Hey HR! №18

Hey HR! Өнөөдөр Байгаль орчин, Нийгэм, Засаглал - БОНЗ (ESG)-н өдөр тохиож байна. Хөрөнгө оруулалтын шийдвэрт чухал нөлөө үзүүлэх болсон энэ үзүүлэлт хүний нөөцийн хэлтэстэй хэрхэн уялддаг талаар дэлгэрэнгүй уншиж танилцаарай 😊💜 

ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ? 

БОНЗ-ийн зарчмийг Хүний нөөцийн бодлогоор дамжуулан амжилттай хэрэгжүүлж буй АНУ-н Patagonia брэнд бий. Тэд хэрхэн Сайн туршлага хэрэгжүүлдэг вэ? 

Байгаль орчин 

  • Органик даавуу болон Дахин боловсруулсан материалыг үйлдвэрлэлдээ ашигладаг. 

  • Байгаль орчин хамгаалах чиглэлээр сайн дурын ажил хийж буй болон Тайван жагсаалд оролцож буй ажилчдадаа цалинтай чөлөө олгодог. 

Нийгэм 

  • Ажилчдынхаа ажил-амьдралын тэнцвэрт байдлыг хангахын тулд SURF гэх бодлого хэрэгжүүлдэг бөгөөд ажлын ачаалал бага үедээ амрах, их үедээ ажиллах байдлаар ажилчид өөрсдөө SURF хийх боломжийг олгодог байна. 

  • Ажил дээр хүүхэд харах үйлчилгээ, Хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд чөлөө олгодог бөгөөд АНУ-д энэ төрлийн бодлого хэрэгжүүлдэг компани тун ховор гэнэ. 

Засаглал 

  • Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэн бизнесийн үйл ажиллагааг ёс зүйтэй, ил тод явуулдаг. 

Эцэст нь.. тус компани байгаль орчны асуудлыг олон нийтийн анхааралд авчрахаас гадна компанийн ажилчдын сайн сайхан байдлыг эрхэмлэн, төрөл бүрийн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэн БОНЗ-ийн сайн туршлагыг нэвтрүүлсээр л байна.

ДОТООДОД ХАРИН.... 

Байгаль орчны нөлөөлөл болон ажилтнуудын сэтгэл ханамжийн хооронд мэдэгдэхүйц эерэг хамаарал байгааг зарим судалгаа нотолсон байна. Тодруулбал, Marsh & McLennan Advantage-н судалгааны тайланд ажилтнуудын сэтгэл ханамж 14%-р нэмэгддэг гэдгийг дурджээ. Ажиллаж байгаа компанийнх нь үйл ажиллагаа байгаль орчин, нийгэмд ээлтэй болохыг мэдрэх тусам ажилтнуудын урам зориг, эрч хүч сэргэж, компанийнхаа төлөө илүү хүсэл эрмэлзэлтэй ажилладаг болох нь нотлогдож байгаа тул хэрэв танай байгууллага тайлан гаргахаар төлөвлөж буй бол БОНЗ, Тогтвортой байдлын тайлагналын удирдамжтай ЭНД дарж танилцаарай.

Монгол улсын хувьд Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын өнөөгийн нөхцөл байдалд 2021 оны 4-р сард суурь үнэлгээ хийсэн. Үнэлгээнд нийт 42 компани (хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаас гаргагчдын 25 орчим хувь) хамрагдсан бөгөөд үр дүнгээс үзэхэд талаас илүү хувь нь энэ тайланг олон нийтэд тайлагнадаггүй гэж мэдэгджээ. 

Тэгвэл Тогтвортой байдлын тайлан гэж юу вэ? 

  • Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудын дагуу байгууллагынхаа үйл ажиллагааны эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлж болзошгүй нөлөөллийн талаар олон нийтэд мэдээлж байх байгууллагын хэвшүүлэх дадал юм. Ийнхүү ил тод байснаар байгууллагууд БОНЗ-д үзүүлж буй өөрийн нөлөөллийг тодорхойлох, танин мэдэх, мэдээлэх, улмаар зорилгоо тодорхойлох, өөрчлөлтийг илүү үр дүнтэй удирдах боломжийг бүрдүүлдэг байна. 

