчлөгдөнө. Харин шимтгэл төлөх хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байх юм. Тэгвэл сайн дураараа нийгмийн даатгал төлөгчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792000 төгрөгөөс тооцож сар бүр 106920 төгрөг төлөх аж. 

ОЛОН УЛСАД…

АНУ дахь программ хангамж хөгжүүлэгчдийг ажилд авах "тэсрэлт" дууслаа 

Программ хангамж хөгжүүлэлтийн ажлын зарууд 2021 ба 2022 онд огцом өссөн билээ. Үүнийг эдийн засгийн сэргэлт болон старт-ап санхүүжилтийн өсөлттэй холбон тайлбарладаг. 

Харин 2023 онд эдийн засгийн тодорхойгүй байдал, цомхотголууд, хөрөнгө оруулалтын бууралт зэргээс шалтгаалан уг мэргэжлийн эрэлт огцом буурч эхэлжээ. Одоо ажлын зарууд цар тахлын өмнөх түвшнээс доошилж, программ хангамж хөгжүүлэгчдэд хүнд нөхцөл үүсээд байна. Энэхүү ажлын байр буурахад нөлөөлсөн зарим хүчин зүйлс: 

🤖 Бүтээмжийг нэмэгдүүлэх хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийн хэрэгслүүдийн өргөн хэрэглээ 

📉 Эдийн засгийн тодорхойгүй байдал, цомхотгол 

⌨️ Технологийн компаниуд байгууллагын тэлэлтээс илүү бүтээмжид анхаарал хандуулж эхэлсэн явдал 

Hybrid ажлын горим нь эмэгтэйчүүдийн карьерт эерэг нөлөө үзүүлж байна 

“International Workplace Group”-ийн шинэ судалгаа hybrid ажлын хэлбэр нь хүйсийн тэнцвэрийг хангах, эмэгтэйчүүдийн карьерын өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болохыг харуулж байна. 

Судалгаанд оролцогчдын 71% нь ажилтнуудаа төв оффис, орон нутгийн ажлын байр, гэр гэсэн олон байршилд ажиллах боломж олгодог hybrid ажлын загвар нь тэдний карьерын өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн гэжээ.  

1,000 гаруй эмэгтэй ажилтныг хамарсан энэхүү судалгаагаар hybrid ажлын хэлбэр нь ажил байранд эмэгтэйчүүдийг дэмжихэд эцэг эхийн чөлөөнөөс бараг хоёр дахин чухал гэсэн байна. 

👩‍💼 Эмэгтэйчүүдийн 56% нь hybrid ажлын хэлбэр нь тэднийг ахлах түвшний албан тушаалд дэвшихэд нөлөөлсөн гэж хариулсан бол 52% нь уян хатан байдал нь карьер өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзжээ. 

HR MOMENT

Кэйс судалгаа: IBM компанийн “Your Learning” платформ –  Хувь хүний онцлогт тохирсон, хиймэл оюунд суурилсан ур чадвар хөгжүүлэлт.

📌 Нөхцөл байдал

Технологийн маш хурдтай хөгжлийн үр дүнд шинэ ур чадварын эрэлт нэмэгдэж, ур чадварын зөрүү үүсээд байв. IBM нь  дэлхий даяар салбартай, олон мянган ажилтантай томоохон компани тул уламжлалт сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд үр дүн муутай байжээ. 

💡 Шийдэл: 

IBM нь 2020 онд хиймэл оюун ухаанд суурилсан экосистем бүтээж, хүний нөөцийн үйл ажиллагаандаа AI ашигласан анхдагч компаниудын нэг болжээ.  “Your Learning” сургалтын платформ нь ажилтан тус бүрийн албан тушаал, зорилго, гүйцэтгэлийн үнэлгээ, сургалтын түүх дээр тулгуурлан дараах зүйлсийг санал болгодог. Үүнд: 

  • Дотоод болон гадаад платформын сургалтууд,

  • Богино хугацааны төслүүд,

  • Дотоодын менторуудтай холбох,

  • Карьерын замнал болон ирээдүйд шилжиж боломжтой ажил үүргүүд 

📈 Платформын гол онцлогууд: 

  • Netflix-тэй адил ухаалаг, автомат сургалтын санал

  • Тухай бүрд нь ур чадварын зөрүүний анализ гаргах

  • Гүйцэтгэлийн үнэлгээ, карьер хөгжлийн зорилттой уялдуулсан сургалт

  • Тоглоомын элементүүд ашигласан өсөлт, хөгжлийн хяналт болон урамшуулал

📊 Үр дүн: 

