- Hey HR
- Posts
- Ford компанийн “Flex Work” уян хатан ажлын загвар
Ford компанийн “Flex Work” уян хатан ажлын загвар

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ДОТООДОД…
Ирэх 10 жилийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн таамаг

"ГБХНХЯ-ны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт"-ээс гаргасан "Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал (2025-2035 он)" судалгааны тайланг хураангуйлан хүргэж байна.
Эдийн засаг өнгөрсөн үеийн трендээр харьцангуй удаан өсөх үед: 2035 он гэхэд хамгийн их ажиллагч шинээр шаардлагатай салбар нь боловсруулах үйлдвэрлэлийн салбар, удаах нь барилгын салбарт 49.4 мянга, Боловсролын салбарт 43.2 мянга, Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт 43.2 мянган ажиллагч шинээр шаардлагатай юм.
Эдийн засаг “Алсын Хараа 2050” зорилтод хүрэхүйц харьцангуй хурдан өсөх
үед: 2035 он гэхэд хамгийн их ажиллагч шинээр шаардлагатай салбар нь барилгын салбар бөгөөд 2024 онтой харьцуулахад 88.1 мянга ажиллагч, удаах нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 69.8 мянга, Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээ салбарт 53.4 мянга, Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт 41.2 мянган ажиллагч шинээр шаардлагатай байна. Харин ХАА, ойн аж ахуй, загас барилт салбар нь 2035 онд манай улсын хамгийн олон ажиллагчтай салбар хэвээр байх боловч 2-13.6 мянган ажиллагчаар буурах төлөвтэй байна.
ОЛОН УЛСАД…
Ганцаардлын эрин үед "харьяалагдах мэдрэмж" нь ажилтан болон бизнесийн амжилтын түлхүүр байж магадгүй

2025 оны 7-р сарын 15-нд нийтлэгдсэн McLean & Co.-ийн тайланд дурдсанаар, ажилтнуудын дунд ганцаардал, тусгаарлагдсан мэдрэмж нэмэгдэж буй энэ үед, ажилтнуудад харьяалагдах мэдрэмж төрүүлэх орчин бүрдүүлсэн байгууллагууд нь тэднийг ажлын байрандаа ойлгогдож, хүлээн зөвшөөрөгдөж байгаа мэт мэдрэхэд тус дэм болж чадах аж.
Шинэ судалгаанд жинхэнэ, чин сэтгэлийн холбоо тогтоох чадамж нь бизнесийн чухал үр дүнтэй шууд хамааралтай болохыг тогтоожээ. Хүний нөөцийн мэргэжилтнүүд харьяалагдах мэдрэмжийг ажилтны туршлагад шингээхийн тулд харилцаа холбоогоо сайжруулах, хүлээн зөвшөөрөх, эрх мэдэл олгох боломжийг зориудаар бүтээх хэрэгтэй гэж McLean онцолсон байна.
Мөн байгууллагууд харьяалагдах мэдрэмжийг дэмжихэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн тохиолдолд, тухайн багийн орлого өсөх магадлал 54%-иар нэмэгддэг болохыг судалгаа харуулжээ. Гэсэн хэдий ч, HR удирдагчдын зөвхөн 31% нь л харьяалагдах мэдрэмжийг дэмжихэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн гэж хариулсан байна.
MIT Sloan Management Review-д нийтлэгдсэн дүн шинжилгээнд дурдсанаар, харьяалагдах мэдрэмж нь ажилтнуудыг сэтгэл зүйн хувьд аюулгүй орчинд байгаа мэт мэдрүүлж, чөлөөтэй санаа илэрхийлэх, асуудал хөндөхөд айдасгүй байх боломжийг олгодог соёл юм. Ажил олгогчид энэхүү соёлыг хэвшүүлэхийн тулд ажилтнуудын гарал үүсэл, соёлын онцлогийг хүндэтгэх, мөн хүлээн зөвшөөрөх, урамшууллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар ажиллах боломжтой.
Хонконгод онлайн ажил зуучлалын залилангийн тоо эрс нэмэгджээ
2025 оны эхний таван сард Хонконгод онлайн ажил санал болгосон залилангийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, хохирлын хэмжээ 89%-иар өссөн байна. Зөвхөн тавдугаар сард 621 ажил зуучлалын залилан бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 60% нь WhatsApp, 22% нь Telegram дээр явагдсан байна. Онлайн ажил санал болгосон залилангаар үүссэн нийт хохирол 480 сая хонконг доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеийн 260 сая хонконг доллараас эрс өссөн үзүүлэлт болжээ.
Ахлах мөрдөгч Фэлтон Лөөн-ийн хэлснээр, залилан үйлдэгчид эхэндээ хохирогчдод жижиг даалгавар өгч, түүнийх нь төлөө бага хэмжээний мөнгө өгдөг байна. Улмаар илүү өндөр шагнал амлаж, нарийн төвөгтэй даалгавар санал болгодог аж.
Хохирогчид шагналаа бэлэн болгох гэж оролдох үедээ алдаа гаргасан хэмээн буруутгагдаж, улмаар ажил олгогчийн компьютерын системд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр торгууль нэхэмжлэх тохиолдол ч гардаг байна.
Клик ферм залилан нь залилан үйлдэгчид хохирогчдыг WhatsApp болон бусад платформ дахь групп чат руу урьснаар эхэлдэг тул, олон нийтэд ийм төрлийн группээс даруй гарахыг анхааруулжээ.
HR MOMENT
Кейс судалгаа: Ford компани “Flex Work” уян хатан ажлын загвараар ажилтнуудынхаа хэрэгцээг хангаж, бүтээмжээ нэмэгдүүлсэн нь

