• Hey HR
  • Posts
  • Хиймэл оюун ухааны салбарт 2500 мэргэжилтэн

Хиймэл оюун ухааны салбарт 2500 мэргэжилтэн

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.

ДОТООДOД…

Хиймэл оюун ухааны салбарт 2500 мэргэжилтэн, багш бэлтгэнэ.

AI Academy Asia-гаас санаачлан, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон М банкны дэмжлэгтэй “Хиймэл оюуны үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. 

Уг хөтөлбөр нь хиймэл оюуны боловсролыг хүртээмжтэй болгож, дижитал ялгааг багасгах, олон нийтэд мэдлэг, ойлголт түгээх зорилготой бөгөөд ЕБС-ийн сурагчид, залуучууд болон орон нутгийн удирдлагуудад хиймэл оюун ухааны талаарх мэдлэг, ур чадварыг олгох замаар дижитал шилжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг бууруулахад чиглэх аж. Хөтөлбөр хэрэгжих таван жилийн хугацаанд орон даяар 250 хиймэл оюуны манлайлагч мэргэжилтэн, 2250 анхан шатны багш бэлтгэж, тэднийг энэ салбарт манлайлагч болгон хөгжүүлэх юм.

ОЛОН УЛСАД…

“Хүн төвтэй” ажлын загвар уруудаж байна гэж судлаачид анхааруулжээ.

“Хүн төвтэй” хүний нөөцийн хандлага нь сүүлийн хэдэн жилийн туршид нэр хүнд олсон ч, хиймэл оюун ухааны Leapsome компани болон Opinium фирмийн хамтарсан судалгаагаар уг хандлага буурах төлөвтэй байна. Судалгаанд оролцсон удирдлагуудын 4 тутмын 3 нь компанид хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхийн тулд үүрэг, орон тоог дахин зохион байгуулж байгаа гэж хариулжээ.

Судалгаанд оролцсон хүний нөөцийн удирдлагууд бараг бүгд (92%) “олон талт байдал, уян хатан байдал, сайн сайхан байдал(DEI)” зэрэг хүн төвтэй бодлогыг дэмжихдээ дотоод эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж. 

Ажлын байрны соёл, ажилтнуудын урам зоригоос гадна, DEI болон хиймэл оюун ухааныг хэрхэн хүлээн авч хэрэгжүүлэх нь компанийн авьяаслаг хүний нөөцийг татах, хадгалах, хөгжүүлэх бүх үе шатанд нөлөөлж чадна. Хэрэв технологийг буруу нэвтрүүлбэл ажилтнуудын итгэлийг алдагдуулж болзошгүй. Мөн DEI-г үл тоомсорлох нь олон янзын, чадварлаг боловсон хүчнийг холдуулахад хүргэдэг. 

Ажлын байрны томоохон өөрчлөлтүүдтэй нүүр тулж буй энэ үед, шинжээчид Хүний нөөцийн алба зайлшгүй “ширээний ард” суух ёстой буюу ажилтнуудаа энэхүү өөрчлөлт дунд амжилттай удирдан чиглүүлэх бодлогыг боловсруулахад оролцох хэрэгтэй гэж үзэж байна. 

Gen Z үеийнхэн миллениал, бүүмерүүдийн орхисон уйтгартай ажлыг сэргээж, шууд өндөр орлоготой карьер эхлүүлж байна 

Олон сая бүүмер нягтлан бодогч тэтгэвэрт гарахдаа бэлдэж буй энэ үед салбар нь боловсон хүчний хомсдолд орж, ноцтой хямралтай нүүр тулж байна. АНУ-ын хамгийн уйтгартай ажил хэмээн тодорхойлогдож, мөхөх замдаа орсон гэж үзэгдэж байсан энэ мэргэжлийг Gen Z үеийнхэн дахин нээж, зургаан оронтой цалинтай карьерын боломжийг олж харж байна — тэд хувь хүмүүсийн татварын тайланг үнэ төлбөргүй гаргаж өгснөөр туршлага хуримтлуулж эхэлжээ. 

Сүүлийн таван жилийн хугацаанд ойролцоогоор 340,000 нягтлан бодогч тооны машинаа орхиод ажлаа хаясан бөгөөд зарим тооцоогоор үлдсэн нягтлангуудын 75% нь ирэх арван жилийн дотор тэтгэвэрт гарах төлөвтэй байна. 

Бусадтай харьцуулахад тийм ч сонирхолтой биш гэж үнэлэгддэг энэ салбар ийм хүнд хямралд орно гэж хэн ч таамаглаагүй биз ээ. Одоо Gen Z уг салбарын аврал болж байна. Оюутнууд зөвхөн өнгөрсөн онд гэхэд бага орлоготой Америк татвар төлөгчдөд нийтдээ 11 сая ам.долларын татварын буцаан олголт авахад нь тусалжээ.

HR MOMENT

Кэйс судалгаа: HubSpot компанийн хурдацтай өсөлтийн үеийн соёлд суурилсан онбординг хөтөлбөр ажилтны туршлагыг сайжруулсан нь.

📌 Нөхцөл байдал: 

HubSpot бол B2B маркетинг, борлуулалт, үйлчилгээг дэмждэг программ хангамжийн компани бөгөөд дэлхий даяар 8,000 гаруй ажилтантай. Компанийн хурдацтай өсөлтийн үеэр шинэ ажилтнуудын соёлд уусах байдал суларч, онбординг туршлага нь хэлбэлзэлтэй болж эхэлжээ. HubSpot нь "техник технологийн компани гэхээсээ илүү соёлын компани" байхыг зорьж, ажилтны туршлагад онцгой анхаарах шаардлагатай болсон байна. 

