- Hey HR
- Posts
- Монголчуудын ажлын бүтээмж сүүлийн нэг жилд 4.8% өслөө (1)
Монголчуудын ажлын бүтээмж сүүлийн нэг жилд 4.8% өслөө (1)

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДОД…
Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нэг сая ам.долларын тэтгэлэгт хамрагдана

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн хамтарсан Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сангийн санхүүжилтэд хамрагдахаар шалгарсан Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.
Тус сангийн төслийг хэрэгжүүлэх анхны дөрвөн улсын нэгээр Монгол Улс шалгарсныг энэ оны 3 дугаар сард Женев хотноо албан ёсоор зарласан. Өнгөрсөн 4-5 дугаар сард болсон бүртгэлд Монголын 307 аж ахуйн нэгж хүсэлтээ илгээснээс 50 орчим бизнес эрхлэгч эмэгтэй шалгарч, тус сангаас 2 жилийн хугацаанд 1 сая ам.долларын өртөг бүхий санхүүгийн тэтгэлэг, сургалт зөвлөгөөн, техникийн туслалцааг авахаар болсныг Монгол Улсын Женев дэх Элчин сайдын яам мэдээлжээ.
Үүнд, цахим худалдааны шинэ боломжийг эрэлхийлж буй гарааны бизнест зориулсан санхүүжилт, цахим орчинд бизнесийн оролцоо, нөлөөгөө нэмэх, олон улсын зах зээлд өргөжихөд бэлэн болсон бизнест зориулсан санхүүжилтийг олгох аж. Шалгарсан оролцогчид манай улсын экспортын бараа бүтээгдэхүүний тэргүүлэх чиглэл болох арьс шир, ноос ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, аялал жуулчлал, хүнсний технологи, инновацийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн төлөөлөл юм.
ОЛОН УЛСАД…
Программистуудын ажилгүйдэл түүхэн өндөр түвшинд хүрчээ

“The New York Times”-д мэдээлснээр, сүүлийн жилүүдэд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр төгсөгчдийн ажиллах боломж эрс хумигдаж, хамгийн нэр хүндтэй их сургуулиудын төгсөгчид ч ажлын байр олоход хүндрэлтэй болжээ. Судалгаагаар, 22–27 насны их сургуулийн төгсөгчдийн дунд компьютерын шинжлэх ухааны чиглэлийнхний ажилгүйдлийн түвшин 6.1%, компьютерын инженерийнх 7.5%-д хүрсэн нь биологи, урлагийн түүхийн мэргэжлээр төгсөгчдийн 3%-тай харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Шалтгааныг шинжээчид хоёр хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ.
Нэгдүгээрт, 2021–2022 оны технологийн салбарын хөрөнгө оруулалтын огцом өсөлт, эрэлт нь төгсөгчдийн тоог хэт өсгөсөн бол 2023 оноос эхэлсэн эдийн засгийн хямрал, өндөр хүүгийн бодлого нь салбарын ажлын байрыг эрс цөөрүүлжээ. 2022 оны дөрөвдүгээр сард 478 мянгад хүрсэн технологийн ажлын байрны орон тоо 2023 оны гуравдугаар сард 163 мянга болж буурсан аж. Түүнчлэн Amazon, Meta, Microsoft зэрэг компани нийт 260 мянга гаруй ажилтнаа цомхотгожээ.
Хоёрдугаарт, ChatGPT зэрэг хиймэл оюуны хэрэгслүүд нь программчлалын олон үйлдлийг автоматжуулж, шинэ төгсөгчдийн боломжийг хязгаарлаж байна.
Японд ажиллах хүчний хомсдол нэмэгдэж, дотоодын компаниуд өндөр цалин амлаж байна
Япон Улсад ажиллах хүчний хомсдол үүсэж, дотоодын компаниудад цалингийн хэмжээ нэмэгдэж эхэлсэн байна. Энэхүү хандлагыг цаашид эрчимтэй өрнөх төлөвтэй байгааг Японы Төв банкны Ерөнхийлөгч Казүо Үэда тэмдэглэлээ.
Японы эдийн засагт экспорт жин дардаг тул АНУ-ын гаалийн татварын нөлөөнөөс үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан тус улсын Төв банк мөнгөний бодлогоо чангаруулах шийдвэрээ түр зогсоожээ. Харин Үэдагийн тус мэдэгдэл нь зах зээлд Төв банк ойрын хугацаанд бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх хүлээлтийг үүсгээд байна.
Тэрээр Японы хөдөлмөрийн насны хүн ам буурч байгаа ч, удаан хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ буурах төсөөлөлтэй байсан нь цалингийн өсөлтийг олон арван жилийн турш тогтвортой барихад голлон нөлөөлсөн гэдгийг онцлов. Гэсэн хэдий ч өдгөө ихэнх компанид ажилтнуудын цалин нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол нүүрлэж буй нь Японы яаралтай шийдвэрлэх эдийн засгийн асуудлуудын нэг болоод буй.
“Хэрэв гэнэтийн эдийн засгийн сөрөг шок гардаггүй юм бол, энэхүү асуудал цаашид дарамт үзүүлсээр байх болно” гэдгийг АНУ-ын Вайоминг мужийн Жексон Хоулд зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Үэда мөн онцолсон байна.
HR MOMENT
Кейс судалгаа: Google “Аристотель” төслөөр өндөр бүтээмжтэй багуудыг бий болгосон нь