📌 Нөхцөл байдал: Цар тахлын дараа Ford Motor компани ажилтнуудынхаа ажлын байрны уян хатан байдлын хэрэгцээг хангахын зэрэгцээ ажлын бүтээмж, инновац, компанийн хүчирхэг инженерчлэл, үйлдвэрлэлийн соёлыг хадгалан үлдэх шаардлагатай тулгарсан. Гол асуудлууд нь:
Ажилтнууд уламжлалт оффисын орчинд эргэн шилжих хүсэл багатай болсон.
Ажил, амьдралын тэнцвэрийг хангах уян хатан байдлыг хүссэн ажилтнуудын тоо нэмэгдсэн.
Инженерийн болон инновацын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр ажлын байрыг уян хатан зохион байгуулах шаардлагатай болсон.
💡 Шийдэл: “Flex Work” хэмээх уян хатан ажиллах загвар
Ford компани "Flex Work" нэртэй холимог ажлын загварыг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь оффист суурилаагүй ажилтнуудад ажлын байраа өөрсдөө сонгох боломжийг олгосон. Шийдлийн хүрээнд дараах арга хэмжээг авчээ:
Ажилтнууд өөрсдийн ажлын онцлог, үүргээ харгалзан оффис болон гэрээсээ ажиллах хуваариа сонгосон.
Тоон хамтын ажиллагааны хэрэгсэл, платформуудыг нэвтрүүлсэн.
Менежерүүдэд тусгай сургалтуудыг зохион байгуулж, уян хатан ажлын нөхцөлд үр дүнтэй удирдлага хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлсэн.
Оффисын орчныг хамтын ажиллагааг дэмжсэн байдлаар шинэчлэн тохижуулсан.
📈 Үр дүн:
Ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагад үлдэх хүсэл нэмэгдсэн.
Ажилтнуудын ажлын бүтээмж болон инновацын идэвх хэвээр хадгалагдсан.
Уян хатан нөхцөлтэй ажлын байрыг санал болгосноор ажил горилогчдын тоо нэмэгдэж, өндөр ур чадвартай ажилтнуудыг татах боломж бүрдсэн.
Байгууллагын соёлын тэнцвэртэй байдлыг хадгалан үлдэх боломжийг олгосон.
🔍 HR сургамж: Ford-н туршлагаас харахад ажлын байрны уян хатан байдлыг зөв хэрэгжүүлснээр ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын бүтээмж болон инновац хоорондын тэнцвэрийг хангаж, байгууллагын соёл, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх боломжтой аж.
HR HAAAAACK
HR болон менежерүүд ашиглах 40 ChatGPT өгөгдөл /хоёрдугаар хэсэг/

