- Hey HR
- Posts
- 8 хүн тутмын 1 нь автоматжуулалтаар орлуулагдах эрсдэлтэй байна
8 хүн тутмын 1 нь автоматжуулалтаар орлуулагдах эрсдэлтэй байна
Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДOД…
Оюу толгой хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Оюу толгой нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар уурхайн тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлж эхэлжээ. Ингэснээр тоног төхөөрөмжийн зогсолтыг багасгаж, уурхайн үйл ажиллагааг илүү найдвартай, үр дүнтэй болгох боломж бүрдэж буй аж.
2026 он гэхэд 2700 гаруй мэдрэгчийг 300 гаруй төхөөрөмж дээр суурилуулж, төлөвлөгдөөгүй зогсолтыг 70% хүртэл бууруулах зорилт тавьжээ. Энэ шийдэл нь Оюу толгойг Рио Тинтогийн анхны ухаалаг уурхай болгох замыг нээж, зэсийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал алхам болсон байна.
Шинэ талентуудыг эрэн хайж буй бүх байгууллагуудыг бүртгэж эхэллээ.
Тавдугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар зочид буудлын Их танхимд
Мэдээлэл авах, хамтран ажиллах: 7711-8252
ОЛОН УЛСАД…
АНУ-ын ажиллах хүчний 8 хүн тутмын 1 нь автоматжуулалтаар орлуулагдах эрсдэлтэй байна.

SHRM-ийн тайланд дурдсанаар, 19 сая гаруй ажлын байр буюу АНУ дахь одоогийн ажлын байрны 12.6% нь ойрын хугацаанд автоматжуулалтын нөлөөгөөр алдагдах өндөр эрсдэлтэй байна. Хамгийн эрсдэлтэй ангилалд хөх захт ажилтнууд, үйлчилгээний ажилтнууд, цаасан дээр суурилсан захиргааны дэмжлэг үзүүлдэг албан тушаалтнууд багтаж байна.
Өндөр эрсдэлтэй ангилалд багтах ажилтнууд шинэ ур чадвар эзэмших эсвэл ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай гэж SHRM мэдэгджээ. Ялангуяа маш өндөр эрсдэлтэй бүлэг гэж тооцоолсон 3.2 сая ажилтан буй аж. Үүнд эрүүл мэндийн туслах үйлчилгээ, тээвэр болон захиргааны дэмжлэгийн чиглэлээр ажиллагсад орж болно.
Харин эсрэг туйлд, ойрын хугацаанд автоматжуулалтад өртөх хамгийн бага эрсдэлтэй гэж тооцогдож буй бүлгүүд нь бүтээлч эсвэл шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадвар, тодорхой хэмжээнд уран сэтгэмж, шуурхай шийдвэр гаргах шаардлагатай ажлуудыг түлхүү гүйцэтгэдэг байна.
Энэтхэгийн жижиг бизнесүүд нь өсөлт, шинэ ажлын байрууд, ирээдүйн төлөөх өөдрөг хандлагаараа Ази–Номхон далайн бүсэд тэргүүлж байна
CPA Australia-ийн явуулсан Ази–Номхон далайн жижиг бизнесийн 16 дахь удаагийн судалгааны дагуу, Энэтхэгийн жижиг бизнесийн салбар нь бүс нутагтаа хамгийн эрчимтэй, идэвхтэй хөгжиж буй салбаруудын нэгээр тодорчээ. “Энэтхэгийн ЖДҮ-үүд нь инновац, дижитал шилжилт, идэвхтэй бизнесийн орчны ачаар амжилттай хөгжиж байна” гэж Энэтхэгт 30 жилийн туршлагатай, CPA Australia-ийн гишүүн Прафулла Чхажед онцолжээ.
2024 онд Энэтхэгийн жижиг бизнесүүдийн 46% нь ажиллах хүчээ нэмэгдүүлсэн нь судалгаанд хамрагдсан бүх орнууд дундаас хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ эерэг хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй бөгөөд судалгаанд оролцсон Энэтхэгийн жижиг бизнес эрхлэгчдийн 64% нь энэ онд нэмэлт ажилтан авах төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэ өсөлтийн ихэнхийг залуу энтрепренерүүд хөтлөн авч явааг Энэтхэг нь 40 хүртэлх насны жижиг бизнес эрхлэгчдийн хувь хэмжээ өндөртэй орнуудын нэг гэдгээс харж болох юм.
HR MOMENT
Кейс судалгаа: Airbnb байгууллагын соёлоо дахин тодорхойлсон нь

