- Hey HR
- Posts
- Дэлхийн Банк: Монгол Улс хөдөлмөр эрхлэлтийн боломжийг тэнцвэржүүлэх шаардлагатай
Дэлхийн Банк: Монгол Улс хөдөлмөр эрхлэлтийн боломжийг тэнцвэржүүлэх шаардлагатай

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec
ДОТООДОД…
Дэлхийн Банк: Монгол Улс хөдөлмөр эрхлэлтийн боломжийг тэнцвэржүүлэх шаардлагатай

Дэлхийн банк аравдугаар сарын шинэ тайландаа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн гол асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх зөвлөмжүүдийг танилцууллаа. Тайланд Монгол Улсын, тэр дундаа хөдөлмөрийн зах зээл дэх тулгамдсан асуудлууд болон хөгжлийн боломжуудыг тодотгосон нь анхаарал татаж байна.
Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчний дутмаг байдал, залуучуудын ажиллах боломжийн хязгаарлалт, хот болон хөдөө орон нутгийн хоорондын ажлын байрны тэнцвэргүй байдал зэрэг олон сорилттой тулгарч буйг Дэлхийн Банк тайландаа тодотгожээ. Энэ хүрээнд боловсрол, сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлж, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадварыг эзэмшүүлэх, залуучуудыг дэмжихэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх талд арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.
Мөн дэд бүтцийн хөгжлийн төсөл, хот болон орон нутгийн ажлын байрын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн боломжийг тэнцвэржүүлэх шаардлагатайг тодотгосон байна.
Тайланд дурдсан бусад зөвлөмжөөс дурдвал жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээс гадна албан бус хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй иргэдийг илүү хамгаалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг сануулжээ.
Түүнчлэн технологийн шинэчлэл, дижиталчлалын давуу талыг ашиглан зайнаас ажиллах зэргээр цахим платформ ашиглан хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолсон байна.
Дэлхийн Банкны шинжээчдийн үзэж буйгаар гадаад орчин таатай бус болж, дотоодын хүндрэл бэрхшээл тулгарсаар буй тул Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын эдийн засгийн өсөлт удааширч, ахиц дэвшил гаргахааргүй байгаа аж.
Монгол Улсын тухайд эдийн засгийн төрөлжилтөд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ашигт малтмалын салбараас хэт хамааралтай байдлыг бууруулах, хөдөө аж ахуй, ус, хүнсний аюулгүй байдал, ой мод, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, мөн байгаль орчны хамгаалал, тогтвортой үйлдвэрлэлийн загваруудыг дэмжих нь Монгол Улсын урт хугацааны хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг онцолжээ.
ОЛОН УЛСАД…
Азийн залуусын ажил олох боломж хумигдсаар байна гэж Дэлхийн Банк анхааруулав

Дэлхийн Банк Азийн залуус чанартай ажил олоход улам бүр хүндрэлтэй болж байгааг анхаарууллаа. Ази даяар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн хямрал гүнзгийрч буйг онцолсон энэхүү тайланд залуус бүтээмж багатай ажил руу шилжих хандлага нэмэгдэж, тогтвортой ажлын байр олдохгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Аравдугаар сарын 7-нд танилцуулсан бүс нутгийн эдийн засгийн шинэ тайланд тус банк нийт ажил эрхлэлт өндөр хэвээр байгаа ч залуусын ажилгүйдэл их байна гэж мэдэгджээ.
Хятад, Индонез улсад залуучуудын долоон хүн тутмын нэг нь ажилгүй байна. Энэ нь туршлагатай болон залуу ажилтнуудын хоорондын тэнцвэргүй байдлыг бий болгож, нийгмийн бухимдлыг нэмэгдүүлж, Ази, Африкт ажилгүйдлийн эсрэг хөдөлгөөнийг өдөөгөөд буй.
Тайланд дурдсанаар ажилтай байгаа олон залуус албан бус болон бага цалинтай үйлчилгээний салбарын ажилд орж байгаа нь ядуурлаас гаргах эдийн засгийн ололтыг сулруулж, олон хүнийг ядуурлын босгоос доош буух эрсдэлд оруулж байна. Олон оронд дундаж давхаргын хэмжээнээс ядуу давхаргын хэмжээ ихэсчээ.
Хөдөлмөрийн зах зээлд оролцоо, ялангуяа Номхон далайн бүсийн орнууд болон эмэгтэйчүүдийн дунд хэт бага түвшинд байсаар байна. Индонез, Малайз, Филиппин зэрэг оронд эрэгтэй, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн зөрүү 15 хувьд хүрчээ. Харин 15–24 насны залуусын ажилгүйдэл Монгол, Хятад, Индонез улсад 10 хувиас давж байгаа бол 25–54 насныхны ажилгүйдэл 5 хувь буюу түүнээс доош байгаа аж.
Мөн тайланд залуу компаниудын (5 жилээс доош настай) үүргийг онцолсон байна. Жишээлбэл, Малайз болон Вьетнамд эдгээр компаниуд нийт ажил эрхлэлтийн 57 хувийг бүрдүүлж, шинэ ажлын байрны 79 хувийг бий болгожээ. Гэвч бизнес шинээр эхлүүлэх хурдац саарч байгаа нь эдгээр компанийн чадавхыг хязгаарлаж, өсч буй залуу ажиллах хүчийг шингээх боломжийг бууруулж байна.
Камбож, Вьетнам зэрэг оронд худалдаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа ч үр ашиг нь жигд бус, дэлхийн эдийн засгийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Тайлангийн дүгнэлтэд дурдсанаар олон улс орнууд хөдөлмөр эрхлэгчдийг илүү бүтээмжтэй салбар, байгууллагад шилжүүлэх боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгаагаас эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн эв нэгдэлд заналхийлж байна гэжээ.
HR MOMENT
Кейс судалгаа: CVS Health “Workforce Initiatives”-ээр хүртээмжтэй ажилд авах тогтолцоог бий болгосон нь

