• Hey HR
  • Posts
  • Монголчуудын ажлын бүтээмж сүүлийн нэг жилд 4.8% өслөө

Монголчуудын ажлын бүтээмж сүүлийн нэг жилд 4.8% өслөө

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

ДОТООДОД…

Монголчуудын ажлын бүтээмж сүүлийн нэг жилд 4.8% өслөө

Энэ оны II улирлын байдлаарх нэг ажилтанд ногдох ДНБ 6.2 сая төгрөг болж жилийн өмнөхөөсөө 4.8% өсөөд байна.

Салбараар нь харвал барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарынхны хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн аж. Мэдээж хэрэг эдгээр салбарт бүтээмж нэмэгдсэн нь улирлын шинж чанартай өсөлт, дотоодын хэрэглээ сэргэх, төрийн болон хувийн хөрөнгө оруулалтын зарим төсөл эрчимжсэнтэй холбоотой. ХАА-г дэмжих олон хөтөлбөр хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл олгосон.

Харин нөгөө талд нүүрсний үнийн уналт, уул уурхайн салбарын орлогын бууралтаас үүдэн тус салбарынхны хөдөлмөрийн бүтээмж ₮1.4 саяар багасжээ.

ОЛОН УЛСАД…

Иргэдээ ажлын байраар хангах нь ЗГ-ынх нь тэргүүн зорилт болохыг Сингапурын Ерөнхий сайд зарлав

Дэлхийн худалдааны саад тотгор, хиймэл оюунаас үүдэх эрсдэлүүд нүүрлээд буй энэ үед иргэдээ ажлын байраар хангах нь Засгийн газрын тэргүүний зорилт байхыг Сингапур улсын Ерөнхий сайд Лоуренс Вонг мэдэгдлээ.

Тус улс байгуулагдсаны 60 жилийн ойн баярын чуулганд Лоуренс Вонг үг хэлэхдээ АНУ, БНХАУ-ын зөрчил болон Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн тарифын дайны нөлөөлөл, шинэ технологиуд хүмүүсийн ажлын байрыг орлох эрсдэл нь Сингапурт тулгарах гол сорилтууд болохыг онцолсон байна. Мөн тэрээр "Дэлхийн түүхийн илүү түгшүүртэй, донсолгоотой шинэ бүлэг эхэлж байна" хэмээгээд, Сингапур улсын худалдаанд суурилсан эдийн засгийг улам хүчирхэгжүүлж, нийгэм хамгааллын тогтолцоогоо бэхжүүлэх төлөвлөгөөтэй ажиллахаа дурджээ.

"Эцсийн эцэст манай эдийн засгийн стратеги бол ажил, ажил, бас дахин ажил. Энэ бол бидний тэргүүн зэргийн зорилт байх болно. Сингапурчуудад шинэ ажлын боломжийг атгахад дэм болохын тулд бид илүү ихийг хийнэ" хэмээн Лоуренс Вонг онцолжээ.

Хүний ур чадварын дутагдал AI төслүүдийг сааруулж байна

AI-н үр дүнтэй хэрэгжилтийг сааруулж болзошгүй 13 төрлийн хүний ур чадварын дутагдал байгааг судлаачид анхааруулжээ. Multiverse компанийн судлаачдын үзэж байгаагаар, танин мэдэхүй, харилцаа, өөрийгөө удирдах чадварууд нь ажилтнуудад ажлын байранд AI-г үр дүнтэй ашиглах гол хүчин зүйл болох ёстой аж. Сургалт, суралцахуйн судлаачид AI-г амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай 13 төрлийн хүний ур чадварыг тодорхойлсон бөгөөд үүнд дараах чадварууд багтжээ:

  1. Аналитик сэтгэлгээ

  2. Бүтээлч байдал

  3. Системтэй сэтгэх чадвар

  4. AI ёс зүй

  5. Соёлын мэдрэмж

  6. Сониуч зан

  7. Бие даан суралцах чадвар

  8. Нарийвчлалд анхаардаг байдал

  9. Дасан зохицох чадвар

  10. Тууштай байдал

  11. Өөрийгөө бусдын оронд тавих чадвар

  12. Хүлээн авагчдаа тохируулан харилцах чадвар

  13. Үр дүнтэй санал, шүүмж өгөх чадвар

“Удирдагчид AI технологид хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа ч, тэдний анхаарлын төв нь буруу зүгт чиглэж байна. Тэд үүнийг зөвхөн технологийн асуудал гэж хардаг ч, үнэн хэрэгтээ энэ бол хүн ба технологийн хосолсон сорилт юм,” хэмээн Multiverse компанийн сургалт хариуцсан захирал Гэри Аймерман мэдэгдэлдээ дурджээ.

HR MOMENT

Кейс судалгаа: Nike сэтгэл зүй болон сайн сайхны хөтөлбөрөө өргөжүүлэн ажилтнуудынхаа тогтвортой байдлыг дэмжсэн нь

📌 Нөхцөл байдал: Цар тахлын дараа Nike компанийн ажилтнуудын дунд стресс, ядаргаа болон ажлын ачаалал нэмэгдэж, ажилтны сэтгэл ханамж болон тогтвортой байдалд сөргөөр нөлөөлжээ. Тус компани ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, стрессийг бууруулах, урт хугацаанд ажилдаа үлдэх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай болсон аж.

