- Hey HR
- Posts
- AI хөгжихийн хэрээр бизнесийн сургууль төгсөгчдийн эрэлт нэмэгдэж байна
AI хөгжихийн хэрээр бизнесийн сургууль төгсөгчдийн эрэлт нэмэгдэж байна

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДOД…
Мобиком группийн ажилтнуудынхаа гэр бүлийн сайн сайхан байдлыг дэмжин ажиллаж буй шинэлэг туршлага

Мобиком группийн Хүний нөөцийн газрын захирал Б.Соёлчимэг gogo.mn-д өгсөн ярилцлагадаа тус группийн хэрэгжүүлж буй ажилтнуудынхаа гэр бүлийг дэмжсэн шинэлэг хөтөлбөрүүдийг дурджээ.
1. “Mobifund” хуримтлалын сан - Ажилтнууд цалингаа гол төлөв амьжиргаа, зээл, өрхийн дэмжлэг зэрэгт зарцуулдаг тул урт хугацааны санхүүгийн хамгаалалт хангалтгүй байдгийг үндэслэн "Mobifund" нэртэй хуримтлалын санг байгуулжээ.
Ажилтан цалингаасаа сар бүр тодорхой хувийг хуримтлуулж,
Ажил олгогч талаас нь ижил дүнгээр тэнцүү хөрөнгө оруулалт хийдэг.
Хуримтлуулсан сан нь ажилтны ирээдүйг дэмжих, санхүүгийн аюулгүй байдлыг хангах зорилготой.
2. Боловсролын болон хүүхдийн дэмжлэгийн бодлого - Их сургуульд элсэж буй хүүхэд бүрд нэг удаа тусламж, сургуулийн насны болон цэцэрлэгийн насны хүүхэдтэй ажилтанд жил бүр дүрэмт хувцасны зардлын дэмжлэг.
3. Эрүүл мэндийн даатгал - 2025 оноос эхлэн бүх ажилтныг эрүүл мэндийн нэмэлт даатгалд хамруулсан бөгөөд хүсэлтийг нь үндэслэн гэр бүлийн гишүүдийг ч хамруулах боломжийг олгосон аж.
4. Эх, хүүхдийн өрөө - Залуу ээж, аавуудад тулгардаг нийтлэг асуудал бол хүүхдээ асрах хүнгүйгээс шалтгаалан ажлын цагт төвлөрч чадахгүй байх, цэцэрлэг 18:00 цагт хаагддаг зэрэг асуудлууд байдаг. Ийм нөхцөл байдлыг бодитоор ойлгон, ажилтнуудаа ажилдаа бүрэн төвлөрөх, түгшүүргүй орчныг бүрдүүлэхийн тулд хүүхдийн өрөөг байгуулжээ.
Ажилтнууд өөрсдийн хүүхдийг өрөөнд байршуулангаа, дотоод камерын хяналтаар ажиглаж, ажлаа үргэлжлүүлэх боломжтой.
Мөн хажууд нь хөхүүл ээжүүдэд зориулсан тусгай өрөөг шийдэж, хувийн орон зай, эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчныг бүрдүүлжээ.
ОЛОН УЛСАД…
AI хөгжихийн хэрээр бизнесийн сургууль төгсөгчдийн эрэлт нэмэгдэж байна

Хиймэл оюун ухааны нэвтрэлт бизнесийн орчинд хурдацтай нэмэгдэж, шинэ боломжуудыг нээж буй тул бизнесийн сургуулийн шинэ төгсөгчид карьерынхаа ирээдүйд өөдрөг хандах боломжтой хэвээр байна.
2025 оны GMAC-ийн судалгаанд дэлхийн 46 улсаас 1,108 компанийн хүний нөөцийн менежер, ажилд авалтын мэргэжилтнүүд оролцжээ. Шинэ, дэвшилтэт технологийг өргөнөөр нэвтрүүлж буй энэ үед, бизнесийн магистрын зэрэг эзэмших явцад олж авсан ур чадварууд урьд урьдаас илүү чухал болсон хэмээн ажил олгогчдын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрчээ.
Дэлхийн ажил олгогчдын 76% нь 2025 онд шинээр төгссөн MBA зэрэгтэй ажил горилогчдыг 2024 онтой ижил хэмжээтэй эсвэл түүнээс илүү тоогоор ажилд авна гэж төлөвлөж байна. Цаашлаад, тэдний 90% нь MBA зэрэгтэй хүнийг ажилд авах сонирхолтой байгаа нь бакалаврын зэрэгтэй эсвэл өөр байгууллагаас шууд ирж буй ажил горилогчдоос илүү өндөр үзүүлэлт юм.
HR MOMENT
Кейс судалгаа: Netflix “No Rules Rules” соёлоор бүтээлч, уян хатан байдлыг нэмэгдүүлсэн нь

