- Hey HR
- Posts
- Дэлхийн банк: Монголын залуучуудын ажилгүйдлийн түвшин бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогдож байна
Дэлхийн банк: Монголын залуучуудын ажилгүйдлийн түвшин бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогдож байна


Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec
ДОТООДОД…
Дэлхийн банк: Монголын залуучуудын ажилгүйдлийн түвшин бүс нутагтаа хамгийн өндөрт тооцогдож байна

Хүн амын өсөлт удаашрах, залуучуудын эзлэх хувь аажмаар буурах хандлагатай байгаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хамгийн том сорилт болох эрсдэлтэйг Дэлхийн банкны Хөдөлмөрийн зах зээлийн төлөвийн тайланд онцолжээ.
Мөн Монгол Улсад дээд боловсрол эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа ч хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар дутмаг хэвээр байгааг тус тайланд тодотгосон байна. Ялангуяа дижитал шинжээч, асуудал шийдвэрлэх болон техник мэргэжлийн нарийн ур чадвартай хүмүүс дутагдаж байгааг дурдсан юм.
Монгол Улсад ажил эрхэлж буй хүн амын хувь 60-70 хувьтай байгаа. Энэ нь Зүүн Ази, Номхон далайн бүсдээ хамгийн бага үзүүлэлттэй орнуудын нэгд тооцогдохоор дүн аж. Түүнчлэн бүс нутгийн орнууд дунд залуучуудын ажилгүйдэл хамгийн өндөр орноор Монгол Улс нэрлэгдэж байна.
Монголд хөдөлмөрийн насны хүн амын 25-аас дээш хувь нь дээд боловсролтой ч орчин үеийн эдийн засгийн нөхцөлд энэ нь тийм ч хангалттай үзүүлэлт биш гэж үзжээ.
ОЛОН УЛСАД…
Сингапур хэсэгчилсэн цагийн дахин ажил эрхлэлтийн тэтгэмжийг 2027 он хүртэл сунгалаа

Сингапурын Хөдөлмөрийн яам өндөр настай ажилтнуудад зориулсан хагас цагийн дахин ажил эрхлэлт, карьер хөгжлийг дэмждэг ажил олгогчдод олгодог тэтгэмжийн хугацаагаа хоёр жилээр сунгаж буйг мэдэгдлээ.
Тус яамны мэдээлснээр, 2020 онд нэвтрүүлсэн “Хагас цагийн дахин ажил эрхлэлтийн тэтгэмж”-ийн эрэлт хэрэгцээ үргэлжилж буйтай холбогдуулан 2027 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэл сунгагдаж байна. Энэхүү тэтгэмжийн хүрээнд ажил олгогч бүр 60 ба түүнээс дээш насны ажилтан нэг бүрийн тоогоор 2,500 ам.долларын дэмжлэг авах юм. Тэтгэмжийн дээд хэмжээ нь нэг ажил олгогчид 125,000 ам.доллароор хязгаарлагдана.
2025 оны 11-р сарын байдлаар 7,500 гаруй ажил олгогч энэ хөтөлбөрт хамрагдаж, 65,000 гаруй өндөр настай ажилтны ажил эрхлэлтийг дэмжжээ. 2020 оноос хойш тус тэтгэмжийн хүрээнд 92 сая гаруй ам.доллар олгогдоод байна.
БНСУ дахь гадаад ажилчдын тоо 1.1 сая болж түүхэн дээд хэмжээнд хүрэв
БНСУ-д ажиллаж буй гадаад ажилчдын тоо 2025 онд 1.1 саяыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн талаар пүрэв гарагт нийтэлсэн судалгаанд дурджээ. Мөн ажил эрхэлж буй гадаад оюутнуудын хувь ч огцом өссөн байна.
БНСУ-ын Өгөгдөл, Статистикийн яамны явуулсан судалгаагаар, 2025 оны тавдугаар сарын байдлаар 15 ба түүнээс дээш насны гадаад иргэдийн тоо 1.69 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.4 хувиар өссөн үзүүлэлт аж.
Тэдний дундаас 1.1 сая гаруй хүн ажил эрхэлж буй нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь тус яам 2017 оноос хойш уг төрлийн мэдээллийг цуглуулж эхэлснээс хойших хамгийн өндөр тоо болжээ.
Ажил эрхэлж буй иргэдийн дундаас гадаад оюутнуудын тоо 23,000-аар буюу 71.8 хувиар нэмэгдэж 56,000-д хүрсэн байна. Энэ нь Солонгосын соёл дэлхий дахинд түгэн дэлгэрч, мөн гадаад оюутнуудыг татах Засгийн газрын бодлого идэвхэжсэнтэй холбоотойгоор БНСУ-д суралцах гадаад оюутны тоо нэмэгджээ.
БНСУ дахь нийт гадаад ажилчдын бараг 45 хувь нь үйлдвэрлэл болон уул уурхайн салбарт ажиллаж байсан бол 20.4 хувь нь жижиглэн болон бөөний худалдаа, байр, хоолны үйлчилгээний салбарт ажиллаж байжээ. Харин 9 хувь нь хөдөө аж ахуй, загас агнуурын салбарт, өөр 9 хувь нь барилгын салбарт ажил эрхэлж байсан байна.
HR MOMENT
Кейс судалгаа: Airbnb хямралын үеийн ил тод, хүнлэг шийдвэрээр итгэлцлийг хадгалж чадсан нь