💡 Шийдэл: Сэтгэл зүй болон сайн сайхны тэтгэмжийг өргөжүүлэв. Nike ажилтнуудынхаа эрүүл мэнд, сайн сайхныг бодитоор дэмжихийн тулд дараах шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн:

  • Үнэгүй сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл засал

  • Сэтгэл зүйн эрүүл мэнд болон бясалгалын аппликейшн ашиглах эрх

  • Ажилтнуудад зориулсан сайн сайхан байдлыг дэмжих тэтгэлэг

  • Сэтгэл зүйн эрүүл мэндэд зориулсан цалинтай чөлөө

📈 Үр дүн:

  • Ажилтнуудын стресс, ядаргааны түвшин буурсан.

  • Сэтгэл ханамж болон ажилдаа үлдэх үзүүлэлт нэмэгдсэн.

  • Nike ажил олгогчийн хувьд нэр хүндээ өсгөж, өндөр ур чадвартай ажилтнуудыг татах чадвараа нэмэгдүүлсэн.

HR HAAAAACK

HR болон менежерүүд ашиглах 40 ChatGPT өгөгдөл /6-р хэсэг/

Өмнөх дугаарт ажилтны оролцоотой холбоотой таны ажлыг хөнгөвчлөх ChatGPT өгөгдлүүдийг хүргэсэн билээ. Энэ дугаарт байгууллагын дотоод харилцаатай холбогдох өгөгдлүүдийг танилцуулъя. Та өөрийн ажилд тохируулан өөрчлөх үгс доор зураасан тэмдэглэгээ хийлээ.

1. Өөрчлөлтийн талаарх тодорхой, дэмжсэн өнгө аястай зар мэдэгдэл бичих

Өгөгдөл: Та бол байгууллагын дотоод харилцаа хариуцсан менежер бөгөөд нэгжийн бүтцэд орж буй өөрчлөлтийн талаар ажилтнуудад хүргэх албан ёсны мэдэгдэл бэлтгэж байна.

Уг мэдэгдэл нь ямар өөрчлөлт болох гэж байгаа, яагаад ийм шийдвэр гарсан зэргийг товч тодорхой тайлбарлана. Мөн ажилтнуудад дараагийн алхмуудыг ойлгомжтойгоор танилцуулж, аливаа түгшүүрийг багасгах, асуулт тавих боломж нээлттэй байгааг онцолж өгнө. Найруулгын өнгө ил тод, эерэг, ойлгомжтой, 300 үгнээс хэтрэхгүй байна.

2. Бодлогын шинэчлэлтийг энгийн хэлээр дахин найруулах

Өгөгдөл: Та бол байгууллагын дотоод харилцааны мэргэжилтэн бөгөөд цагийн чөлөөний бодлогын өөрчлөлтийн тухай албан мэдэгдлийг ажилтнуудад ойлгомжтой, найрсаг болгон засварлаж байна. Найруулга нь энгийн, үнэн зөв, ажилтнууд ойлгоход амар байдлаар бичигдэнэ. Нийт урт нь 250 үгнээс хэтрэхгүй байх шаардлагатай.

3. Долоо хоног бүрийн уулзалтын хураангуй бичих

Өгөгдөл: Та бол дотоод харилцааны мэргэжилтэн бөгөөд энэ долоо хоногийн уулзалтын богино хэмжээний дотоод хураангуй мэдээг бичиж байна. Мэдээнд гол шинэчлэлтүүд, чухал шийдвэрүүд, бичлэг үзэх холбоос, танилцуулгын холбоосыг оруулна. Найруулгын өнгө нь албан бус, гэхдээ мэргэжлийн байх шаардлагатай. Нийт урт нь 200 үгнээс хэтрэхгүй байна.

Tip: Хэрэв та олон сувгаар ашиглахыг хүсвэл, ChatGPT-ээс Slack-д оруулах богино хувилбар болон email-д зориулсан бүрэн хувилбарыг нь боловсруулж өгөхийг хүсээрэй.

4. Тодорхой амжилтыг тэмдэглэсэн удирдлагын мессежний ноорог бичих

Өгөгдөл: Та бол хүний нөөцийн менежер. Дэд Ерөнхийлөгч нэг жилийн өмнө хийсэн брэнд шинэчлэлтийн ойг тэмдэглэн багтаа хандаж мессеж илгээх гэж байна. Та тус мессежийг ноороглох бөгөөд үүнд туулсан зам, гаргасан ахиц, багийн хөдөлмөрт талархал илэрхийлэх, мөн ирээдүйн боломжид урам өгөх өнгө аяс агуулна. Захидал нь 150 үгнээс хэтрэхгүй, мөн тухайн VP-ийн хувийн өнгө аяс (даруу, алсын хараатай, хошин гэх мэт)-тай уялдуулан бичигдсэн байх ёстой.

5. Дотоод харилцааны контентын календарь төлөвлөх

Өгөгдөл: Та бол байгууллагынхаа дотоод харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд дараагийн улирлын контентын төлөвлөлтийг хийж байна. Та ирэх 3 сарын хугацаанд долоо хоног бүр дор хаяж нэг контент хүргэх зорилготой. Агуулга нь хүний нөөцийн мэдээ, стратегийн шинэчлэлт, соёлын онцлох мөчүүд гэх мэт төрөл бүрийн сэдвийг хамарна. Календарь нь дараах багануудтай хүснэгт хэлбэртэй байна:
Огноо / Сэдэв / Хүлээн авагч / Хариуцсан хүн

Үргэлжлэлийг дараагийн дугаараас хүлээн авна уу…

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.