• Hey HR
  • Posts
  • Cisco ажилтнуудынхаа оролцоог нэмэгдүүлсэн туршлага

Cisco ажилтнуудынхаа оролцоог нэмэгдүүлсэн туршлага

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

ДОТООДOД…

Монголд хэн хамгийн өндөр цалинтай вэ?

News.mn сайт дээрх асуултыг хөндөн, тоон баримтуудыг харьцуулсан нийтлэл бэлтгэжээ. Нийтлэлийг хураангуйлбал: 

  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдаг найман компанид бүтээмж хариуцсан менежер, хяналт хариуцсан менежерээр томилогдсон нийт 16 хүний цалин хамгийн багадаа 5-6 сая төгрөг байна. 

  • Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төсөл дээр ажиллаж буй хүмүүсийн цалин хамгийн багадаа гурван саяас таван мянган ам.доллар байхаар төсөвлөгджээ. 

  • УИХ-ын гишүүний цалин 5.7 сая төгрөг бол зөвлөхийнх нь цалин 2.7 сая төгрөг байдаг. 

  • Мөн УИХ-ын гишүүдийн сарын урамшуулал 23 сая. Энэ мөнгө УИХ-ын гишүүдийн зардалд хүрэлцэхгүй байгаа тул 100 сая болгох саналыг УИХ-ын гишүүн О. Амгаланбаатар гаргах болсон. 

Хамгийн ачаалалтай салбар болох багш нар 1.5-1.8 сая төгрөг, эмч нар 1.4-2.0 сая төгрөгийн цалин гар дээрээ авч буйг дурджээ. 

ОЛОН УЛСАД…

KPMG-ийн шинэ хиймэл оюун ухаант бот нь ажлын ярилцлагын хугацааг 60 хувиар багасгаж, хүний нөөцийн багийн 1000 гаруй цагийг хэмнэжээ. 

Аудит, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсад салбартай KPMG компани хоёр чухал асуудлыг шийдэхээр хиймэл оюун ухааныг хүний нөөцийн стратегидаа ашиглажээ. Энэ нь ажил горилогчдод ямар ч цагт асуулт асуух боломжийг олгож, багтаа илүү стратегийн чанартай асуудлуудыг шийдвэрлэх цаг гаргах байв. 

Ийнхүү Paradox программ хангамжийн компанид захиалга өгч, хиймэл оюун ухаант туслах Kai-г бүтээжээ. Кai-г ажил горилогчид ажлын бус цагаар ч асуулт асуух боломжтой байхаар зохион бүтээсэн байна. Кai нь урамшуулал, ажлын цаг, ажилд авах үйл явцын талаарх ерөнхий мэдээлэлд хариулдаг аж.  

Анхны жилдээ Кai 23,000 гаруй асуултад хариулжээ. Тэдгээрийн 33 хувь нь оройн таван цагаас хойш ирсэн байна. Түүнчлэн энэхүү бот нь хүний байршил, туршлага, сонирхож буй ажлын чиглэл зэргийг харгалзан үзэж, KPMG дахь тохирох ажлын байруудыг санал болгодог. Ийм байдлаар  Кai-тай харилцсан хүмүүсийн 21.5 хувь нь санал болгосон ажлын байрыг сонирхсон байна. 

Z үеийнхний тал хувь нь өөрсдийн үнэт зүйлд нийцэхгүй ажлын саналаас татгалзана гэжээ 

Өмнөх олон үеийн нэгэн адил, өнөөгийн залуу үеийнхэн заавал “том даргын” доор ажиллахыг эрмэлздэггүй. Гэсэн ч тогтвортой цалин, урамшууллын эрэл хайгуул нь энэ шийдвэрт саад болох тохиолдол олонтоо. Харин Z үеийнхэн байр сууриндаа хатуу зогссоор, капитализмын сүүлчийн үеийн жолоог өөрсдийн гарт авахыг хичээж байна. 

“United Way of the National Capital Area” байгууллагын судалгаагаар нийт 1000 хүнийг хамруулсны 495 нь Z үеийнхэн байжээ. Судалгааны үр дүнгээс харахад Z үеийнхний 53 хувь нь тухайн ажил олгогчийн эрхэм зорилго нь өөрсдийн нийгэм, улс төрийн үнэт зүйлстэй нь нийцэхгүй бол ажлын саналд татгалзана гэжээ. 

Түүнчлэн United Way-ийн мэдээлснээр, Z үеийнхний ажлын байр сонгох шалтгааны нэгт цалин хөлс ба урамшуулал (86%), дараагаар нь ажил амьдралын тэнцвэр (72%), карьерын өсөлтийн боломж (46%) чухалд тооцогддог байна.  

HR MOMENT

Кэйс судалгаа: Cisco программ хангамжийн компани сайн дурын ажлаар дамжуулан сэтгэл ханамж, оролцоог дэмжсэн нь.

📌 Нөхцөл байдал: 
Дэлхий даяар 89,000 гаруй ажилтантай программ хангамжийн компани Cisco-ийн CEO Чак Роббинс 2015 онд удирдлагын албыг авснаар “нийгэмдээ буцаан өгөх” хандлагыг компанийн соёлын гол цөм болгон хөгжүүлжээ. 

Cisco-ийн үнэт зүйл: 

“Бидний зорилго бол бүх хүнд хүртээмжтэй ирээдүйг бүтээх.” 

