• Hey HR
  • Posts
  • Epic Games компани бүтээлч чөлөө олгох хөтөлбөрөөр ажилтнуудынхаа инновацыг дэмжсэн нь

Epic Games компани бүтээлч чөлөө олгох хөтөлбөрөөр ажилтнуудынхаа инновацыг дэмжсэн нь

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

ДОТООДОД…

Хүний нөөцийн удирдлага, менежерүүдэд зориулсан хөтөлбөр зарлагдлаа

"Professional Managers Program" буюу “Удирдах түвшний менежерүүдэд зориулсан практик сургалт” нь байгууллагын стратеги төлөвлөлт, удирдлагын шийдвэр гаргалт, хүний нөөцийн удирдлага, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд шаардлагатай бодит ур чадварыг эзэмшүүлэх зорилготой аж. Уг хөтөлбөр нь орчин үеийн менежментийн шилдэг туршлага, бодит кейс судалгаа, багийн дадлага ажилд суурилсан практик сургалтаар дамжуулан менежерүүдийн манлайлал, асуудал шийдвэрлэх чадамжийг хөгжүүлэхэд чиглэнэ.

Богино хугацаанд Япон маягийн менежмент, Стратегийн менежмент, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн удирдлага, Кайзэн 5S хөдөлгөөн гэсэн үндсэн 6 сэдвээр суралцаж, менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.

Хамрах хүрээ: Удирдах түвшний менежерүүд

Үргэлжлэх хугацаа: 9-р сараас 12-р сар

Бүртгэл дуусах хугацаа:  8 сарын 22-ны 17:00 цаг 

ОЛОН УЛСАД…

AI ажлын байран дахь харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй

“Moo” компанийн энэ оны 7-р сард гаргасан тайланд дурдсанаар, мэдлэгт суурилсан ажил эрхэлдэг хүмүүс хиймэл оюун ухааны хэрэгслийг ажилдаа өргөнөөр ашиглах болсонтой зэрэгцэн ажлын байран дахь ганцаардлын түвшин нэмэгдэж, хүний жинхэнэ харилцааг илүү гүнзгий мэдрэх хэрэгцээ нэмэгдэж байгаа нь ажиглагджээ.

Судалгаанд хамрагдсан мэдлэгт суурилсан ажил эрхэлдэг хүмүүсийн 79 хувь нь ажил дээрээ ганцаардсан мэдрэмж авдаг гэжээ. Энэ үзүүлэлт залуу ажилтнуудын дунд бүр ч өндөр байна. Тодруулбал, Z үеийн ажилтнуудын 89 хувь, миллениалуудын 82 хувь нь ганцаардаж буйгаа илэрхийлсэн байна. 

Түүнчлэн, ажлын байран дээр хиймэл оюун ухаан ашиглахыг зориуд шаардсан ажилтнуудын дунд ганцаардал мэдрэх түвшин бүр ч өндөр буюу 84 хувьтай гарсан байна. Энэ нь AI-ийн хэрэглээ ба ажил дээрх тусгаарлагдмал мэдрэмжийн хооронд боломжит хамаарал байж болзошгүйг илтгэж байна гэж тайланд дурджээ.

Хиймэл оюун ухаан ажлын орчныг өөрчилж, автоматжуулалтыг нэмэгдүүлж байгаа ч, амжилттай байгууллагын үндэс нь харилцаа холбоо, бүтээлч байдал, соёл хэвээр байна” хэмээн Moo компанийн бүтээгдэхүүн, технологийн газрын захирал Клэр Доналд мэдэгдэлдээ дурджээ.

Байгууллагууд шинэ технологи, хэрэгсэл нэвтрүүлэхийн зэрэгцээ хүний харилцааг чухалчилж, өдөр тутмын уулзалт, хамтын ажиллагааны орон зайг бий болгох хэрэгтэй. Ийм харилцаа нь багуудын дунд харьяалагдах мэдрэмж төрүүлж, шинэ санаа, инновацыг өдөөдөг” гэж тэрээр онцолсон байна.

HR MOMENT

Кейс судалгаа: Epic Games компани бүтээлч чөлөө олгох хөтөлбөрөөр ажилтнуудынхаа инновацыг дэмжсэн нь

📌 Нөхцөл байдал: Fortnite тоглоомоороо алдартай Epic Games компани өндөр хурдтай, бүтээлч ажиллах орчинтой боловч ажилтнуудын ачаалал, стрессээс үүдэн бүтээлч байдал нь буурч, ажлын сэтгэл ханамж багассан асуудалтай тулгарчээ. Гол тулгамдсан асуудлууд нь:

  • Ажилтнуудын ажлаас халшрах хам шинж, стресс ихэссэн.

  • Бүтээлч байдал, шинэ санаа гаргах идэвх буурсан.

  • Авьяаслаг ажилтнуудыг тогтоон барих асуудал гарч эхэлсэн.

💡 Шийдэл: “Creative Sabbatical” буюу бүтээлч чөлөөний хөтөлбөр. Epic Games компани ажилтнууддаа өөрсдийн сонирхсон хувийн бүтээлч төсөл, хобби болон хүсэл сонирхлоо хэрэгжүүлэхэд зориулж тусгайлан төлбөртэй бүтээлч чөлөөний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн аж. Энэ хөтөлбөр нь ажилтнуудад ажлаасаа тодорхой хугацаанд хол байж, шинэлэг санаа, шинэ ур чадварыг олж авах боломжийг олгожээ.

