- Hey HR
- Posts
- “Cash-тай Зунжъя” зуны ажлын байрны кампанит ажил эхэллээ
“Cash-тай Зунжъя” зуны ажлын байрны кампанит ажил эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДOД…
Юнител группийн ажилтнууд "Ногоон төгөл" байгуулах санаачилгын хүрээнд жил бүр мод тарьж байна.

Юнител группийн ажилтнууд "Ногоон төгөл" байгуулах санаачилгын хүрээнд жил бүр сайн дураараа нэгдэн "Чингэлтэй цогцолбор" төвд мод тарьдаг билээ. Энэ жил 120 гаруй ажилтан байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмэр оруулахад нэгджээ.
Юнителчүүд энэ өдөр зүгээр мод тарих бус ажилтнуудын дотоод уур амьсгалыг эерэг болгож, байгаль дэлхийгээ хамтдаа хайрлаж, бодит хувь нэмрээ оруулж, зөв техникээр, системтэй усалгаагаар мөнхөд ургах “Ногоон төгөл” бүтээх зорилгоор зохион байгуулдаг аж.
CA$H-ТАЙ ЗУНЖЪЯ

Зуны улирал дөхөж буйтай холбогдуулан Worki аппликейшн нь оюутнууд руу чиглэсэн “Cash-тай Зунжъя” зуны ажлын байрны кампанит ажил зохион байгуулж байна. Танай байгууллагад улирлын чанартай, эрч хүчтэй шинэ залуу боловсон хүчин хэрэгтэй байвал бидэнтэй холбогдоорой.
🏆 Кампанит ажлын давуу талууд
Бүтэн болон хагас цагаар ажиллах эрч хүчтэй оюутнуудыг олно.
Нээлттэй зуны ажлын байруудыг Worki пейж хуудас дээр нийтэлнэ.
Хамтарч буй байгууллагуудад ажлын байрыг нь сурталчилсан рийл хийж өгнө. /Instagram, Facebook, LinkedIn/
Бид таны шаардлагад тохирох ур чадвартай оюутнуудын анкетыг Worki аппликейшнаар дамжуулан хүргэнэ.
📅 Хугацаа:
Бүртгэл: 6-р сарын 13-аас 6-р сарын 27 хүртэл
Кампанит ажил: 6-р сарын 13-аас 7-р сарын 4 хүртэл
📌 Яаж оролцох вэ?
7711 8252 дугаараар борлуулалтын албатай холбогдоорой.
ОЛОН УЛСАД…
Google АНУ-д ажилтнуудаа бууруулахын тулд нөхөн олговор санал болгож эхэлжээ.

Google АНУ дахь хэд хэдэн хэлтсийн ажилчдад сайн дураар ажлаас гарах санал тавьжээ. Үүнд компанийн гол салбаруудын нэг болох хайлтын системийн хэлтэс ч мөн багтаж байна.
Google-ийн хайлтын систем, зар сурталчилгаа, цахим худалдааны багуудыг нэгтгэсэн “Мэдлэг ба мэдээллийн хэлтэс” өнөөдөр “сайн дураар гарах хөтөлбөр”-өө зарласан тухайгаа Investopedia-д мэдэгджээ. Мөн тус компани төв инженерчлэлийн багууддаа ч сайн дураар гарах нөхөн олговор бүхий санал тавьсан болохыг баталсан байна.
“Энэ оны эхээр АНУ-д ажиллаж буй зарим багууддаа нөхөн олговор бүхий сайн дураар гарах хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Харин одоо хэд хэдэн нэмэлт багууд ч мөн энэхүү хөтөлбөрийг санал болгож, цаашдын чухал ажлуудад дэмжлэг үзүүлж байна” гэж Google-ийн хэвлэлийн төлөөлөгч Кортни Менчини мэдэгдэлдээ бичжээ.
Хятад улс төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 100 хоногийн аяныг эхлүүллээ
БНХАУ-ын Засгийн газар 2025 оны төгсөгчдийн ажлын байранд зуучлалыг түргэтгэх зорилготой 100 хоногийн хөдөлмөр эрхлэлтийн аян өрнүүлж буйгаа зарлалаа.
Энэхүү аян нь их, дээд сургуулиудыг хөдөлмөрийн зах зээлд суурилсан ажлын байрны боломжийг бий болгоход анхаарч ажиллахыг уриалахын зэрэгцээ төгсөгчдөд ажил хайх тэтгэмж зэрэг урамшууллыг санал болгож байна.
Мөн сургуулийн удирдлага бүр дор хаяж 100 компаниудтай холбогдож, шинэ ажлын байрны боломж бүрдүүлэх үүрэгтэй аж. Харин салбар хариуцсан тэнхимийн эрхлэгчид салбарын гол аж ахуйн нэгжүүд, төгсөгчдийн удирдаж буй компаниудаар зочилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах үүрэг хүлээж байна.
Түүнчлэн ажлын байр олдоц багатай мэргэжлээр төгсөгчдийг дэмжихийн тулд мэргэжлийн сургалтыг өргөжүүлж, хиймэл оюун ухаан зэрэг 60 гол салбарт зориулсан богино хугацааны мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
HR MOMENT
Кейс судалгаа: Unilever хиймэл оюун ухаанаар ажилд авах процессыг шинэчилсэн нь.