📌Нөхцөл байдал: Netflix компани хурдацтай өсөлт, инновацыг эрхэмлэдэг хэдий ч уламжлалт HR бодлого, дүрэм журам ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ болон хурдан шийдвэр гаргалтыг хязгаарлаж буйг ажигласан байна. Тэд дараах сорилтуудтай тулгарчээ:
Бүтээлч үйл явц, шинэ санаачилга гаргах хурд удааширсан.
Ажилтнууд дунд дүрэм журамтай холбоотой бухимдал, сөрөг сэтгэгдэл бий болсон.
Уламжлалт шат дамжлагатай баталгаажуулалт бүтээмжид сөргөөр нөлөөлсөн.
💡 Шийдэл: “No Rules Rules” буюу дүрэмгүй компани соёлын загвар
Netflix компани радикал, илэн далангүй, илүү эрх чөлөөтэй “No Rules Rules” загварыг хэрэгжүүлсэн бөгөөд үүнд:
Тогтсон амралтын хугацааны хязгаарыг цуцалсан буюу ажилтнууд хүссэн үедээ амралтаа өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн амралтаа авдаг болсон.
Зардлын тайлан батлуулах шат дамжлагыг хасаж, ажилтнууд байгууллагын ашиг сонирхолд нийцүүлэн хариуцлагатай зарлага гаргах эрх мэдэлтэй болжээ.
Уламжлалт шатлалын бүтцийг аль болох багасгаж, илүү уян хатан, нээлттэй харилцааны соёлыг дэмжсэн. Менежерүүд ажилтнууддаа хяналт тавихаас илүүтэйгээр итгэлцэлд суурилсан удирдлагын хэв маягийг хэрэгжүүлжээ.
📈 Үр дүн:
Ажилтнуудын бүтээлч байдал, санаачилга нэмэгдэж, шинэ төсөл санаачлах хурд сайжирсан.
Ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагадаа итгэх итгэл нэмэгдсэн.
Netflix-н авьяаслаг ажилтнуудыг татах чадвар болон ажилтнуудын тогтвортой байдал сайжирсан.
Байгууллагын өсөлт, бүтээмжид эерэг нөлөө үзүүлсэн.
🔍 HR сургамж: Netflix-н туршлагаас харахад дүрэм журмаас илүү ажилтнуудынхаа шийдвэр гаргах эрх мэдэлд итгэл хүлээлгэж, эрх чөлөө олгох нь инновац, бүтээлч байдлыг өдөөж, байгууллагын тогтвортой өсөлтөд хүчтэй нөлөөлдөг байна.
HR HAAAAACK
Орчин үеийн ажлын байранд тохирсон хувцаслалтын дүрмийг боловсруулах нь 👔

Сүүлийн зуун жилийн хугацаанд албан ёсны хэм хэмжээнүүд тасралтгүй өөрчлөгдөж, сүүлийн таван жилд бүр ч хурдтай хувьсаж байна. Энэ үед HR хэрхэн тэнцвэртэй, ухаалаг, үр нөлөөтэй хувцаслалтын бодлого боловсруулах вэ?
Эртнээс нээлттэй мэдээлэл өгөх нь чухал
Мэргэжлийн дүрэм, хэм хэмжээг ярилцлагын шатнаас л тодорхой болгох хэрэгтэй гэж Breathe HR компанийн Хүний нөөцийн захирал Чарли О’Брайен HR Dive-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Эртнээс тодорхойлсон бодлого нь цаг хугацааны явцад үүсэх ойлгомжгүй байдлыг арилгаж өгдөг.
"Яагаад?" гэдгээ тодорхой болго
Хувцаслалтын дүрэм журмыг аль болох эрт танилцуулахын зэрэгцээ, удирдах ажилтнуудыг ч оролцуулж, ажилтнуудад энэ бодлогын “учир шалтгааныг” ойлгуулах нь маш чухал гэж О’Брайен онцолжээ. Мөн ажилтны ажлын байрны онцлог, гүйцэтгэх үүрэг хувцаслалттай холбоотой байж болно гэж О’Брайен тайлбарлав. Гэхдээ энэ дотор хувь хүний өөрийгөө илэрхийлэх орон зайг үлдээх ёстой.
Үе хоорондын ялгааг ойлгох нь
Z үеийнхэн ажлын хувцаслалтын талаар өөр хандлагатай болох нь илт харагдаж байна. Цар тахлын дараа спорт загварын хувцас ажлын байранд илүү түгээмэл болж эхэлсэн.
Kent State их сургуулийн магистрын оюутан Карлисса М. Теналья 2024 онд Z үеийнхний хувцаслалтын талаар хийсэн судалгаагаар Z үеийнхэн өмнөх үеийнхнээс ялгаатай нь “ажлын хувцаслалтын талаарх илүү тодорхой заавар, чиглэл”-ийг хүсэж байж магадгүй гэж дүгнэжээ. Ийм нөхцөлд HR болон менежерүүдийн тодорхой харилцаа, чиглэл өгөх үүрэг илүү чухал болж байна.
Хэрэгжилтийг тодорхой заах хэрэгтэй
Мэргэжилтнүүдийн зүгээс удаан хугацаанд ажлын байрны бодлогыг тууштай, нэгэн ижил зарчмаар хэрэгжүүлэх нь чухал гэдгийг анхааруулсаар ирсэн. О’Брайен “Бид хувь хүний хандлага, ялгаатай ойлголтуудыг хүлээн зөвшөөрөх ёстой,” гэв. “Гэхдээ бид тэдгээрт захирагдах шаардлагагүй” хэмээн тэрээр үүнийг “соёлын мэдрэмжтэй байх” чадвартай зүйрлэжээ.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.