- Hey HR
- Posts
- Судалгаа: Сард зарлагдаж буй ажлын байрны дунджаар 78 хувьд нь ажилтан олдохгүй байна
Судалгаа: Сард зарлагдаж буй ажлын байрны дунджаар 78 хувьд нь ажилтан олдохгүй байна


Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec
ДОТООДОД…
Судалгаа: Сард зарлагдаж буй ажлын байрны дунджаар 78 хувьд нь ажилтан олдохгүй байна

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд дунд хугацаанд буюу 2035 он гэхэд дор хаяж 1.8 сая ажилтан шаардлагатай. Өөрөөр бол ажиллах хүч одоогийнхоос ойролцоогоор 28% буюу 389 мянгаар өсөх ёстой болж байгаа юм. Өнгөрсөн 10 жилд ажиллах хүч 18.9% өсөж 1.5 сая, ажиллагчид 23% өсөж 1.4 саяд тус тус хүрсэн бол ажилгүйчүүдийн тоо 24% буурч 81 мянгад хүрсэн эерэг зураглал харагдана.
Гэсэн ч хамгийн ноцтой зүйл нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам өнгөрсөн 10 жилд 7.9% өсөж 878.5 мянгад хүрчээ. Энэ нь нийт хөдөлмөр эрхлэх боломжтой хүн амын 41.6% гэсэн үг.
Сүүлийн жилүүдэд бизнес эрхлэгчид “Хүн олдохгүй байна” гэх үгийг амны уншлага болтлоо хэлэх болсон. Энэ нь ч бодитой буюу 2017 онд ажлын байрны захиалгын гүйцэтгэл 73%-тай байсан бол жил бүр буурсаар 2023 онд 42%, 2025 онд бүр 21.8% болтлоо буурчээ. Тухайлбал, өнгөрсөн онд сард дунджаар 73 мянган ажлын байр зарлагдсаны ердөө 15.9 мянга нь хангагдсан байгаа юм.
Мөн өнгөрсөн оны сүүлийн хагас жилд ажилд зуучлагдсан иргэдийг насны бүлгээр нь харахад, хамгийн их буюу 28.1% нь 35-44 насныхан, 27.1% нь 25-34 насныхан байв. Харин 15-24 насныхны ажилд орсон байдал 55 ба түүнээс дээш насныхтай бараг л ойролцоо байсан нь анхаарал татаж байв.
Манай хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний оролцоо сүүлийн 10 жилд шальтай өсөж, буураагүй буюу 60%-д хэлбэлзэж ирсэн. Харамсалтай нь тус хугацаанд 15-49 насныхны оролцоо буурч, 50-69 насныхны оролцоо нэмэгджээ.
ОЛОН УЛСАД…
AI нь Их Британид бусад зах зээлүүдтэй харьцуулахад илүү хүчтэй цохилт өгч байна

Хиймэл оюун ухааны нөлөөгөөр Их Британи шинээр бий болгож буйгаасаа илүү олон ажлын байрыг алдаж байна. Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкны судалгаагаар, Британийн компаниуд AI-ийн хэрэглээний улмаас сүүлийн 12 сарын хугацаанд цэвэр ажлын байрны алдагдал хүлээсэн гэж мэдээлжээ. Энэ нь АНУ, Япон, Герман, Австрали зэрэг бусад том эдийн засгуудтай харьцуулахад хамгийн өндөр түвшин аж.
Bloomberg-т хуваалцсан уг судалгаа нь AI-г дор хаяж нэг жилийн турш ашигласан таван салбарын компаниудыг хамарсан байна. Үүнд: өргөн хэрэглээний бараа, жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, тээвэр, эрүүл мэндийн тоног төхөөрөмж болон автомашин зэрэг салбарууд багтжээ.
Судалгаагаар Их Британийн бизнесүүд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дунджаар 11.5%-ийн бүтээмжийн өсөлт гаргасан гэж мэдээлсэн байна. АНУ-ын компаниуд ч мөн адил бүтээмжийн өсөлттэй байсан ч, ажлын байраа цомхотгосноосоо илүү олон шинэ ажлын байр бий болгож чаджээ.
Олон улсын ажилд зуучлалын Randstad компанийн судалгаагаар, Их Британийн ажилчдын дөрөвний нэгээс илүү хувь нь хиймэл оюун ухааны улмаас ирэх таван жилийн дотор өөрийн ажлын байр бүр мөсөн алга болно гэж санаа зовж байна.
Уламжлалт карьерын шатлал “портфолио карьер”-аар орлогдох уу?
Randstad компанийн хамгийн сүүлийн судалгаагаар, олон мэргэжилтнүүд амжилттай карьер гэдгийг шинээр тодорхойлж, зарим нь уламжлалт карьерын шатлалыг бүрэн үгүйсгэж, оронд нь “портфолио карьер” буюу олон төрлийн орлогын эх үүсвэртэй байх загварыг сонгож буйг онцолсон байна.
27,000 гаруй ажилтны дунд явуулсан судалгаанд оролцогчдын ердөө 41 хувь нь уламжлалт карьерын замналыг дагах хүсэлтэй байна гэжээ. Мөн адил, судалгаанд хамрагдсан 1,225 ажил олгогчийн 72 хувь нь "шугаман карьерын шатлал" буюу уламжлалт өсөлтийн загвар үеэ өнгөрөөсөн гэж үзэж байна.
Randstad энэ өөрчлөлтийг “Ажиллах Хүчний Их Дасан Зохицол” (Great Workforce Adaption) хэмээн нэрлэж, хиймэл оюун ухааны хурдацтай хөгжлөөс үүдэлтэй ур чадварын шинэчлэлийн шаардлага болон удирдлагад итгэх итгэлийн хомсдолоос шалтгаалсан хөдөлгөөн гэж тодорхойлжээ.
Судалгаанд дурдсанаар, тодорхойгүй нөхцөл байдалтай нүүр тулгарч буй ажилтнууд “дасан зохицож, эрсдэлээ олон салбарт хуваарилж, ‘портфолио карьер’ буюу олон орлогын эх үүсвэртэй ажиллах загварыг бий болгох” замаар хяналтыг өөрсдийн гарт авахыг эрмэлзэж байна.
Богино хугацааны гэрээт ажил хийдэг ихэнх ажилтнууд үүнийг санхүүгийн тогтвортой байдлын даатгал мэтээр хардаг аж. Glassdoor Community-ийн 800 гаруй гишүүний дунд явуулсан судалгаагаар, 67 хувь нь гэрээт ажил хийх гол шалтгаанаа орлого нэмэгдүүлэх хүсэл гэж хариулсан бол, дараагийн гол шалтгаанууд нь карьерын чиглэл өөрчлөх, сонирхлынхоо дагуу төсөл хэрэгжүүлэх, эсвэл шинэ ур чадвар эзэмших гэжээ.
“Уян хатан, шугаман бус карьерын замналыг дэмжих нь санхүүгийн баталгаат байдлыг эрэлхийлж буй ажилтнуудын үнэнч байдлыг олж авах түлхүүр болно” хэмээн Randstad мэдэгдэв.
HR MOMENT
🟩 Кейс судалгаа: GitHub “Manager of One” соёлоор бие даасан гүйцэтгэлийг дэмжсэн нь

