• Hey HR
  • Posts
  • Gen Z ажиллах хүчнийг татсан бүтээлч ажил олгогчийн брэндинг

Gen Z ажиллах хүчнийг татсан бүтээлч ажил олгогчийн брэндинг

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.

ДОТООДOД…

Азийн хөгжлийн банктай хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг шинэчлэхээр ажиллаж эхэллээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн сангийн хамтын ажиллагаагаар залуучуудын хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, сургуулиа төгсөөд ажлын байранд шилжих шилжилт, эдийн засгийн идэвхгүй байгаа шалтгааныг тодорхойлж, бодлогоор залуучуудыг хэрхэн дэмжих талаар судалгаа хийх юм.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор олон улсын зөвлөх ажиллуулах зэрэг ажлууд багтаж байгаа аж. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт” судалгааны үр дүнг энэ оны зургаадугаар сард танилцуулахаар бэлтгэж байна.

ОЛОН УЛСАД…

БНХАУ ажилгүйдлийн даатгалын буцаан олголт, ур чадварын тэтгэлгийн бодлогоо 2025 он хүртэл сунгав.

БНХАУ ажлын байрыг хадгалах, ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэхийг дэмжих зорилгоор ажилгүйдлийн даатгалын бодлогоо 2025 оныг дуустал сунгах шийдвэрийг Мягмар гарагт зарлалаа.

Бодлогын дагуу, 2025 оны эцэс хүртэл ажилтнуудаа халаагүй эсвэл халах тоог хамгийн бага хэмжээнд барьсан компаниуд өмнөх онд төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг буцаан авах эрхийг үргэлжлүүлэн эдлэх аж. Мөн энэхүү бодлогын хүрээнд ажилчдын ур чадварыг сайжруулах зорилгоор ур чадвар дээшлүүлэх тэтгэлгийн шаардлагыг зөөлрүүлж, хамрах хүрээг нь өргөтгөжээ.

Японы мужууд алсын зайнаас ажиллах ажилтнууддаа сар бүрийн 3,000 иений тэтгэмж олгож эхэлнэ.

Японы хэд хэдэн мужууд гэрээс ажиллаж буй ажилчдын хэрэглээний зардлыг бууруулах зорилгоор энэ дөрөвдүгээр сард алсын зайнаас ажиллах тэтгэмж нэвтрүүлэхээр болсон тухай Jiji Press агентлаг Пүрэв гарагт мэдээллээ.

47 мужийн 12 нь ирэх сард уг тэтгэмжийг хэрэгжүүлэх бөгөөд үүнд Токио, Фүкүока зэрэг мужууд багтаж байна. Харин Хоккайдо, Ишикава, Хёого болон өөр 12 мужид энэ тэтгэмжийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард аль хэдийн нэвтрүүлсэн байна. Тэтгэмжийн хэмжээг бүх мужууд сард 3,000 иен болгон тогтоожээ.

HR MOMENT

Кейс судалгаа: L’Oréal компанийн Gen Z ажиллах хүчнийг татсан бүтээлч ажил олгогчийн брэндинг

📌 Нөхцөл байдал: 

Дэлхийд тэргүүлэгч гоо сайхны компанийн нэг болох L’Oréal нь зах зээл дээрх хамгийн чадварлаг, дижитал эрин үеийн залуу авьяастнуудыг хэрхэн татах вэ гэсэн сорилттой тулгарчээ. 

Z үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд хүч түрэн орж ирэх үед уламжлалт hr арга барилууд (ажлын зарын самбар, карьерын өдөрлөг гэх мэт) хангалтгүй болсон. Иймээс L’Oréal өөрийн ажил олгогчийн брэндийг бүрэн шинэчилж, шинэ үеийнхний хүсэл, хандлагад нийцүүлэн, сошиал медиа, дижитал туршлагад тулгуурласан шийдлүүдийг хэрэгжүүлжээ. 

L’Oréal-ийн ажил олгогчийн брэндийн уриа: 

“Өөрийнхөөрөө, бүтээлч, зоригтой, шинэлэг байхад тань дэмжлэг үзүүлэх компани.” 