📌 Нөхцөл байдал:
2020 онд цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар хүнд цохилтод орж, Airbnb нийт ажилтныхаа 25% (ойролцоогоор 1,900 хүн)-ийг цомхотгох шийдвэр гаргасан. Үүний улмаас байгууллагын соёл суларч, үлдсэн ажилчдын хувьд итгэлцэл, урам зориг, хамрагдах мэдрэмж буурсан байдал ажиглагдаж байв.
💡 Шийдэл: Соёлын дахин төвлөрүүлэлт ба шинэ онбординг
Гол үнэт зүйлсээ дахин тодорхойлон “Belong anywhere” уриаг ажилтны өдөр тутмын туршлагад шингээж, байгууллагын зорилготой илүү гүн холбоо үүсгэсэн. Airbnb байгууллагын соёлыг дахин сэргээхийн тулд дараах алхмуудыг хийв:
Онбординг хөтөлбөрт ажилтнууд CEO-оос шууд Airbnb-ийн үүсэл, зорилго, хэрэглэгчийн түүхийг сонсож, компанийн нөлөөг хувь хүний утга учиртай түвшинд ойлгох боломжтой болсон.
Storytelling-ийг ашиглан Airbnb-ийн үйлчилгээ хэрэглэгчдийн амьдралд хэрхэн “харьяалагдах мэдрэмж” өгдгийг жишээгээр ойлгуулсан.
Ажилтны судалгаанд “Би энэ байгууллагад хамаардаг гэж мэдэрдэг үү?” гэх belonging хэмжүүрийг тусгайлан нэвтрүүлж, менежерүүдийн гүйцэтгэлд уялдуулсан.
Remote ажилтнуудын оролцоог дэмжих зорилгоор тусгай санаачилгууд хэрэгжүүлж, алсын зайнд ч багийн нэг хэсэг мэт мэдрэх орчныг бүрдүүлсэн.
Хамтарч соёлыг бүрдүүлэх оролцоотой процесс эхлүүлсэн: Шинэ ажилтнуудын санал, дуу хоолойг байгууллагын соёлын шинэ тодорхойлолтод тусгаж, “соёлыг зөвхөн дээд түвшинд бус, хамтаар бүтээдэг” гэх зарчим нэвтрүүлсэн.
📈 Үр дүн:
Шинэ ажилчдын сэтгэл ханамж мэдэгдэхүйц өссөн
Glassdoor үнэлгээ 2022 он гэхэд 4.6 болж өссөн
“Компанийн соёлд итгэх” үзүүлэлт 90%-иас давсан
🔍 HR сургамж:
Байгууллагын уриа бол зөвхөн гадагшаа чиглэсэн сурталчилгаа биш — дотоод ажилтнуудын өдөр тутмын туршлага, харилцаанд бодитоор шингэж, үнэ цэнэ, зорилго, оролцооны мэдрэмжийг бүрдүүлэх суурь болдог. Airbnb-ийн туршлага нь байгууллагын соёлыг “шинэчлэх” биш, хамтдаа “дахин бүтээх” нь хамгийн үр дүнтэй зам гэдгийг харуулж байна.
HR HAAAAACK

📋 Pulse судалгааг хэрхэн үр дүнтэй явуулах вэ?
Pulse судалгаа бол ажилтны сэтгэл ханамж, соёл, оролцоог тогтмол, хялбар байдлаар хэмжих хүчирхэг хэрэгсэл юм. Гэхдээ зөв хийж чадвал л үнэ цэнтэй үр дүн өгдөг. Доорх байдлаар судалгааг хялбар, үр дүнтэй явуулах боломжтой.
1. Зорилгоо тодорхойлох
Юуг хэмжих гэж байгаагаа эхэнд нь тодорхой болгох нь зүйтэй. Ажилтны оролцоо юу? Манлайлал уу? Алсын зайнаас ажиллах горимын нөлөө юу?
2. Цөөн асуулттай байлгах (5–10 хангалттай)
Pulse судалгаа бол хурдан “нөхцөл байдлын зураглал” авах хэрэгсэл, урт асуулга биш юм. "Сүүлийн 2 долоо хоногт ажлын орчин танд сэтгэл ханамж төрүүлсэн үү?" гэх мэт энгийн асуулт ашиглаарай.
3. Тогтмол давтамжтай явуулах
Сард нэг, улиралд нэг удаа гэх мэт тогтмол хуваарьтай болгоорой. Тийнхүү хамт олонд тасралтгүй анхаарч буйг ажилтнууд мэдэрдэг.
4. Нэрээ нууцлах боломжоор хангах
Итгэлцэл бий болгох нь хамгийн чухал зүйл. Илэн далангүй хариулт хүсэж байгаа бол, нууцлалыг баталгаажуулах хэрэгтэй.
5. Үр дүнг нээлттэй хуваалцаарай.
Зөвхөн судалгаа аваад орхих биш, хариу дүнг багтайгаа хуваалцаж сайжруулалт хийх төлөвлөгөө гаргаарай. "Бид таны дуу хоолойг сонсож байна" гэдгийг үйлдлээрээ батлах нь хамгийн чухал.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.