📌 Нөхцөл байдал:
CVS Health компани АНУ даяар эмийн сан болон эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээгээ өргөжүүлэхийн хэрээр олон мянган шинэ ажилтан шаардлагатай болж байв. Гэвч ажил горилогчдын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад дайчид, болон эдийн засгийн боломж багатай хүмүүс тогтвортой ажлын байртай болоход хүндрэлтэй байсан нь хүртээмжийн асуудлыг бий болгожээ.
💡 Шийдэл: “Workforce Initiatives” буюу хүртээмжтэй ажилд авах хөтөлбөр
CVS Health компани ажиллах хүчний тэгш байдлыг хангах зорилгоор “Workforce Initiatives” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь дараах үндсэн бүрэлдэхүүнтэй байв:
Орон нутгийн байгууллагууд, боловсролын төвүүдтэй түншлэл байгуулж, ажил горилогчдод сургалт, мэргэшлийн дэмжлэг үзүүлэх;
Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад дайчдад зориулсан мэргэжлийн сургалт, дадлагын хөтөлбөрүүд зохион байгуулах;
Career Pathways төвүүдийг нээн, ажил горилогчдод карьерын зөвлөгөө, ур чадварын хөгжлийн тусламж үзүүлэх;
Хөтөлбөрөөр дамжуулан ажилд авсан оролцогчдыг ур чадварын түвшинд нь тохирсон ажлын байртай холбох.
📈 Үр дүн:
CVS Health компани тус хөтөлбөрөөр дамжуулан жил бүр хэдэн арван мянган хүн ажилд авдаг болсон.
Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад дайчдын ажил эрхлэлтийн түвшин мэдэгдэхүйц өссөн.
Байгууллагын олон талт байдал, нийгмийн хариуцлагын нэр хүнд эрс дээшилсэн.
CVS Health компани хүртээмжтэй ажил олгогчдын шилдэг жишээ болон танигдсан.
🔍 HR сургамж:
CVS Health-ийн “Workforce Initiatives” нь бизнесийн зорилгоо нийгмийн үнэ цэнтэй хослуулсан шилдэг туршлага юм. Хүртээмжтэй ажилд авах стратеги нь зөвхөн олон талт байдлыг нэмэгдүүлэх бус, байгууллагын нэр хүнд, тогтвортой өсөлтийг баталгаажуулдаг.
HR HAAAAACK
🔄 Албан тушаалаа солилцох өдөр

Ажилтнуудыг нэг өдрийн турш өөр баг, хэлтсийн хүний албан тушаалд нэгээс хоёр цаг эсвэл хагас өдөр ажиллуулж, байгууллагын хамтын ойлголцол, мэдлэгийг нэмэгдүүлээрэй.
Энэ долоо хоногт нэг өдрийн албан тушаал солилцох арга хэмжээг зохион байгуулж үзээрэй. Хоёр ажилтан өөрсдийн байр суурийг солилцож, тухайн үүрэгт бодитоор оролцох байдлаар туршлага солилцоно. Үүний үр дүнд:
Хэлтэс хоорондын ойлголцол, хамтын ажиллагаа сайжирна,
Ажилтнуудын хооронд харилцан хүндлэл бий болно,
Удирдлагын нүдэнд өртөөгүй авьяас, чадамж ил гарч ирнэ,
Зарим ажилтны карьерын сонирхол өөр чиглэл рүү шилжих магадлалтай юм.
Уг арга хэмжээг сар бүр цуврал байдлаар зохион байгуулж, ажилтан бүр ганц биш хэд хэдэн албан тушаалд ажиллаж үзэх боломжтой.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.