📌 Нөхцөл байдал:
Google компани багуудынх нь бүтээмжийн түвшин ялгаатай байгааг анзаарч, ямар хүчин зүйлс багийг илүү өндөр үр дүнд хүргэдгийг ойлгох шаардлагатай болжээ. Тэдний өмнө тулгарсан асуудлууд нь:
Зарим баг өндөр бүтээмжтэй ажиллаж байсан бол нөгөө хэсэг нь хоцрогдож байв.
Хүний нөөцийн бодлогыг бүх багуудад ижил үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байв.
Багийн динамик болон гүйцэтгэлийг системтэйгээр шинжлэх судалгаа дутмаг байв.
💡 Шийдэл: “Аристотель” төсөл буюу өндөр бүтээмжтэй багийн нууцыг тогтоох судалгаа
Google 180 багийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, багийн бүтээмжийг тодорхойлох таван гол хүчин зүйл тодорхойлжээ. Тэр дундаас сэтгэл зүйн аюулгүй байдал буюу багийн гишүүд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, алдаа гаргасан ч шийтгэлээс айхгүй байх орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал хүчин зүйл болохыг тогтоожээ.
Судалгааны дараа Google “Team Effectiveness” нэртэй удирдамж боловсруулж, бүх багуудад ашиглуулсан байна. Мөн багуудын дунд сэтгэл зүйн аюулгүй байдлыг тогтмол хэмжих үнэлгээний систем нэвтрүүлжээ. Түүнчлэн доорх таван хүчин зүйлсэд тулгуурлан Google дараах арга хэмжээнүүдийг авсан:
Сэтгэл зүйн аюулгүй байдал: Менежерүүдэд зориулсан сургалт явуулж, ажилтнуудынхаа санал бодлыг илүү сонсож, алдааг шийтгэх биш, сургалтын боломж гэж харах соёлыг төлөвшүүлсэн.
Харилцан хүндлэл ба тэгш оролцоо: Багийн уулзалтуудын бүтэц өөрчлөгдөж, бүх гишүүдийн санал бодлыг сонсдог болгосон.
Зорилгын тодорхой байдал: Баг бүрд SMART зорилго тогтоож, ил тод байдлаар хянах системийг нэвтрүүлсэн.
Итгэлцэл ба дэмжлэг: Багийн гишүүдийн хооронд менторшип, peer-feedback тогтолцоог бий болгосон.
Уян хатан харилцаа: Багуудын доторх болон баг хоорондын харилцааг сайжруулахын тулд багийн хөгжлийн сургалт, хамтын ажиллагааны дижитал хэрэгсэл ашигласан.
📈 Үр дүн:
Багийн гүйцэтгэл, хамтын ажиллагаа илүү тогтвортой сайжирсан.
Багийн уулзалтууд илүү идэвхтэй болж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчин бүрдсэн.
Инновац, бүтээлч санаачилга нэмэгдсэн гэж дотоод судалгаагаар тогтоогдсон.
“Аристотель” төслийн үр дүн HR бодлогод тусгагдсанаар бүх багуудад ижил амжилтын боломж бүрдсэн.
HR HAAAAACK
HR болон менежерүүд ашиглах 40 ChatGPT өгөгдөл /7-р хэсэг/