📌 Нөхцөл байдал:
2020 оны эхээр COVID-19 цар тахал дэлхий даяар аялал жуулчлалын салбарыг зогсонги байдалд оруулж, Airbnb-ийн бизнес орлого огцом буурсан. Компани богино хугацаанд зардлаа бууруулах, урт хугацаанд оршин тогтнох стратегийн хүнд шийдвэр гаргах шаардлагатай болов. Үүний нэг нь нийт ажилтнуудынхаа ойролцоогоор 25%-ийг цомхотгох шийдвэр байлаа.
Ихэнх компаниудын хувьд ийм шийдвэрүүд дотоод итгэлцлийг эвдэх, ажил олгогчийн брэндэд хүнд цохилт өгөх, үлдсэн ажилтнуудын урам зоригийг сулруулах үр дагавартай байдаг. Airbnb эдгээр эрсдэлийг ухамсарлаж, “яаж цомхотгох вэ?” гэдэгт онцгой анхаарал хандуулжээ.
💡 Шийдэл: Ил тод, хүнлэг, хариуцлагатай цомхотголын загвар
CEO Брайан Чески бүх ажилтанд зориулсан нээлттэй, чин сэтгэлийн захидал илгээж, шийдвэрийн шалтгаан, бизнесийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлажээ. Airbnb дараах бодит арга хэмжээг авч хэрэгжүүлсэн:
Цомхотголд өртсөн бүх ажилтанд өрсөлдөхүйц цомхотголын багц (цалин + эрүүл мэндийн даатгалын үргэлжлэл) олгосон;
Ажилтнуудын компанийн тоног төхөөрөмжийг өөрсдөд нь үлдээсэн;
Цомхотгогдсон хүмүүсийн ур чадвар, туршлагыг багтаасан ур чадварын танилцуулга үүсгэж, бусад компаниудад нээлттэй болгосон;
Менежерүүд болон HR баг ажилтнуудтай хувь хүн төвтэй, хүндэтгэлтэй харилцаа баримталсан;
Үлдэж буй ажилтнуудад ч шийдвэрийн логик, ирээдүйн чиглэлийг ил тод тайлбарласан.
📈 Үр дүн:
Airbnb-ийн цомхотголын захидал дэлхий даяар шилдэг удирдлагын жишээ гэж үнэлэгдсэн;
Компанийн ажил олгогчийн брэндинг хямралын дараа ч эерэг хэвээр хадгалагдсан;
Үлдсэн ажилтнуудын итгэлцэл, үнэнч байдал алдагдаагүй;
Airbnb хямралаас гарч, дараагийн жилүүдэд амжилттай IPO хийсэн;
Цомхотгогдсон олон ажилтан богино хугацаанд шинэ ажилд орсон.
🔍 HR сургамж:
Хүмүүсийг цомхотгох нь хэзээд амаргүй шийдвэр. Гэхдээ Airbnb-ийн жишээнээс харахад яаж цомхотгож байна вэ гэдэг нь хэдэн хүн цомхотгох вэ гэдгээс илүү чухал гэдгийг харж болно.
HR HAAAAACK
💡 Ажил олгогчийн брэндинг ашиглан ажилд авах үйл явцыг эрчимжүүлэх 4 стратеги