✔ IBM-ийн ажилтнуудын 87% нь уг платформоор дамжуулан бие даан суралцсан 

✔ Ажилтнуудын дундаж сургалтын цаг хоёр дахин ихэссэн 

✔ Дотоод шилжилт, тушаал дэвшилт нэмэгдсэн – Техникийн бус албан тушаалтай ажилтнууд AI, өгөгдлийн шинжилгээ зэрэг техниктэй холбоотой ажлуудад шилжиж эхэлсэн 

✔ Шинэ ажилтан ажилд авахын оронд дотооддоо сургаж, шилжүүлэх замаар зардлаа хэмнэсэн 

✔ Энэхүү платформ нь бусад Fortune 500 компаниудад сургалт, хөгжлийн шийдлийн загвар жишээ болж чадсан 

🔍 Дүгнэлт 

Энэхүү кэйс нь “Хувь хүний онцлог + автоматжуулалт = илүү үр дүнтэй хөгжлийн систем” гэсэн зарчмын амжилттай жишээ юм. IBM асуудлыг хүлээгээд суухын оронд, өгөгдөл дээр суурилан ур чадварын зөрүүг урьдчилан нөхөж чаджээ. 

НR HAAAAAACK

👨‍💻 30-60-90 хоногийн onboarding төлөвлөгөө 

Энэ удаагийн дугаарт шинэ ажилтнуудынхаа ажлын гарааг нь эергээр эхлүүлж, хамгийн богино хугацаанд бүтээмжтэй ажиллахад нь чиглүүлэх зорилготой шат дараатайгаар хэрэгжүүлэх 90 хоногийн төлөвлөгөөг танилцуулъя. 

🗓 Эхний 30 хоног — Суралцах үе шат 

Шинэ ажилтны анхны 30 хоног бол хамгийн их гарын авлага хэрэгтэй, хамгийн их чиглүүлэг шаарддаг үе юм. Энэ үе шатад дахин ашиглах боломжтой onboarding элементүүдийг бэлдэхэд хамгийн тохиромжтой. Жишээлбэл: 

  • Угтах презентаци

  • Ажилтны гарын авлага

  • Багийн хамт олонтой танилцах уулзалт, багийн үдийн хоол

  • Онлайн орчинд зориулсан интерактив оршил сургалтууд 

🗓 30-60 хоногийн үе шат — Идэвхтэй оролцох үе 

Энэ үе шатанд 30 хоногт хуримтлуулсан мэдлэгийг бодитоор ашиглаж, төслүүдэд идэвхтэй оролцож, өөрийн санаа бодлыг илэрхийлэх чадвар нь нэмэгдэнэ. Ингэснээр ажилд орсон эхний өдөр танилцуулсан үүрэг хариуцлагын хүрээнд ахиц гаргаж эхлэх боломжтой болно. Энэ үеэс төлөвлөгөө нь тухайн ажилтны оролцож буй хэлтэс, хувь хүний онцлог болон ажлын туршлагын түвшнээс хамааран ялгаатай хөгжиж эхэлдэг. 

🗓 60-90 хоногийн үе шат — Бие даасан гүйцэтгэлийн эхлэл 

Энэ үе шат нь бие даасан байдалд илүү их анхаардаг тул төлөвлөгөөний энэ хэсэг уян хатан, хувь хүнд тохируулах шаардлагатай. Энэ шатанд гарах өөрчлөлтүүд: 

  • Шинэ ажилтан өөрийн туршлагаа ашиглан хувь нэмэр оруулж эхэлнэ.

  • Шинэ баг удирдах, эсвэл төслийн баг бүрдүүлэх үүрэгтэй байж болно.

  • Алдаа гаргах магадлал байсаар л байна — энэ бол хэвийн зүйл.

  • Хариуцлагын түвшин илүү өндөр болж, цаашид энэ нь улам өснө.

Эцэст нь, таны onboarding туршлагыг илүү үр дүнтэй болгоход туслах hack-уудыг танилцуулъя. 

🎯 30, 60, 90 хоногийн шат бүрд ажилтны үүрэг, компанийн зорилгод нийцсэн тодорхой, хэмжих боломжтой зорилтууд гаргах

🗓 Менежер, ментор, HR, шинэ ажилтан, мөн карьер хөгжлийн мэргэжилтэнтэй 1:1 уулзалтуудыг тогтмол төлөвлөх 

🪞 Шинэ ажилтнаа өөрийн ахиц дэвшлээ эргэцүүлж харах, хувийн болон мэргэжлийн зорилт тавих урам өгөх 

🌟 Амжилтыг нь тэмдэглэх, хүлээн зөвшөөрөх - Тодорхой зорилт биелүүлсэн мөч бүрийг тэмдэглэх 

🛠 Сэтгэгдэл дээр үндэслэн onboarding  төлөвлөгөөг шинэчлэх 

💻Технологи ашиглах - Onboarding платформууд, сургалтын удирдлагын систем ашиглан сургалтын явцыг хянан удирдах

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.