Өмнөх дугаарт дотоод харилцаатай холбоотой таны ажлыг хөнгөвчлөх ChatGPT өгөгдлүүдийг хүргэсэн билээ. Энэ дугаарт өөрчлөлтийн менежменттэй холбоотой өгөгдлүүдийг танилцуулъя. Та өөрийн ажилд тохируулан өөрчлөх үгс доор зураасан тэмдэглэгээ хийлээ.
1. Байгууллагын бүтцийн өөрчлөлтийн талаарх зарлал бичих
Өгөгдөл: Та бол хүний нөөцийн ахлах менежер. Та олон хэлтэст нөлөөлөх харьяаллын бүтцийн өөрчлөлтийг зарлах албан ёсны мессеж бэлтгэж байна.
Уг мессеж нь ямар өөрчлөлт болох гэж байгаа, энэ нь яагаад чухал болох, мөн ажилтнуудад ямар дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн талаар тодорхой тайлбарласан байх ёстой. Найруулгын өнгө нь тайван, өөртөө итгэлтэй, ажилтнуудад ойлгомжтой, хүндэтгэлтэй байхаар бичигдэнэ. Мессежний урт 300 үгнээс хэтрэхгүй байх шаардлагатай.
2. Ажилтнуудад зориулсан өөрчлөлтийн талаарх асуулт, хариултын гарын авлага бэлдэх
Өгөгдөл: Та бол байгууллагынхаа дотоод харилцаа хариуцсан мэргэжилтэн бөгөөд шинэ систем нэвтрүүлэхтэй холбоотой ажилтнуудын нийтлэг асуултад хариулсан гарын авлага боловсруулж байна. Цаг хугацаа, сургалт, ажлын урсгалд үзүүлэх нөлөө, тусламж авах холбогдох хүний талаар мэдээлэл агуулсан 8–10 асуулт, хариулт бүхий FAQ гаргаж өгнө үү. Ойлгомжтой, энгийн хэл ашиглаж, асуултуудыг сэдвээр нь бүлэглэж бичнэ үү.
3. Өөрчлөлтийн танилцуулга бүхий илтгэлийн ноорог бичих
Өгөгдөл: Та бол өөрчлөлтийн менежментийн зөвлөх бөгөөд шинэ санаачилгыг нээж танилцуулах гэж байгаа тул ярих үндсэн санаануудыг бэлдэж байна. Уг илтгэлийн ноорог нь өөрчлөлтийн зорилгыг тодорхой тайлбарлахын зэрэгцээ нээлттэй, итгэлцэл дээр суурилсан уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэж, ажилтнуудаас санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэхийг уриалах агуулгатай байна.
4. Оролцогч талуудын харилцаа холбооны төлөвлөгөө боловсруулах
Өгөгдөл: Та бол хүний нөөцийн менежер бөгөөд байгууллагын хэд хэдэн хэлтсийг хамарсан өөрчлөлтийн үйл явцыг удирдаж байна. Тус ажлын хүрээнд удирдлагууд, менежерүүд болон ажилтнууд гэх мэт оролцогч тал бүрд зориулсан гол мессежнүүд, харилцааны сувгууд, хугацаа болон хариуцсан эздийг тодорхой тусгасан харилцаа холбооны төлөвлөгөө боловсруулна. Төлөвлөгөөг хүснэгт хэлбэрийн бүтэцтэй байна.
5. Өөрчлөлтөд эсэргүүцэл илэрхийлсэн ажилтанд хариу өгөх захидлыг найруулах
Өгөгдөл: Та бол хүний нөөцийн менежер бөгөөд нэг ажилтан саяхан хийгдсэн өөрчлөлтөд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Хариу мессеждээ тухайн ажилтны санаа зовнилыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ, шийдвэр гарсан шалтгааныг ойлгомжтой тайлбарлаж, цаашдын нээлттэй харилцааг уриалах хэрэгтэй. Найруулга нь урам өгсөн, ойлгомжтой байж, нийт урт нь 200 үгнээс хэтрэхгүй байх ёстой.
Сүүлийн хэсгийг дараагийн дугаараас хүлээн авна уу…
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.