💡 Шийдэл: Ажилд авах процессыг дижитал туршлага болгох нь 

L’Oréal Z үеийнхэнд хүрэхийн тулд тэдний хамгийн их цагийг өнгөрөөдөг орчин болох онлайн платформуудыг ашигласан дараах шинэлэг санаачилгуудыг эхлүүлжээ: 

  • #LifeatLoreal сошиал медиа кампанит ажил: Ажилтнууд өөрсдөө элч төлөөлөгч болж, Instagram, TikTok, LinkedIn дээр өдөр тутмын ажлын бодит агшнуудыг хуваалцсан. 

  • "Reveal" тоглоомчилсон ажилд авах платформ: Оюутнууд, залуус интерактив сорилтуудаар дамжуулан L’Oréal дахь өөрт тохирох карьерын чиглэлийг олж мэдэх боломжтой онлайн бизнес тоглоом.

  • TikTok Challenge болон интерактив контент: Z үеийнхний сонирхлыг татах, компанийн соёлыг харуулах хөгжилтэй, шинэлэг контентыг TikTok дээр идэвхтэй ашигласан. 

  • Виртуал оффисын аялал ба дадлага: Ажил горилогчдод компанийн орчныг мэдрүүлэх дижитал орчин бүрдүүлсэн. 

📈 Үр дүн: 

  • “Дэлхийн хамгийн хүсэмжит 10 ажил олгогч"-ийн нэгээр шалгарсан.

  • Дэлхий даяар 300,000 гаруй оюутан L’Oréal-ийн тоглоомчилсон ажилд авах хөтөлбөрт оролцсон.

  • Сошиал медиа дахь оролцоо эрс өсөж, TikTok болон Instagram гол ажилд авах суваг болсон.

  • Уламжлалт элит сургуулиудын хүрээллээ давж, олон янзын авьяастнуудыг татах боломж нэмэгдсэн.

🔍 HR сургамж: 

Орчин үеийн ажил олгогчийн брэндинг гэдэг нь өнгөлөг танилцуулга, вэбсайтаар хязгаарлагдахгүй. Энэ нь таны зорилтот ажил горилогчдод хаана байгааг нь олж, тэдний хэлээр ярьж, жинхэнэ, интерактив туршлага санал болгоход оршдог. 

HR HAAAAAACK

❓ Топ ажилтнуудаа үлдээх 7 асуулт 

Ихэнх байгууллагууд ажилтан ажлаасаа гарахаар шийдсэний дараа л ярилцлага хийдэг. Эсрэгээр нь үнэ цэнтэй ажилтнуудаа алдахаас өмнө бид юу хийж болох вэ?  “Stay” ярилцлага.

“Stay” ярилцлага нь ажилтнууд яагаад энэ байгууллагад үргэлжлүүлэн ажилласаар байгаа, ямар шалтгаанаар гарах талаар бодож байсан эсэхийг ойлгоход чиглэсэн энгийн, үр дүнтэй ярилцлага юм. Энэ бол хүний нөөцийн хамгийн хялбар, зардал багатай тогтвор суурьшлыг нэмэгдүүлэх арга.

📝 Stay ярилцлагын асуултууд

  1. Ажлынхаа юунд хамгийн дуртай вэ?

  2. Таныг хамгийн их бухимдуулдаг, ажлыг удаашруулдаг зүйл юу вэ?

  3. Таны хөдөлмөрийг хангалттай үнэлж байна гэж мэдэрдэг үү? Бид яаж сайжруулах вэ?

  4. Ямар ур чадвараа хөгжүүлэхийг хүсэж байна вэ?

  5. Таны ажлын туршлагыг сайжруулахын тулд бид юу хийж чадах вэ?

  6. Та өмнө нь ажлаас гарах талаар бодож байсан уу? Хэрэв тийм бол ямар шалтгаан байв?

  7. Би болон байгууллага танд хэрхэн илүү сайн дэмжлэг үзүүлэх вэ? 

Жилд 1-2 удаа гол ажилтнуудтайгаа энэхүү ярилцлагыг хийж хэвшээрэй. Ярилцлага энгийн, найрсаг уур амьсгалтай байх нь чухал. Хамгийн гол нь ярилцлагаас олж авсан зүйлсээрээ бодит өөрчлөлт хийх хэрэгтэй шүү.

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.