📌 Нөхцөл байдал:
GitHub нь дэлхий даяарх алсын зайн инженерүүдтэй, хурдтай өөрчлөгддөг open‑source экосистем дээр ажилладаг компани. Уламжлалт, шаталсан удирдлага нь инженерүүдийн хурд, уян хатан байдлыг сааруулах, микро менежмент үүсгэх, шийдвэр гаргалтыг удаашруулах эрсдэлтэй байжээ. GitHub-д инженерүүдийг бүтээлч, хариуцлагатай байдлаар ажиллуулах өөр загвар хэрэгтэй болсон аж.
💡 Шийдэл: “Manager of One” буюу өөрийгөө удирдах соёл
GitHub инженерүүдийг “өөрийн ажлын менежер” гэж үздэг соёлыг системтэйгээр төлөвшүүлжээ. Энэхүү загварын гол зарчмууд:
Инженер бүр өөрийн ажлын зорилго, гүйцэтгэл, хугацааг тодорхойлох;
Менежерүүд хяналт тавих биш, саад тотгор арилгах үүрэг гүйцэтгэх;
Ажлын явцыг тайлагнахын оронд бичгээр ил тод харуулах;
Ажлын гүйцэтгэлийг цаг, оролцоогоор бус үр дүн, нөлөөгөөр үнэлэх;
“Manager of One” нь хяналтгүй байдал бус, өндөр хариуцлагатай эрх чөлөөт орчныг бүрдүүлсэн байна.
📈 Үр дүн:
Инженерүүдийн бие даасан байдал, урам зориг мэдэгдэхүйц өссөн;
Шийдвэр гаргалт хурдтай, багууд илүү шаламгай болсон;
Алсын зайн багууд ижил түвшний дуу хоолойтой болсон;
GitHub инженерийн бүтээмж, open‑source оролцоо тогтвортой өссөн;
Компанийн соёл итгэлцэл, хариуцлагад суурилсан болж төлөвшсөн.
⚠️ Анхаарах зүйл: Энэ загвар нь өөрийгөө удирдах чадвар өндөр, бичгээр харилцах соёлтой багуудад илүү тохиромжтой. Бүх орчинд шууд хуулбарлах боломжгүй.
HR HAAAAACK
👨💼Шинэ менежерүүдэд зориулсан хөтөлбөр

Gartner-ийн судалгаагаар анх удаа менежерийн албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн 60% нь эхний хоёр жилдээ хангалтгүй ажилладгийг тогтоожээ. Гэтэл ихэнх байгууллагууд тэдэнд зүгээр л гарын авлага өгөөд орхидог. Шинэ менежерүүдэд ганц удаагийн сургалт бус тасралтгүй дадлага, хамтын ажиллагаа, бодит дэмжлэг хэрэгтэй.
Энэхүү хөтөлбөрийг нэгээс хоёр жилийн хугацаанд сард нэг удаа 60 минутын уулзалт зохион байгуулж, шинэ менежерүүдийн бодит сорилт дээр хамтран ажиллаж, хэлэлцэж, суралцах байдлаар хэрэгжүүлэх юм.
💡 Сар бүрийн сэдвүүдийн жишээ:
Зөөлөн хэр нь үр дүнтэй шүүмжлэл өгөх
Багийн гишүүдийн ажлаас халшрах хам шинжийг эрт таних
Үр дүнтэй, урамтай 1:1 уулзалт удирдах
Сул гүйцэтгэлийг микро менежментгүйгээр шийдвэрлэх
📊 Хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах аргууд:
Pulse санал асуулга: Менежерүүдийн итгэлцэл, ур чадвар хэрхэн сайжирч байгааг хянах
Менежерийн тогтвортой байдал: Хөтөлбөрт оролцсон менежерүүдийн ажлын байрны тогтвортой байдал
Чанарын үнэлгээ: “Өмнөх уулзалтаас ямар нэг зүйл туршиж үзсэн үү?”
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