📌 Нөхцөл байдал:
Unilever компани дэлхийн 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, өргөн хүрээтэй хүний нөөцийн хэрэгцээтэй, олон нэр дэвшигчтэй байгууллага. Жил бүр хэдэн зуун мянган хүн ажилд орохоор өргөдөл өгдөг ч уламжлалт ажилд авах үйл явц дараах хүндрэлүүдийг үүсгэж байв:
Ажилд авах процесс хэт их цаг хугацаа шаарддаг
Шууд удирдлагуудын субъектив шийдвэр давамгайлж, хүн бүрийн шалгуур өөр байв
Олон нэр дэвшигчийн дунд шударга өрсөлдөөн бий болгоход бэрхшээлтэй
Ажил горилогчид сонгон шалгаруулалтын туршлагад сэтгэл дундуур байсан
💡 Шийдэл: AI-д суурилсан урьдчилсан сонгон шалгаруулалт
Unilever 2020 оноос HireVue, Pymetrics зэрэг AI платформыг ашиглан шинэ ажилд авах системийг нэвтрүүлжээ. Энэхүү систем нь гурван үндсэн үе шаттай:
Тоглоомын функцтэй ур чадварын тест – Танин мэдэхүй, анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх чадварыг тоглоомын хэлбэрээр хэмждэг
Видео ярилцлага + AI үнэлгээ – Нэр дэвшигчийн яриа, нүүрний хөдөлгөөн, хандлагыг AI шинжилж оноо өгдөг
Автоматаар оноо гаргаж, дараагийн шатанд тэнцсэн нэр дэвшигчдийг сонгодог
📈 Үр дүн:
Ажилд авах хугацаа 90% буурсан – Хэдэн долоо хоногоос хэдхэн хоногт шилжсэн
Хүйсийн тэнцвэр сайжирсан – Хувийн хэлэлцээрийн нөлөө багассанаар эмэгтэй нэр дэвшигчдийн амжилтын хувь нэмэгдсэн
Шууд удирдлагуудын ачаалал багассан – HR баг зөвхөн шилдэг нэр дэвшигчидтэй ажиллаж эхэлсэн
Нэр дэвшигчийн туршлага сайжирсан – “Орчин үеийн, сонирхолтой, шударга” гэсэн үнэлгээ нийтлэг байв
🔍 HR сургамж:
Технологийг зөв ашигласнаар зөвхөн бүтээмж нэмэгдэх биш, ил тод, хандлагад суурилсан ажилд авах соёл бий болдог. Unilever AI-г зөв ашиглан тэгш боломж, хурд, үр дүн гурвыг нэг дор шийдэж чадсан.
HR HAAAAACK

