- Hey HR
- Posts
- Олон үеийн төлөөллөөс бүрдсэн багийг удирдах нь
Олон үеийн төлөөллөөс бүрдсэн багийг удирдах нь
Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДOД…

Хөдөлмөрийн зах идэвхтэй хэвээр, ажилгүйдэл түүхэн дунджаас доогуур байна.
Монгол банкны тайланд дурдсанаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл 2024 оны дөрөвдүгээр улиралд идэвхтэй үргэлжилж, ажиллах хүчний тоо 53.2 мянгаар нэмэгдэн, ажиллах хүчнээс гадуурх хүн ам 27.7 мянгаар буурчээ. Ажилгүйдлийн түвшин 5.3 хувьтай гарсан нь олон жилийн дунджаас доогуур үзүүлэлт болов.
Нийт ажиллагсдын тоо жилийн дүнгээр 2.4 хувиар буюу 31.2 мянган хүнээр нэмэгдэж 1 сая 353 мянгад хүрчээ. Барилга, худалдаа болон бусад үйлчилгээний салбарын ажиллагсдын тоо нэмэгдсэн нь нийт өсөлтөд голлон нөлөөлсөн бол харин хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллах хүч буурчээ.
ОЛОН УЛСАД…

Spotify-ийн Хүний нөөцийн захирал: Бид хаанаас ч ажиллах боломжтой бодлогоо баримталсаар байх болно
Amazon болон iPhone-ий өрсөлдөгч Nothing зэрэг технологийн аваргууд оффис руу эргэн ажиллах тушаалууд гаргаж байгаа энэ үед, Spotify компани алсаас ажиллах бодлогоо цуцлах хэрэггүй гэж үзэж байна.
“Та насанд хүрсэн, туршлагатай хүмүүсийг ажилд авахаар цаг хугацаа, нөөц зарцуулчхаад, дараа нь тэд хүүхэд мэт хандаж болохгүй шүү дээ,” хэмээн Spotify-ийн хүний нөөцийн захирал Катерина Берг Raconteur сэтгүүлд ярилцлага өгөх үеэр хэлжээ.
“Манайх анхнаасаа л дижитал орчинд төрж өссөн бизнес. Тийм байж бид ажилтнууддаа уян хатан байдал, эрх чөлөөг өгөх ёстой биш гэж үү?”
“Ажил гэдэг бол заавал очиж суудаг газар биш, харин хийдэг зүйл шүү дээ.”
2021 оны хоёрдугаар сард Spotify компани бусад хэд хэдэн технологийн групптэй хамтран ажилтнуудаа "хаанаас ч ажиллах" боломжтой болгосон. Энэхүү бодлого нь тухайн улсад Spotify-ийн салбар байгаа тохиолдолд, ажилтан өөрийн ажлын байршил, орчныг өөрөө сонгох боломжийг олгосон юм. Meta зэрэг компаниуд hybrid байдлаас аажмаар оффис руу эргэн дуудаж, Amazon шиг бүрэн эргэж ажиллах шаардлага тавьж байгаа энэ үед Spotify энэ бодлогоосоо татгалзаагүй цөөн компанийн нэг хэвээр байна.
Энэ бодлогыг хадгалж буй томоохон шалтгаануудын нэг нь ажилтны тогтвортой байдалд үзүүлж буй эерэг нөлөө байх магадлалтай. Spotify-ийн мэдээлснээр, 2022 оны хоёрдугаар улиралд ажилтны шилжилт хөдөлгөөний түвшин 2019 оны мөн үеэс 15 хувиар бага байсан аж. Мөн тус компани ажиллах хүчнийхээ олон янз байдлыг сайжруулж чадсанаа онцолжээ.
Сингапур тогтвортой хөгжлийн хүчин чармайлтаа эрчимжүүлж, ногоон ажлын байр нэмэгдэж байна
Ажлын байрны платформ foundit нь “foundit Earth Day Special Singapore Report” тусгай тайланг нийтэлжээ. Уг тайланд Сингапурын хөдөлмөрийн зах зээлд тогтвортой хөгжилд чиглэсэн ажиллах хүчний эрэлт мэдэгдэхүйц өссөн болохыг онцлон дурдсан байна. Энэхүү tracker тайлангаас харахад, ногоон ажлын байрны жилийн өсөлт нийтдээ 27 хувьд хүрсэн бол, энэ оны гуравдугаар сард сарын дундаж өсөлт 12 хувиар нэмэгджээ.
Инженерчлэл, барилга байгууламж болон дэд бүтцийн салбар нь ногоон ажлын байрны нийт 29 хувийг эзэлж, тус салбарыг тэргүүлж байна. Ногоон ажлын зарын 11 хувийг эзэлж буй зөвлөх үйлчилгээ болон стратегийн салбар ч мөн эрчимтэй өсөлттэй байна.
Боловсрол болон үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн салбарууд тус бүр 7 хувийг эзэлж байгаа нь ажиллах хүчний шинэ ур чадварт сургах, цэвэр үйлдвэрлэлийн тогтолцоонд шилжих үйл явц эрчимжиж буйг харуулж байна.
Ирээдүйг харвал, Сингапурын ногоон ажлын байрны зах зээл 2025 онд 11 хувиар өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг хөтлөх гол хүчин зүйлсээр сэргээгдэх эрчим хүч, цахилгаан хөдөлгүүрт тээвэр, болон ногоон дэд бүтэц тодорхойлогджээ.
HR MOMENT