Өмнөх дугаарт сонгон шалгаруулалттай холбоотой таны ажлыг хөнгөвчлөх ChatGPT өгөгдлүүдийг хүргэсэн билээ. Энэ дугаарт onboarding буюу дасан зохицох хөтөлбөртэй холбоотой өгөгдлүүдийг танилцуулъя. Та өөрийн ажилд тохируулан өөрчлөх үгс доор зураасан тэмдэглэгээ хийлээ.
1. Шинэ ажилтны 30-60-90 хоногийн төлөвлөгөө гаргах
Өгөгдөл: Та хүний нөөцийн ажилтан бөгөөд манай багт шинээр орж ирж буй харилцагчийн үйлчилгээ хариуцсан ахлах ажилтан алсын зайнаас ажиллах гэж байна. Танд тухайн ажилтанд зориулж 30, 60, 90 хоногийн төлөвлөгөө гаргах даалгавар өгөгдсөн.
Энэ төлөвлөгөөнд ажил эхлүүлж буй хүний сурах ёстой зүйлс, танилцах хүмүүс, хийж гүйцэтгэх гол ажлууд тодорхой тусгасан байна. Мөн энэ төлөвлөгөө нь тухайн ажилтны ахлах менежертэй хамтран сууж ярилцах, шалгах боломжтой хялбар маягт хэлбэртэй байх хэрэгтэй.
Tip: Хэрвээ тухайн ажилтан оюутан эсвэл шинэ төгсөгч бол илүү чиглэл заавар шаардлагатай байж болно. Харин удирдах албан тушаалтай хүн бол илүү стратегийн түвшний зорилго тавих хэрэгтэй байдаг.
2. Менежерийн зүгээс шинэ ажилтанд илгээх урьж буй имэйл бичих
Өгөгдөл: Та шинэ багийн гишүүнээ ирэх долоо хоногт ажилдаа орох гэж байгааг угтаж буй багийн менежер гэж төсөөлнө үү. Та түүнд хандсан дулаан, хувийн чанартай, урам өгсөн имэйл бичнэ. Уг захидалд өөрийгөө товч танилцуулж, анхны өдөр нь юу хүлээж байгааг хуваалцан, багийн зүгээс ямар их хүлээлттэй, баяртай байгаа тухай дурдана. Имэйл 200 үгнээс хэтрэхгүй байх бөгөөд найрсаг, ойлгомжтой өнгө аястай байх ёстой.
Tip: Захидалд багийн соёлын талаар нэг өгүүлбэр оруулж өгвөл тухайн ажилтанд анхны өдөртэй холбоотой мэдрэмжийг урьдчилан бүрдүүлэхэд тус болно. Мөн хүсвэл багийн бүтцийн зураг, эсвэл эхний хэдэн өдрийн хуваарийн товч мэдээлэл оруулж өгч болно. PMP-ийн “welcome letter” загварыг жишээ болгон ашиглах боломжтой.
3. Шинэ ажилтны дэмжигч хөтөлбөрийг танилцуулах
Өгөгдөл: Та бол байгууллагын сургалт хөгжлийн мэргэжилтэн бөгөөд шинээр орж ирж буй ажилтнуудад зориулсан “Buddy” буюу дэмжигч хөтөлбөр боловсруулж байна. Та нэг хуудсанд багтах энгийн танилцуулга бичих юм. Үүнд: buddy юу хийдэг, харилцаа хэдий хугацаанд үргэлжлэх, мөн амжилттай хамтрагч хослол ямар байхаас эхлээд бүгд багтана. Энэ танилцуулга нь дараах гурван хэсэгтэй байна: зорилго, хүлээлт, зөвлөмж.
Tip: Хэрэв та энэ мэдээллийг buddy болон шинэ ажилтанд илгээх загвар баримт бичиг болгохыг хүсвэл ChatGPT-ээр “нэгдүгээр биеийн хэлбэрт” хөрвүүлж бичүүлэх боломжтой.
4. Алсын зайн ажилтанд зориулсан эхний өдрийн мэдээллийг товч хүргэх
Өгөгдөл: Та бол байгууллагынхаа хүний нөөцийн координатор бөгөөд шинээр орж буй алсын зайн ажилтанд зориулсан онбординг имэйлийг бэлтгэж байна. Захидалд ажил эхлэх өдөр хэдэн цагт логин хийх, системүүдэд хэрхэн нэвтрэх, хэнтэй уулзах, тусламж хэрэгтэй бол хаана хандах зэрэг гол мэдээллүүдийг товч, ойлгомжтой байдлаар оруулна уу. Найруулгын өнгө найрсаг, урам өгсөн, гэхдээ тодорхой ба мэргэжлийн байх ёстой.
5. Ажилтны гарын авлагын танилцуулгыг дахин найруулах
Өгөгдөл: Та бол байгууллагынхаа дотоод харилцаа хариуцсан менежер бөгөөд цахим ажилтны гарын авлагын нүүр хуудасны танилцуулгыг шинэчилж байна. AI-д гарын авлагын эх хувийг оруулж, түүн дээр үндэслэн дараах даалгаврыг биелүүлэхийг хүснэ үү.
Танилцуулгад гарын авлагад юу багтдаг болохыг товч тайлбарлана. Үүнд байгууллагын дотоод бодлого, ажилтны нийгмийн халамж, соёлын тухай мэдээлэл багтана. Мөн энэ гарын авлагыг хэрхэн ашиглах, хэрэгтэй зүйлээ яаж олох талаар товчхон, ойлгомжтой заавар өгнө. Найруулгын өнгө албан ёсны бус, ажилтанд чиглэсэн, ойлгомжтой байх ёстой. Хууль, дүрмийн хэллэгээс зайлсхийж, жирийн хэлээр бичнэ.
Үргэлжлэлийг дараагийн дугаараас хүлээн авна уу…
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.