☝️HR ёс зүйгүй шаардлагад хэрхэн хариу үзүүлэх ёстой вэ?
Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд бид мэргэжлийн ёс зүй болон хууль эрх зүйн үүрэгтэй зөрчилдөж болзошгүй үйлдлүүдийг хийхийг шаардаж буй эвгүй нөхцөл байдалтай тулгардаг. Ёс зүйн хязгаарыг давсан хүсэлттэй тулгарах үед авч үзэж болох хэд хэдэн хувилбар бий.
1. Бүх зүйлсийг баримтжуулах
Сэжигтэй хүсэлтэй холбоотой бүх харилцааг тэмдэглэж авах нь хамгийн эхний алхам байж болно. Огноо, цаг, оролцогчид, ярилцлагын нарийн дэлгэрэнгүйг тэмдэглээрэй. Аман ярианы дараа и-мэйлээр товч тэмдэглэл илгээж, ойлголтоо баталгаажуулж, бичгээр үлдээх хэрэгтэй. Эдгээр баримтуудыг аюулгүй хадгалж, шаардлагатай үед хандах боломжтой байлгах нь чухал.
2. Тодруулга хүсэх
Та сэжигтэй санагдсан ямар нэгэн даалгавар гүйцэтгэхээсээ өмнө тухайн нөхцөл байдлыг мэргэжлийн үүднээс хандан бүрэн ойлгохыг хичээх хэрэгтэй. Хүсэлтийг дэлгэрэнгүйгээр хэлэлцэх уулзалт зохион байгуулж, тухайн шийдвэрийн зорилго, хүлээгдэж буй үр дүнг нарийвчлан асуух нь зүйтэй. Энэ үйл явц нь хүсэлт тавьсан хүнийг эргэцүүлэлд хүргэж, анхны шаардлагаа эргэн харахад хүргэх тохиолдол олонтоо. Аман зааврыг үргэлж бичгээр баталгаажуулж өгөхийг хүсээрэй.
3. Судалгаа хийх
Сэжигтэй хүсэлтүүдийн ихэнх нь бизнесийн бодит хүндрэлээс үүдэлтэй боловч түүнийг буруу аргаар шийдэхийг оролдсон тохиолдлууд байдаг. Хүний нөөцийн мэргэжилтний хувьд таны үнэт зүйл нь асуудлын уг шалтгааныг олж тогтоон, ёс зүйд нийцсэн хувилбаруудыг санал болгоход оршдог. Үүний нэг арга бол ижил төрлийн байгууллагууд ижил төстэй сорилтыг хэрхэн ёс зүйтэй, амжилттай даван туулсан жишээг судлах юм. Ёс зүйтэй хандлага нь бизнесийн нэр хүндийг хамгаалж, улам бүр бэхжүүлдэг гэдгийг харуулсан үндэслэлтэй санал боловсруулснаар анхны хүсэлтийг дахин эргэн харахад хүргэх боломжтой.
4. Эрсдэлийн үнэлгээ хийх
Хууль эрх зүй, санхүү, нэр хүндийн хувьд гарч болзошгүй үр дагаврыг судлан дүн шинжилгээ хийнэ. Энэхүү үнэлгээг хувийн байр суурь бус, байгууллагын хувьд учирч болох нөлөөллийн хүрээнд мэргэжлийн түвшинд танилцуулна. Таны санаа зовнилыг эрсдэлийн удирдлагын хүрээнд илэрхийлж, ёс зүйн зөрчил нь байгууллагад ямар эрсдэл учруулж болохыг онцлоорой.
5. Стратегийн түвшинд сэтгэх
Хэрэв анхны хэлэлцүүлгүүд үр дүнгүй байвал, байгууллагынхаа хууль, ёс зүйн нийцлийн журмын хүрээнд асуудлыг шат дараатайгаар дээш нь мэдээлэх бүтцийн шийдлийг судалж үзэх боломжтой. Жишээлбэл, мэдээлэгчийн бодлогоо дахин нягтлан үзэж, холбогдох дээд шатны оролцогчдыг тодорхойлох хэрэгтэй. Мэргэжлийн стандартууд болон хуулийн зохицуулалтад тулгуурласан үндэслэл бүхий бичгээр баримтжуулсан тайлан бэлтгэж, өөрийн санаа зовнилыг тодорхой, үнэн зөв илэрхийлээрэй. Энэ бүхний туршид буруутгах бус, хамтран шийдвэрлэх арга зам эрэлхийлж буй уур амьсгалыг хадгалах нь чухал.
6. Мэргэжлийн сүлжээнээсээ дэмжлэг авах
Сорилттой нөхцөл байдалд орсон үед мэргэжлийн сүлжээгээ ашиглах нь үнэлж баршгүй дэмжлэг болдог. LinkedIn-ийн бүлгүүдэд нэгдэж, бусад хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй харилцан туршлага солилцох, мэргэжлийн зөвлөх, багш нараасаа зөвлөгөө авахыг хичээгээрэй.
7. Бүх боломжит үр дүнг төлөвлөх
Тухайн асуудлыг байгууллагын дотоод хүрээнд бүрэн шийдвэрлэх боломжгүй байж болох хувилбарыг ч оролцуулах хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн сүлжээгээ идэвхтэй байлгаж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг чимээгүйхэн судлах нь зүйтэй. Энэ нь ажил орхих эсвэл бууж өгч байна гэсэн үг биш, харин тодорхойгүй байдалтай үед ухаалаг карьерын менежмент хийх нэг хэлбэр юм.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.