Олон байгууллагууд оффисын тав тух, үнэгүй хоолоор бусдыг татаж байхад, Cisco өөрсдийн үнэт зүйлд нийцсэн, нийгмийн хариуцлагад суурилсан урамшууллаар ялгарахыг хүсжээ. Oxford их сургуулийн судалгаагаар сайн дурын ажил нь сэтгэлзүйн сайн сайхан байдалд хамгийн өндөр эерэг нөлөө үзүүлдэг нь батлагдсан байна. 

💡 Шийдэл: Сайн дурын хөтөлбөрийг соёлын үндэс болгох 
Cisco сайн дурын ажлыг дэмжих хэд хэдэн онцлох санаачилга хэрэгжүүлжээ. Үүнд:  

  • Time 2 Give: Жил бүр ажилтнуудад 2 долоо хоногийн цалинтай чөлөө өгч, өөрийн зүрхэнд ойр сайн дурын ажилд оролцох боломж олгох.

  • Мэргэжилд суурилсан сайн дурын ажил: Cisco Crisis Response баг нь гамшгийн үед NERV (сүлжээний онцгой байдлын тээврийн хэрэгсэл)-ийг ашиглан орон нутгийн агентлагуудтай хамтран тусламж үзүүлэх.

  • Багийн сайн дурын өдрүүд: Ажилтнууд хамтдаа сайн дурын ажил хийх өдрүүдийг зохион байгуулах зэрэг багтжээ.

📈 Үр дүн: 

  • Ажилтнуудын 86% нь сайн дурын хөтөлбөрт оролцдог.

  • $10,000 — Жил бүр нэг ажилтны хандивт дүйцүүлж буй дээд хэмжээ.

  •  720,000 цаг — 2024 онд сайн дурын ажилд зарцуулсан нийт цаг.

  • Ажилтны оролцоо, тогтвортой байдал өссөн.

  • Корпорацын зорилго, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх боломж залуу ажил горилогчдод чухал ач холбогдолтой.

🔍 HR сургамж: 
Ажилтны сайн сайхан байдал зөвхөн эрүүл мэндийн багц эсвэл амралтаар хязгаарлагдах ёсгүй. Утга учиртай хувь нэмэр оруулах боломж нь ажилтны сэтгэл ханамж, урам зориг, оролцоог өсгөдөг томоохон хүчин зүйл юм. 

HR HAAAAAACK

👨‍💻 Сонгон шалгаруулалтын 10 зардал ба тэдгээрийг тооцоолох нь 

Сонгон шалгаруулалтын зардлыг тооцоолоход ашиглагддаг гол хүчин зүйлүүдийн үргэлжлэлийг хүргэж байна. 

6. Технологи ба ажилд авах хэрэгслүүд 

🔹Ажил горилогчийг бүртгэх системүүд (ATS): Ажилд авах процессыг хялбаршуулах, удирдахад тусалдаг программ хангамжийн зардлууд. 
🔹Анкетын мэдээллийн сан: Ажил горилогчдын намтар бүхий онлайн мэдээллийн санг ашиглах эрхийн төлбөр. 
🔹Мэдээллийн технологийн дэд бүтэц: Компанийн ажлын байрны цахим хуудсыг бий болгох, удирдахтай холбоотой зардлууд, үүнд ажлын зар нийтлэх программ хангамж багтана. 

7. Ажлын үзэсгэлэн, ажилд авах арга хэмжээнүүд 

🔹Арга хэмжээнд оролцох төлбөр: Ажлын байрны үзэсгэлэн, их сургуулийн карьерын өдөр, бусад ажилд авах арга хэмжээнд оролцох эрх, талбай авахтай холбоотой зардлууд. 
🔹Маркетингийн материалууд: Брошюр, хулдаас, бэлэг дурсгалын зүйл зэрэг арга хэмжээнд ашиглагдах сурталчилгааны материалын зардлууд. 
🔹Аяллын зардал: ажлын байрны үзэсгэлэн яармагт оролцох ажилтнуудын тээвэр, байр, хоол ундны зардал. 

8. Бусад төрөл бүрийн зардлууд 

🔹Хуулийн үйлчилгээний төлбөр: Ажил эрхлүүлэх гэрээ болон бусад хууль эрх зүйн баримт бичиг боловсруулахтай холбоотой зардлууд.
🔹Нүүлгэн шилжүүлэх зардал: Шинэ ажилтныг ажлын байршил руу шилжүүлэхэд компаниас гаргаж буй зардлууд.
🔹Гарах үеийн зардал: Ажилтныг солих тохиолдолд үүсэх тэтгэмж, нийгмийн хамгааллын үргэлжлэл болон ажлаас гарах бусад зардлууд. 

9. Цаг хугацаа ба үр ашигтай байдлын үзүүлэлтүүд 

🔹Ажилд авахад зарцуулсан хугацаа: Ажлын байрыг зарласнаас эхлээд ажилтныг албан ёсоор ажилд авсан өдөр хүртэлх нийт хугацаа. Ихэвчлэн бүтээмж алдагдсан өртгөөр илэрхийлэгддэг. 
🔹Нэг ажилтныг ажилд авах өртөг: Нийт ажилд авахтай холбоотой зардлыг тухайн хугацаанд авсан ажилтнуудын тоонд хувааснаар гарч ирэх дундаж зардал. 

10. Гадаад эдийн засгийн хүчин зүйлс 

🔹Зах зээлийн нөхцөл байдал: Эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийн хомсдол, салбарын онцлог зэрэг нь ажилд авах зардалд шууд нөлөөлдөг. 
🔹Талент татах өрсөлдөөнтэй байдал: Хэрэгцээ өндөртэй салбаруудын хувьд шилдэг мэргэжилтнүүдийг татахын тулд ажилд авахад илүү их зардал гаргах шаардлага үүсдэг. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.