HubSpot-ийн үнэт зүйл: 

“Компанийг бий болгодог зүйл бол түүний хүмүүс.” 

Тэдний зорилго бол ажилтнуудаа анхны өдрөөс нь эхлэн дэмжих, ойлголттой, зорилготой замаар ажилд хөтлөх явдал юм. 

💡 Шийдэл: Соёлд суурилсан онбординг хөтөлбөр 

HubSpot дараах шийдлүүдийг хэрэгжүүлж, онбордингыг зөвхөн мэдээлэл дамжуулах процесс биш, соёл, үнэ цэний уялдаа болгоход чиглүүлжээ: 

  • HubSpot Buddy систем: Шинээр орсон ажилтныг туршлагатай ажилтантай хослуулж, соёл, систем, хүмүүсийн талаар албан бус мэдээлэл авах боломжоор хангажээ. 

  • Culture Code сургалт: Компанийн үнэт зүйл, харилцааны хэв маяг, удирдлагын философи зэргийг танилцуулсан тусгай модуль. 

  • 90 өдрийн төлөвлөгөө: Анхны 3 сард юу сурах, хэнтэй холбогдох, ямар зорилго тавих вэ гэдгийг тодорхой болгосон замын зураг. 

📈 Үр дүн: 

  • Онбординг туршлагын үнэлгээ 4.6/5

  • Туршилтын хугацааны дараах ажлын байрны хадгалалт 95%

  • Glassdoor дээр ажилтнуудын сэтгэл ханамж 4.5/5

  • HubSpot "Шилдэг ажиллах газар"-аар дахин дахин шалгарав
     

🔍 HR сургамж: 

Онбординг бол анхны сэтгэгдлээс хамаагүй илүү. Энэ бол соёлд уусгах, зорилгоо ойлгуулах, хүн бүрийг үнэт зүйлсийн нэг хэсэг болгох процесс юм.  

HR HAAAAAACK

📒 Шинэ ажилтны гарын авлагад юуг багтаах хэрэгтэй вэ? 

Шинээр элссэн ажилтнуудад зориулан гарын авлагаа онцгойлон боловсруулж, олон уулзалт, асуулгын цагаа хэмнээрэй. Сайн найруулсан шинэ ажилтны гарын авлага нь ажилтны гарааны суурийг тавьж, хөгжиж дэвших болон байгууллагын үнэт зүйлтэй уялдуулан ажиллах эхлэл болж чадна.

Энэхүү гарын авлагыг шинэ ажилтнууд мэдэхийг хүсдэг ч асуухаас санаа зовж болох бүх зүйлийн товч агуулга гэж ойлгоорой. 

  • Компанийн лавлах болон гол холбоо барих ажилтнуудын жагсаалт: Ядаж л шинэ ажилтнуудад цалин, хангамж зэрэг асуудлаар хэнд хандах ёстойг тодорхой зааж өгөх хэрэгтэй. 

  • Огтлолын хуваарь: Эхний өдөр, эхний долоо хоног болон цаашдын үйл явц хэрхэн өрнөхийг тайлбарласан товч график. Энэ нь минут тутмын хуваарь биш ч, шинэ ажилтнуудад ямар зүйлсийг хүлээх ёстойг урьдчилан ойлгоход тусална. 

  • Байгууллагын бүтэц: Энэ нь байгууллагын дотоод бүтэц, гол хамт олон, болон бусад хамтран ажиллагсадтайгаа хэрхэн харилцах талаар ойлголт өгөхөд тустай. 

  • Хэрэглэгддэг нэр томьёо, товчилсон үгсийн толь бичиг: Бүх байгууллага өөрсдийн өвөрмөц хэллэг, товчлолуудтай байдаг. Шинэ ажилтнуудад зориулан тайлбар бүхий жагсаалт гаргаж өгвөл тэд эхний өдрүүдээ илүү амархан давах болно. 

  • Эрхэм зорилго болон үндсэн үнэт зүйлс: Зүгээр жагсаагаад орхихын оронд эдгээрийг яагаад сонгосон талаарх дэлгэрэнгүй тайлбар оруулснаар шинэ ажилтнуудад байгууллагын соёлыг ойлгоход тусална. 

  • Компанийн түүх ба чухал үйл явдлууд: Байгууллагын үүсгэн байгуулагдсан он, шинэ салбар нээсэн үе, орлогын тодорхой түвшинд хүрсэн, эсвэл шилдэг ажиллах газраар шалгарсан зэргийг товч танилцуулж болно.

  • Ерөнхий оффисын мэдээлэл: Авто зогсоол, нэвтрэх карт, дохиоллын код, барилгын хариуцсан хүний холбоо барих мэдээлэл гэх мэт хэрэгцээтэй мэдээллийг оруулах нь зүйтэй. 

  • Гол хүний нөөцийн бодлогууд: Ажлын цаг, хуваарь, амралт, компанийн өмч (компьютер, гар утас гэх мэт), алсын зайнаас ажиллахтай холбоотой бодлогуудыг багтаагаарай. 

  • Хувцаслалтын журам: Ажил нь зайнаас уу, эсвэл оффист уу гэдгээс үл хамааран, шинэ ажилтнуудад ямар хэв маягтай хувцаслах нь зүйтэйг тодорхой тайлбарлах хэрэгтэй. 

  • Ажилтны хангамжийн товч тойм: Хангамж, урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг дараа өгөх боломжтой ч, энд товч танилцуулга байдлаар багтаавал цаг хэмнэнэ. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.