📈 Үр дүн:

  • Ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл ханамжийн түвшин мэдэгдэхүйц дээшилсэн.

  • Шинэлэг санаа, бүтээлч төсөл, инновацын тоо нэмэгдсэн.

  • Компани доторх ажилтнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сайжирсан.

  • Авьяаслаг ажилтнуудыг татах, тогтоон барих чадвар нэмэгдсэн.

HR HAAAAACK

HR болон менежерүүд ашиглах 40 ChatGPT өгөгдөл /4-р хэсэг/

Өмнөх дугаарт гүйцэтгэлийн менежменттэй холбоотой таны ажлыг хөнгөвчлөх ChatGPT өгөгдлүүдийг хүргэсэн билээ. Энэ дугаарт сургалт ба хөгжилтэй холбоотой өгөгдлүүдийг танилцуулъя. Та өөрийн ажилд тохируулан өөрчлөх үгс доор зураасан тэмдэглэгээ хийлээ.

1. Шинэ менежерт зориулсан хөгжлийн төлөвлөгөө боловсруулах

Өгөгдөл: Та бол хүний нөөцийн бизнесийн зөвлөх. Та анх удаа баг удирдаж байгаа менежерт зориулсан 6 сарын хөгжлийн төлөвлөгөө боловсруулж байна. Танай байгууллага нь технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Уг ажилтан нь алсын зайнаас ажиллаж эхэлж байгаа.

Төлөвлөгөөнд тухайн менежерт хэрэгтэй ур чадварыг хөгжүүлэх зорилтууд, сургалтын хэлбэрүүд, мөн гол үе шат, ахицын шалгууруудыг тусгана. Төлөвлөгөөг жагсаалт хэлбэртэй хураангуй байдлаар бичээрэй. Тухайн ажилтны чадваруудад тохирсон сургалтууд санал болгоно уу.

2. Сэтгэл зүйн аюулгүй байдлын сэдвээр сургалт төлөвлөх

Өгөгдөл: Та бол сургалт, хөгжлийн мэргэжилтэн. Та багийн ахлагч нарт зориулсан 90 минутын сургалтын хөтөлбөр боловсруулж байна. Сэдэв нь “сэтгэл зүйн аюулгүй байдал” буюу ажилтнууд өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, алдаа гаргах, асуулт асуух, шүүмжлэл хүлээн авах зэргийг айдасгүй хийж чаддаг орчныг бий болгох тухай юм.

Танилцуулгад сургалтын товч оршил, бүлгийн хамтын дасгал, кейс хэлэлцүүлэг, мөн сургалтын дараа багтайгаа ашиглаж болох бодитоор хэрэгжүүлэх арга хэрэгсэл багтах ёстой. Сургалтын сэдэвтэй холбоотой итгэмжлэгдсэн эх сурвалж, ном, нийтлэлийг мөн дурдана.

3. Сургалтын дараах санал хүсэлтийн хураангуй боловсруулах

Өгөгдөл: Та бол сургалт, хөгжлийн менежер. Саяхан болсон ур чадварын сургалтын нээлттэй текс хэлбэрийн санал хүсэлтийн хариултуудыг харж, дүгнэлт гаргаж байна. Та хариултууд дээр үндэслэн 3–5 гол сэдэв тодорхойлон хураангуйлах юм. Оролцогчдын хамгийн өндөр үнэлсэн эсвэл дутагдсан гэж үзсэн зүйлд тулгуурлан 2 арга хэмжээний санал боловсруулна уу.

4. Peer Learning буюу хамтран суралцах хөтөлбөрт зориулсан товч гарын авлага бичих

Өгөгдөл: Та бол байгууллагынхаа хүний нөөцийн удирдлага. Ирээдүйтэй, өндөр потенциалтай ажилтнуудын дунд peer learning буюу харилцан суралцах хөтөлбөр эхлүүлж байна. Та нэг нүүр бүхий гарын авлага бэлдэнэ. Уг баримт бичигт энэхүү хөтөлбөр хэрхэн ажилладаг, оролцогчдоос юу хүлээгдэж байгаа, мөн тэдний карьер, ур чадварын хөгжилтэй хэрхэн холбоотойг товч тайлбарлана. Найруулгын хэлбэр энгийн, ойлгомжтой, ярианы хэлэнд ойр байна.

5. Удирдлагын сургалтад зориулсан хэлэлцүүлгийн асуулт боловсруулах

Өгөгдөл: Та бол удирдлагын ур чадвар хөгжүүлэх сургалтын хөтлөгч. Та дунд шатны менежерүүдтэй хийх семинарт зориулан хэлэлцүүлгийн 5 нээлттэй асуулт бичиж байна. Сэдвүүд нь дасан зохицох чадвар, харилцаа, итгэлцэл бий болгох гэсэн гол чиглэлтэй байна. Асуултууд нь оролцогчдыг эргэцүүлэл хийхэд уриалсан, практикт суурилсан, бодит туршлагаа хуваалцах боломж олгох хэлбэртэй байх ёстой.

Үргэлжлэлийг дараагийн дугаараас хүлээн авна уу…

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.