Hey HR!

Hey HR! Энэ бүтэн сайн өдөр буюу 10 сарын 1-нд Ахмадын баяр болно. Танай компаниас тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж буй ахмад ажилтнууддаа баярын мэнд хүргэхээ мартуузай 💜 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

Технологийн орчны өөрчлөлт, цар тахал, үе хоорондын зан төлөвийн онцлог, ажиллах хүчний хомсдол гээд хүний нөөцүүд томоохон сорилтуудтай тулгарч байгаа энэ үед тэдэнд ажлаас халшрах хам шинжийн шинж тэмдэг ихээр илэрч байгаа гэнэ. Дэлхий дахинд ч компаниуд хүний нөөцийн хэлтэс дотроо сэтгэл зүйн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах, зайнаас ажиллах, хүний нөөцийн технологиудад хөрөнгө оруулалт хийх зэргээр тэргүүн туршлагууд нэвтрүүлж байгаа билээ. 

ДОТООДОД ХАРИН... 

Хүний нөөцийн менежмент гэдэг ойлголт бизнесийн стратегийн “гол цөм” болтлоо хөгжжээ. Анх “боловсон хүчин” гэдэг ойлголтоор хэрэгжиж, хүмүүсийг сургаж бэлтгэн норм нормативтай ажиллуулдаг байсан бол өдгөө Хүмүүн капитал буюу Хүн бол баялаг гэдэг ойлголт дэлгэрч, олон шинэ эргэлтүүдийг салбартаа хийж эхэллээ. Ажилтныг үр дүнтэй, оролцоо өндөр ажиллуулахад цалингаас гадна ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр байгууллагууд өөрсдийн хүний нөөцийн стратеги, бодлого, аргачлалуудыг амжилттай нэвтрүүлсээр байгаа билээ. Энэ тренд ч цаашид үргэлжлэн гэдэг нь Монголд хийгдсэн хүний нөөцийн цогц синдикат судалгааны үр дүнгээс харагдаж байна. 

Тухайлбал, Монголиа Талент Нэтворк компанийн гаргасан HR solutions 2024 оны судалгааны үр дүнгээс харахад ирэх онд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хүний нөөцийн бодлогоор өрсөлдөх өрсөлдөөн ихсэх ба үүний нөлөөгөөр ирэх жилүүдэд хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл эрс сайжрах хандлагатай байна. Түүнчлэн байгууллагууд ур чадвартай ажилтнуудыг татах, тогтвортой ажиллуулахын тулд цалин нэмэх, урамшуулал хангамжийг нэмэх зэргээр хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ гэжээ. Тус судалгаанд уул уурхай, үйлдвэрлэл, банк санхүү, үйлдвэрлэл, барилга байгууламж, технологи гэсэн 5 салбарыг судалсан бөгөөд 250+ компанийн 900+ ажилтан болон ажил олгогчийг төлөөлж 100+ мэргэжилтэн оролцсон байна. 

Эдгээр 5 салбараас онцлоход, Банк санхүүгийн салбарт тушаал ахиснаар цалин дунджаар өсөж буй хувь нь хамгийн өндөр буюу 14.78%, дундаж цалин 1,93 сая ₮ байна. 

Дүгнэхэд, цалин гэдэг ойлголт нь чадварлаг ажилтныг татах, тогтвортой ажиллуулах гол түлхүүр гэдэг ойлголт аль хэдийн ард хоцорчээ. Ажилтныг сэтгэл ханамжтай, оролцоо өндөртэй ажиллуулахын тулд цалингаас гадна олон төрлийн хүчин зүйлс нөлөөлдөг болсон бөгөөд салбар бүрээр эдгээр хүчин зүйлсийн нөлөөллийг судлан тулгамдаж буй асуудал, чиг хандлагуудыг тодорхойлсноороо тус судалгаа монгол улсын хүний нөөцийн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болов уу. Үүнээс гадна ирэх 2024 онд хүний нөөцийн менежерүүд тус судалгааг ажлынхаа луужин болгон ашиглаж, шууд хэрэгжүүлж болохуйц тоон үр дүнгүүдийг ашиглан хүний нөөцийн олон олон асуудлуудаа шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна.  

ТИП 

Хэрэв хүний нөөцүүд эмч, цагдаатай адилхан тангараг өргөдөг байсан бол ямар байх байсан бол? LinkedIn дээрх сонирхолтой хуудас Hacking HR HR-уудын 8 мантраг нийтэлснийг орчуулан хуваалцъя.

Танд таалагдсан үг байгаа бол тэмдэглэж аваад өөрийнхөө ажлын зарчим болгон өдөр бүр уншиж хэвшээрэй. Учир нь та хамт олныхоо уур амьсгал, ажиллах орчныг сайжруулж чадах төсөөлснөөсөө илүү хүчтэй билээ.. 💜