Кейс судалгаа: Adobe компанийн “Check-In” систем — Жилийн гүйцэтгэлийн үнэлгээг халсан нь
📌 Нөхцөл байдал:
Adobe компани уламжлалт жилийн нэг удаагийн гүйцэтгэлийн үнэлгээний систем нь ажилтнуудад дарамт үүсгэж, бүтээлч байдал болон харилцаанд сөргөөр нөлөөлж байгааг анзаарсан. Ажилтнууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг нь шүүмжлэх үнэлгээ бус, тогтмол чиглүүлэг, дэмжлэг авахыг илүүтэй хүсэж байв.
💡 Шийдэл: “Check-In” системийг нэвтрүүлэх
Adobe 2012 оноос эхлэн жил бүрийн үнэлгээг халж, оронд нь удирдлага, ажилтны хооронд тогтмол, албан бус уулзалт, зорилго тодорхойлох, санал хүсэлт солилцох “Check-In” хэмээх шинэ системийг хэрэгжүүлжээ. Тус систем нь:
Тогтмол яриа, дэмжлэгтэй харилцаа
Өөрчлөлт хийх уян хатан орон зай
Ажлын зорилго болон хөгжлийн чиглэлээ илүү ойлгомжтой болгоход чиглэж байв.
📈 Үр дүн:
Ажилтны сэтгэл ханамж мэдэгдэхүйц нэмэгдсэн
Сайн дураар ажлаас гарах тоо 30%-иар буурсан
Удирдлагууд ажилтнуудаа илүү сайн дэмжих, хөгжүүлэх боломжтой болсон
🔍 HR сургамж:
Уламжлалт үнэлгээний системийг хүн төвтэй харилцаанд суурилсан "Check-In"-ээр сольсноор ажилтныг зоригжуулдаг соёл бий болдог. Хүмүүс тоон үнэлгээ бус, тогтмол анхаарал, дэмжлэг хүсдэг.
HR HAAAAAACK

👨🦳 Олон үеийн төлөөллөөс бүрдсэн багийг хэрхэн үр дүнтэй удирдах вэ? 👱♀️
Өнөөдрийн ажиллах хүч нь Boomer, Gen X, Millennial, Gen Z-ээс бүрдэж байгаа нь удирдлагын баг болон HR-ийн хувьд шинэ сорилтууд ба боломжуудыг авчирч байна.
Тэгвэл HR-ийн хувьд дараах зүйлсэд анхаарах нь чухал:
1. Хүний нөөцийн бодлогоо олон үеийн онцлогт нийцүүлэх
Ажил, амьдралын тэнцвэр, уян хатан байдал, урамшуулал зэрэг нь үе бүрт өөрөөр нөлөөлдөг. Нэг загвараар бүхнийг шийдэхээс зайлсхий.
2. Харилцааны хэв маягийг тохируулах
Boomer-ууд албан ёсны мэйлийг илүүд үздэг байхад, Gen Z хурдан шуурхай мессеж эсвэл Slack-д хариу бичихийг илүүд үздэг. Тиймээс холимог сувгийг ашиглаж сурах нь үр дүнтэй.
3. Mentorship-ийг хоёр чиглэлтэй болгох
Boomer болон X үеийнхэн арвин туршлага, ухаалаг зөвлөмж санал болгож чадна. Гэхдээ Z үеийнхэн ч мөн шинэлэг сэтгэлгээ, дижитал хэрэгслүүд, сошиал медиа чиг хандлага зэрэгт бусдад заах, хуваалцах боломжтой.
4. Ажлын утга учрыг үе бүрийн өнцгөөс тайлбарлах
Millennial болон Z үеийнхэн ажлын цаад зорилго, нийгэмд үзүүлэх нөлөө зэргийг чухалчилдаг. Үе бүрийг юугаар урамшиж, юу хөдөлгөж байгааг олж мэдэн, түүгээр нь дамжуулан оролцоог нь хадгалаарай.
5. Сэтгэл ханамж ба үнэлгээний арга хэлбэрийг төрөлжүүлэх
X үеийнхэн бие даасан байдал болон тодорхой үр дүн, амжилтад суурилсан үнэлгээг илүүд үздэг. Z үеийнхэн шууд, бодит цагийн санал хүсэлт болон тогтмол “check-in” уулзалтуудыг илүү үнэлдэг. Тиймээс үе бүрийн онцлогт тохируулан үнэлгээ, харилцааны хэв маягаа тааруулах нь чухал.
🤝 HR-ийн үүрэг бол үе хоорондын ялгааг арилгах биш, тэдгээрийг зөв ашиглах явдал юм. Хэрэв анхааралтай, ойлголттойгоор удирдаж чадвал олон үеийг хамарсан баг нь танай байгууллагын хамгийн шинэлэг сэтгэлгээтэй, тогтвортой хөрөнгө байж чадна.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.