• Hey HR
  • Posts
  • 10 ажилтан тутмын нэг нь архаг стресстэй байна.

10 ажилтан тутмын нэг нь архаг стресстэй байна.

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

ДОТООДOД…

10 ажилтан тутмын нэг нь архаг стресстэй байна.

Оптимал Эн Макс ХХК 2022-2024 онд Монголд үйл ажиллагаа эрхэлж буй 11 байгууллагын нийт 2,667 ажилтнуудыг хамруулан сэтгэл зүйн сайн сайхан байдлын үзүүлэлтүүд болон нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар судалгаа боловсруулжээ. Уг судалгаанд оролцогчдын: 

  • 56% нь дунд зэргийн стресстэй, өдөр бүр ажилдаа “Даваа гараг уу даа…” гэж мэдэрдэг.

  • Зөвхөн 35% нь ажлаа тайван хийдэг.

  • Харин 9% буюу 10 хүн тутмын 1 нь архаг стресстэй байгааг тогтоожээ.

📊 Ажлын байрны стрессийн түвшин үеийн ангиллаар: 

  • Millennial үе (1981-1996): 68% 

  • Gen Z (1997-2012): 63% 

  • Gen X (1965-1980): 54% 

  • Baby Boomer (1946-1964): 50% 

📌Тэр дундаа нийт ажиллах хүчний хоёр хүн тутмын нэгийг бүрдүүлдэг Millennial үеийнхэн бусдаасаа илүү их стресс мэдэрч байна.

😓 Ажлаас халшрах хам шинжийн түвшин: 

  • Ажлаас халшрах шинж тэмдэгтэй - 33%

  • Ажлаас халширч эхэлж байгаа - 37%

  • Ажлаас ихээр халширсан - 9%

  • Ажлаас халшрах шинж тэмдэггүй - 20%

Ажлаас халшрах шинж тэмдэгтэй ажилтнууд ажлаасаа гарах магадлал 2.6 дахин өндөр байдаг. Эдгээр шинж тэмдгүүд ихэвчлэн ажлын эхний 3 жилийн хугацаанд илэрдэг бөгөөд санхүүгийн салбарын ажилтнуудад илүү түгээмэл байна. 

Судалгаанд дурдагдсан тоо баримтаас сонирхуулахад, зөвхөн ажлын байрны стрессээс үүдэлтэйгээр ажилтны ажлын бүтээмж 78.3% буурдаг бол ажлын орчин, ачаалал, удирдлага, хамт олны харилцаа зэрэг нь хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд 30%-50% нөлөөлдөг аж. 

ОЛОН УЛСАД…

AI нь Z үеийнхний карьераа эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай анхан түвшний ажлын байруудыг “эвдэж” байна.

LinkedIn-н Эдийн засгийн боломж хариуцсан захирал Аниш Раман хиймэл оюун ухаан нь уламжлалт утгаараа залуу ажилчдын карьераа эхлүүлэхэд дамжих шат болдог байсан ажлын байруудыг заналхийлж байна гэж мэдэгдлээ. Тэрээр New York Times-т нийтэлсэн өгүүлэлдээ энэ өөрчлөлтийг 1980-аад оны үйлдвэрлэлийн салбарын уналттай зүйрлэж, дараахыг бичжээ: 

“Одоо технологи ба эдийн засгийн хүнд өөрчлөлтөд хамгийн түрүүнд өртөж буй нь оффисын ажилтнууд болж байна. Карьерын шат руу гарах доод суурь нь хамгийн эхэнд эвдэрч байна.” 

Жишээлбэл, хиймэл оюуны хэрэгслүүд нь залуу программ хангамжийн инженерүүд туршлагаа олж авдаг байсан анхан шатны программчлал болон алдааг засварлах зэрэг ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн. Үүнээс гадна, Wall Street-ийн зарим томоохон санхүүгийн байгууллагууд анхан түвшний ажилтнуудын тоог огцом бууруулах талаар төлөвлөж буйг мэдээлж байна. 

Нөгөө талдаа AI зарим шинэ ажилтнуудыг илүү ахисан түвшний ажилд хурдан татан оролцуулах боломж ч бүрдүүлж байна.  

Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар алсын зайн ажилтнуудад зориулсан дижитал нүүдэлчний виз нэвтрүүлжээ 

Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд шинэ хуудас нээж буй томоохон алхмын хүрээнд, Арабын Нэгдсэн Эмират улсын Засгийн газар дижитал нүүдэлчний визийн хөтөлбөр нэвтрүүллээ. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрээс алсын зайн ажилтнуудыг АНЭ-д амьдрах, ажиллах боломжтой болгох зорилготой. 

