• Hey HR
  • Posts
  • Цалин хоёр дахин өссөн ч, хүмүүсийн худалдан авах чадвар ердөө 38.9% нэмэгджээ

Цалин хоёр дахин өссөн ч, хүмүүсийн худалдан авах чадвар ердөө 38.9% нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

ДОТООДOД…

Цалин хоёр дахин өссөн ч, хүмүүсийн худалдан авах чадвар ердөө 38.9% нэмэгджээ

Өнгөрсөн улирлын байдлаар нэрлэсэн дундаж цалин улсын дунджаар өмнөх оны мөн үеэс 14.8% өсөж ₮2.6 саяд хүрсэн бол голч цалин 24.8% нэмэгдэж ₮2.2 саяд хүрээд байна. 2024 оны мөн үеэс НДШ төлсөн ААНБ-ын тоо 8.9% өсөж 53.7 мянгад, ажиллагчдын тоо 7.7% ихсэж 811.6 мянгад хүрчээ. 

Нөгөө талаас цалин өсөж байгаа ч инфляцын нүргээнд идэгдсээр. Тухайлбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс I улиралд 214.8-д хүрсэн бол худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 138.9 байв. Энгийнээр 2022 оны I улирлаас хойш цалин 2 дахин өссөн ч, амьдрал дээр хүмүүсийн худалдан авах чадвар ердөө 38.9% нэмэгджээ

ОЛОН УЛСАД…

Исландын 4 хоногийн ажлын хуваарь үр нөлөөгөө үзүүлжээ

Исланд 2019 онд албан ёсоор ажлын хоногийг багасгасан шийдвэр гаргаснаар олон улсын анхаарлыг татсан билээ. Энэхүү шилжилт нь 2015 оноос томоохон туршилтын хөтөлбөрөөр эхлэлээ тавьж, ойролцоогоор 2,500 ажилтан 4 ажлын өдөртэй долоо хоногийг туршиж үзжээ. 

Туршилтын үр дүн маш эерэг байсан тул 2019 он гэхэд уг хөдөлгөөн эрчээ авч, Исландын идэвхтэй ажиллах хүчний бараг 90% нь ажлын богино цагийн системийг хүлээн зөвшөөрсөн байв. Бусад орнуудын ижил төстэй оролдлогууд амжилтгүй болсон байхад Исландын загвар үр дүнтэй хэрэгжсэн нь хэд хэдэн гол хүчин зүйлтэй холбоотой аж.

Юуны өмнө, ажилтнуудын цалин, хангамж огт буураагүй нь хамгийн чухал шалтгаануудын нэг. Зарим орнуудад, жишээлбэл Бельгид, ажилтнууд богино долоо хоногтой ажиллахын тулд урт өдрүүдээр ажиллах шаардлагатай болдог. Харин Исландын хувьд, ажлын цагийг багасгасан ч ижил цалин, хангамжийг хадгалсан нь шинэ хуваарь ажилтнуудын дунд хүлээн зөвшөөрөгдөх гол үндэс болсон юм.

Өөр нэг томоохон давуу тал нь Исландын техник, дижитал дэд бүтцэд оруулсан их хэмжээний хөрөнгө оруулалт юм. Улс орон даяар найдвартай, өндөр хурдны интернэт сүлжээтэй тул бизнес, төрийн байгууллагууд ч орчин үеийн ажлын шаардлагад нийцэн, цахим болон алсын зайнаас ажиллах нөхцөлөөр бүрэн хангагдсан. 

Ажлын дөрвөн өдөртэй байх нь зөвхөн байгууллагын түвшинд бус, нийгмийн хэмжээнд ч эерэг өөрчлөлтүүдийг бий болгожээ. Ажлын цаг багассанаар гэр бүлийн үүрэг, асаргааны ажлыг илүү тэгш хуваарилах боломж бүрдсэн. Эрэгтэйчүүд илүү их цагаар гэртээ байж, хүүхэд асрах болон гэрийн ажлыг хуваалцах болсон нь гэр бүлийн доторх хүйсийн тэгш байдалд ахиц авчирчээ.