Хүчтэй ажил олгогчийн брэнд болон ажилтны үнэлэмжийн саналыг (EVP) хөгжүүлэхийн тулд байгууллагын удирдлагууд ирээдүйн болон одоо байгаа ажилтнуудад юуг санал болгож буйгаа тодорхой, нэгдмэл үзэл баримтлалын хүрээнд нэг ойлголттой болгох хэрэгтэй. Доорх стратегиуд нь энэхүү зорилгодоо хүрэхэд тусална:
Өөрийнхөө хүмүүсийг ойлгож, сонсохоос эхэл.
Судалгаа, ажлаас гарах ярилцлага, фокус групп зэрэг аргыг ашиглан ажилтнууд юуг үнэлдэг, танай байгууллагын соёл юугаараа онцгой, хүчтэй байгааг болон аль хэсэгт нь хүлээлт биелэхгүй байгааг ойлгоорой. Багууд, насны бүлгүүд, төсөл төрлүүдийн хооронд нийтлэг хандлага, зан төлөвийг олж харах нь зүйтэй. Зорилго нь танай байгууллагын соёл юугаараа өвөрмөц болохыг ойлгож, байгууллагын өгч буй амлалт нь ажилтны бодит туршлагатай хэрхэн нийцэж эсвэл нийцэхгүй байгааг тодорхойлох явдал юм.
Өөрийн жинхэнэ ажилтны үнэ цэний санал (EVP)-ыг тодорхойл.
Өмнө нь цуглуулсан ойлголтуудаа ашиглан байгууллагын соёл, стратегид үндэслэсэн тодорхой, бодит үнэ цэний саналыг бий болго. Тодорхой бай. Магадгүй танай байгууллага ажилтнуудад төрөл бүрийн төслүүд дээр ажиллах боломж олгодог байж болно. Эсвэл өсөлт, менторшипийг дэмжсэн соёлтой байж болох юм. Сүржин, ерөнхий үг хэллэгээс зайлсхийж, байгууллагынхаа бодитоор санал болгодог зүйлс болон бусдаас юугаараа ялгардаг талаарх мэдээлэлд төвлөрөөрэй.
Ажилтнуудаа байгууллагын элч төлөөлөгч болго.
Таны ажилтнууд бол байгууллагын хамгийн хүчирхэг сурталчлагчид юм. Тэднийг салбарын арга хэмжээнүүдэд оролцох, LinkedIn дээр туршлагаа хуваалцах, мөн албан бус сүлжээгээр мэдээлэл түгээхийг уриалаарай. Ажилтны үнэ цэний саналыг амьдрал дээр хэрхэн хэрэгждэгийг харуулсан бодит түүхүүдээр тэднийг “зэвсэглэ”. Жишээлбэл, нэг талбайн ахлагч хэрхэн төслийн менежер болсон тухай, эсвэл нэг нарийн мэргэжлийн ажилтан чухал бүтээцийн асуудлыг олж илрүүлсэн тухай. Ийм үнэн бодит түүхүүдийг итгэж болох эх сурвалжаас сонсох нь байгууллагын нэр хүндийг улам бэхжүүлдэг.
Үнэлгээ хийж, тасралтгүй сайжруул.
Ажил олгогчийн брэнд нэг удаа боловсруулаад орхих зүйл биш. Байнга шинэчлэгдэж, хөгжиж байх ёстой. Ажилтнуудын оролцоо, ажлын байран дахь тогтвортой байдал, брэндийн талаарх ойлголт зэргийг хэмжиж хянаарай. Байгууллагын үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгаатай уялдуулан ажилтнуудтай тогтмол холбоотой бай. Мөн ажилтны үнэ цэний саналаа зах зээлийн нөхцөл байдал, ажиллах хүчний хандлага, компанийн стратегийн чиглэлтэй нийцүүлж байнга шинэчилж байх шаардлагатай. Ажилтнуудад өнөөдөр чухал санагдаж буй зүйл маргааш тийм биш байж болохыг үргэлж анхаарч үзээрэй.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