Тогтвортой байдлын тайланг гаргахад юуг анхаарах вэ?  

  • Компаниудын нийт ажилтны нэгдмэл хүчин чармайлт шаардагдах учир компанийнхаа тогтвортой хөгжлийн төлөөх зорилтуудыг нийт ажилтнууддаа сайтар ойлгуулсан байх нь чухал гэнэ. 

ТАНД ХЭРЭГТЭЙ ТИП

Мэдээж БОНЗ-н үзүүлэлт нь компанийн нийт үйл ажиллагааны үзүүлэлтийг илэрхийлдэг хэдий ч хүний нөөцийн хэлтсүүд үндсэн 3 чиглэлд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Үүнд: 

БАЙГАЛЬ ОРЧИН 

  • Хүний нөөцийн хэлтэс нь байгаль орчинд ээлтэй ажлын байрыг бий болгоход анхаарлаа төвлөрүүлж болно. Үүнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахаар зайнаас ажиллахыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх, бүх төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах хөтөлбөр хэрэгжүүлэх, оффистоо цаасны хэрэглээг бууруулах зэрэг төрөл бүрийн бодлого, хөтөлбөрүүд хамаарах юм. 

НИЙГЭМ 

  • Энэ хэсэгт хүртээмжтэй, олон талт байдлыг хүлээн зөвшөөрсөн ажлын байрыг бий болгох, ажилчдын сайн сайхан байдлыг дэмжих бодлогууд хамаарах юм. Хүний нөөцийн хэлтэс нь ажил-амьдралын тэнцвэр, сэтгэцийн эрүүл мэнд, олон талт байдал, төрөл бүрийн сургалтын хөтөлбөр, олон нийтийн оролцоо санаачлагыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлснээр эерэг үр дүн авчрах боломжтой болох юм. 

ЗАСАГЛАЛ 

  • Засаглалын хувьд хүний нөөц нь компанийн хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг ёс зүйтэй, ил тод, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах шаардлагатай болдог. Үүнд ажилд авахдаа тодорхой зарчим баримтлах, албан тушаал ахих эрх тэгш арга замыг тодорхойлох, ажилчдад санал, гомдлоо илэрхийлэх боломжтой ил тод харилцааны сувгууд багтана. 

Дүгнэхэд ESG-ийн зарчмуудыг баримталдаг хүний нөөцийн хэлтэс нь ажилд авах, сургах, цалин хөлс олгох зэрэг хүний нөөцийн үндсэн үүрэг хариуцлагад анхаарлаа төвлөрүүлээд зогсохгүй компанийн тогтвортой байдлыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулдаг төдийгүй  ажилтнуудын сэтгэл ханамжид эергээр нөлөөлж, байгууллагадаа үр бүтээлтэй ажиллах, харилцагч олон нийт талаас тухайн байгууллагад итгэх, үнэнч байхад нөлөөлөх чухал ач холбогдолтой гэнэ. 

Worki HR-Tech - Та үүнийг мэдэх үү? #4

Та Worki дээрх Тайлан мэдээллийг ашиглан ажлаа хялбарчлах боломжтойг мэдэх үү? 

Байгууллагын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын бүх процесс болон ажлын зард хандаж буй хүний мэдээллийг гээд бүгдийг нэг дэлгэцээс хянах боломжтой. Мөн хүний нөөцийн төлөвлөгөө болон өөрсдийн тайланг бэлдэхэд туслах, шийдвэр гаргах үйл явцыг сайжруулахад тань тусална гэж найдаж байна. Та тайлангаас дараах мэдээллийг харах боломжтой. 

  • Нийт анкетаа илгээсэн хүмүүсийн тоо болон зарын хандалтын тоо 

  • Нас болон хүйсийн харьцаа 

  • Байршил болон албан тушаалын зэрэг 

  • Мэргэжлийн салбар болон мэргэжил 

  • Дундаж хугацаа болон нийт зарын тоо гэх мэт мэдээллийг та бүхэн харах боломжтой.