HR MOMENT

Кейс судалгаа: Salesforce “Trailblazer Ranch” санаачилгаар ажилчдынхаа сэтгэл зүйг сэргээсэн нь

📌 Нөхцөл байдал:  

Дэлхий даяар тархан байрласан 80,000 гаруй ажилтантай Salesforce компани цар тахлын улмаас алсын зайнаас удаан хугацаагаар ажилласан ажилтнууддаа дараах сөрөг үр дагаврууд бий болсныг олж тогтоожээ:

  • Ажил амьдралын тэнцвэр алдагдсан

  • Сэтгэлзүйн ядрал, түгшүүр, ажлын стресс нэмэгдсэн

  • Ажилтнууд хоорондын харилцаа, багийн уур амьсгал сулрах байдал ажиглагдсан

  • Байгууллагын соёлд идэвхтэй оролцох идэвх буурсан

Salesforce-н удирдлагын баг эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд бүтээлч, цогц хандлага хайж эхэлжээ.

💡 Шийдэл:“Trailblazer Ranch” ажилтнуудын эрүүл мэндэд зориулсан тусгай амралтын төв

2022 онд Salesforce компани Калифорни мужийн Скоттс Валлид ажилтнуудын бие махбод, сэтгэл хөдлөл болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор бүтээсэн тусгай амралтын төв болох “Trailblazer Ranch”-ийг байгуулжээ. Гол онцлогууд:

  • Эрүүл мэнд ба амралтын хөтөлбөрүүд: Иог, бясалгал, байгальд алхах, фитнес сургалтууд болон ухамсарт амьдралын хэв маягийг дэмжих семинарууд

  • Хамтын ажиллагааны хөтөлбөрүүд: Багийн уялдаа холбоог сайжруулж, хувь хүмүүс хоорондын харилцааг бэхжүүлэх зорилготой

  • Суралцах боломжууд: Ажилтан бүр карьерынхаа дараагийн алхам, өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг судлахад зориулсан хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болсон.

📈 Үр дүн

  • Ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилсэн.

  • Багийн уур амьсгал сайжирч, багууд хоорондын хамтын ажиллагааны идэвх нэмэгдсэн.

  • Ажилтнуудын ажилдаа үлдэх, үнэнч байдлын үзүүлэлт сайжирсан.

🔍 HR сургамж

Ажилтныг бүх талаас нь дэмжсэн, ухаалаг, цогц хөтөлбөр нэвтрүүлэх нь зөвхөн богино хугацааны шийдэл бус, харин байгууллагын тогтвортой хөгжил, урт хугацааны өсөлтийн үндэс юм. 

HR HAAAAACK

💣 “Хэрэггүй процессыг устгах” долоо хоног

HR-ийн хувьд бид олон систем, журмыг бий болгодог ч цаг хугацааны явцад тэдгээр нь хуучирч, үр өгөөжөө алддаг. Энэ долоо хоногт та дараах санааг хэрэгжүүлж үзээрэй.

  • Ажилтнууд болон менежерүүдээс “хамгийн төвөгтэй, хэрэггүй эсвэл давхардсан” HR процессын тухай санал аваарай.

  • Тэдгээрээс хамгийн их дурдагдсан 1-2 процессыг сонгож, шинэчлэх эсвэл хасах боломжийг тооцоолоорой.

  • Нэг жижиг өөрчлөлтөөс эхэлж болно: автоматжуулах, алхмуудыг цөөлөх, эсвэл бүрмөсөн зогсоох.

  • Өөрчлөлтийн өмнө ба дараах үр дүнг товч баримтжуулж, багтаа танилцуулаарай.

✂️ Яагаад үр дүнтэй вэ:

  • Ажилтнууд HR-г илүү уян хатан, ухаалаг хандлагатай гэж хүлээн зөвшөөрнө.

  • Багахан өөрчлөлт ч итгэлцэл, үр ашигт нөлөөлдөг.

  • Та багийнхаа цагийг хэмнэж, системийн доголдлыг засах чухал алхам болох юм.

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.