АНЭ-ын Дижитал нүүдэлчний виз нь алсын зайн ажилтнууд, freelancer буюу чөлөөт ажилтнууд болон газар харгалзахгүй ажиллах боломжтой бизнес эрхлэгчдэд зориулсан урт хугацааны оршин суух визийн төрөл юм.  Гол давуу талууд: 

  • Нэг жилийн хугацаатай, жил бүр сунгах боломжтой. Алсын зайн ажилтнуудад АНЭ-д тогтвортой амьдрах ба бизнесээ явуулах суурийг бүрдүүлнэ. 

  • Хувь хүний орлогын татвар төлөх шаардлагагүй.  

  • Гэр бүлээ дагуулан очих боломжтой.

  • Эрүүл мэнд, дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж өндөр.

  • Орон нутгийн ивээн тэтгэгч шаардахгүй. Харилцаа, холбоогүй байсан ч виз авахад саадгүй.

HR MOMENT

Кейс судалгаа: Shopify ажилтнууддаа цалингийн бүтцээ сонгох эрх олгосон нь.

📌 Нөхцөл байдал: 

Shopify "Digital by Design" буюу 100% алсын зайн ажиллах загварт бүрэн шилжсэнээр ажилтнуудынх нь хэрэгцээ, урамшууллын хүлээлт улам ялгаатай болсон аж. Зарим нь өндөр цалин хүсэж байхад, нөгөө хэсэг нь хувьцаа эзэмшигч болох сонирхолтой болжээ. Уламжлалт цалингийн систем эдгээр ялгаатай хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн байна. 

💡Шийдэл: “Flex Comp” тогтолцоо буюу цалингийн хувиа өөрөө сонгох эрх 

2024 онд Shopify “Flex Comp” хэмээх шинэ урамшууллын тогтолцоог танилцуулж, ажилтнууддаа нийт урамшууллын дүнгээ хэрхэн хуваарилахыг өөрсдөө сонгох эрх олгосон. Тодруулбал, тэд нийт урамшууллаа бэлэн мөнгө болон хувьцаа байдлаар хуваарилах боломжтой болжээ. Жил бүрийн цалингийн мөчлөгийн үеэр ажилтан өөрийн амьдралын шат, санхүүгийн зорилго, эрсдэлийн хүлцэлд үндэслэн хувьцаа, цалингийн харьцааг өөрөө тохируулна. 

📈 Үр дүн: 

  • Цалин, урамшууллын ил тод байдлын сэтгэл ханамж 27%-иар нэмэгдсэн

  • Дотоод хөдөлгөөн сайжирч, ажилтнууд өөрсдийн замналыг идэвхтэй удирдаж буй мэдрэмжтэй болсон.

🔍 HR сургамж: 

Эзэмшигч байна гэдэг нь зөвхөн хувьцаатай байх бус, сонголт хийх эрхтэй байхыг хэлнэ. Shopify ажилтнуудаа хүндэлж, урамшууллын талаар бодит сонголт хийх эрх өгснөөр итгэлцлийг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг бэхжүүлж чаджээ. 

HR HAAAAACK

"Work Buddy" системийг нэвтрүүлэх нь.

"Work Buddy" гэдэг нь шинэ ажилтанд байгууллагадаа дасан зохицох эхний 1–2 сарын хугацаанд ижил түвшний ажилтан, хамт олны нэгийг хөтлөгч болгон оноох систем юм. Энэ нь HR-ийн албан ёсны onboarding-оос гадуур: 

  • Асуух зүйлээ шууд асуухад тусална.

  • Соёл, бичигдээгүй дүрмүүдийг ойлгоход тустай.

  • Танилгүй орчинд ганцаардахаас сэргийлнэ.

🏆 Туршлагын жишээ  

  • Google “Noogler Buddy” хөтөлбөрийн хүрээнд шинэ ажилтнуудад buddy оноож өгдөг.

  • Судалгаагаар buddy-тай ажилтнууд 25 хувиар хурдан бүтээмжтэй болдог.

  • Энэ арга барилыг Microsoft, LinkedIn, HubSpot зэрэг олон компани ч амжилттай ашиглаж байна. 

 Хэрхэн хэрэгжүүлэх вэ? 

  • Шинэ ажилтан бүрд эхний хоёр долоо хоногт нь buddy оноох.

  • Buddy-г ижил албан тушаалтай, сайн дурын үндсэн дээр сонгох.

  • HR нь богино зааварчилгаа, хүлээлт өгөх (жишээ: 1–2 уулзалт, асуултад хариулах, танилцуулах).

  • Buddy системийн туршлагыг онбординг дүгнэлтэд тусгах.

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.