- Hey HR
- Posts
- Hey HR!
Hey HR!
Hey HR! Хэн нэгний “Энэ сар ямар хурдан өнгөрчхөв өө!” гэдэг үгийг сонсож байна уу? 9 сарын аль хэдийн дундаа орсон байна. Энэ сарын үлдсэн ажилд нь амжилт, ураад өгөөрэй 💜
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
Техник, технологийн хөгжил эрчимжихийн хэрээр дэлхий дахинд урьд өмнө сонсож байгаагүй цоо шинэ мэргэжлүүд бий болж байгаа билээ. Үүний нэг нь үүлэн технологи дээр суурилсан боловсон хүчин, аутсорсингийн фирм Cloudstaff-н зарласан CAIO (Chief Artificial Intelligence Officer) буюу Хиймэл оюун ухааны хөгжил хариуцсан захирлын албан тушаал байв.
“Энэ шинжлэх ухаан 20 гаруй жилийн турш хөгжиж байгаа бөгөөд цоо шинэ зүйл биш. Энэ нь удаан хугацааны туршид бий болж байна" гэж Cloudstaff-ийн Технологи хариуцсан захирал Тевис Пагет хэлэв. Тэрээр мөн 3Бид зөвхөн өөрсдийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийхээс гадна тухайн салбартаа тэргүүлэгч байхын тулд энэ шийдвэрийг гаргасан” гэжээ.
Дүгнэхэд, хүний нөөцийн салбарт хиймэл оюун ухаан ашиглалттай холбоотой шинэ сорилтууд тулгарч байгаа энэ үед C түвшний цоо шинэ албан тушаал ч бас бий болжээ.
ДОТООДОД ХАРИН
Дижитал шилжилтийг орон нутагт түүчээлэх, тэгш хүртээмжтэй байдлыг түгээх үйлсэд гар бие оролцож Нээлттэй Ирээдүй - “ДИЖИТАЛ ХОВД & БАЯНХОНГОР” арга хэмжээнд Worki хүний нөөцийн дижитал платформ амжилттай оролцлоо.
Тус арга хэмжээний үеэр Баянхонгор аймгийн 500 орчим хүнд, Ховд аймгийн 700 орчим иргэдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, Ховд болон Баянхонгор аймгийн хэрэглэгчдэд амжилттай хүрч чадлаа.
HR-УУД ЮУ ХЭЛЭВ?
Энэ долоо хоногийн буланд “Инвескор ББСБ” ХК-ийн Хүний нөөц хариуцсан захирал З.Батцэцэг оролцлоо.
Байгууллагадаа шилдэг талентуудыг татах, хадгалахын тулд та болон танай байгууллага ямар стратеги баримтлан ажилладаг вэ?
Юун түрүүнд бид нээлттэй компани тиймээс компанийн соёл, засаглалаар татдаг. Компанийн соёлыг Олон улсын түвшинд гаргах, Монгол компани олон улсын хэмжээнд ажиллаж чадах чадамжийг харуулж байгаа нь давуу тал байна. Компани хэт томрохоороо ажлын шат дамжлага, шийдвэр гаргалт удааширдаг. Манай компанийн үндсэн үнэ цэн бол ухаалаг тэлэлт буюу энэ бүгдийн тэнцвэрийг хадгалсан соёлыг бий болгодог. Нөгөө талдаа ажилтныхаа ажил амьдралын балансыг хадгалах, эрүүл мэндийн хөрөнгө оруулалт, санхүүгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулахуйц бодлогуудыг хэрэгжүүлдэг. Жишээ нь: Хуримтлалын сангийн маш таатай нөхцөл ажилтнууддаа санал болгож эхэлж байна. Солонгост хэдэн жил ажиллаж байж хуримтлуулах боломжтой хуримтлалыг Монголдоо Инвескор компанид ажиллаж байгаад бий болгох боломжтой.
Та хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байхдаа хамгийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцаач?
Зайнаас ажиллах бодлогыг хэрэгжүүлсэн. Зайнаас ажиллахад компанийн мэдээллийн аюулгүй байдлын шийдэл мөн ажилтан болон удирдлагын сэтгэлгээний өөрчлөлт, ажлын бүтээмжийг хаана ажиллахаас үл хамааран ижил байлгах нөхцөл бүхий бодлогыг туршилтын журмаар тодорхой нэгжүүдэд хэрэгжүүлж, алдаан дээрээсээ дахин сайжруулалтын бодлогыг дахин дахин хийснээр 1000 гаруй ажилтантай компанийн 30% нь тогтмол зайнаас ажилладаг өдөр тутмын хэвшил болсон мөн тодорхой соёл тогтсон. Удирдлагын арга барилын хувьд ч гэсэн уламжлалт байдлаар хажуудаа суулгаж ажиллуулж үр дүн гаргадаг арга хэлбэрт өөрчлөлт гарсаар байна.
Хүний нөөцийн ажилд нь тулгарч байсан хамгийн чухал сорилтуудаасаа хуваалцаач? Тэдгээрийг та хэрхэн даван туулсан бэ?
Хамгийн том сорилт одоо тулгарч байна. Хөдөлмөрийн зах зээл хөдөлгөөн ихтэй, нэлээд өөрчлөлт гарч байна. Хүмүүс амьдралын хэв маягийн өөрчлөлт, ажлаа солих, гадаад улс руу явах урсгал их байгаатай холбогдуулан компаниуд хүний нөөцийн дутагдалтай ажиллаж байна. Энэ нэг төрлийн том өөрчлөлтийг, ухаалаг менежментийг шаардаж байна. Хүнд цалин өгөөд ажиллуулах, түүндээ ажилтнаас байнгын өндөр гүйцэтгэл шаардах гэдэг ойлголтоос дараагийн түвшинд буюу компанийн бизнес өсөж, үр ашиг нэмэгдэхийн хэрээр ажилтнуудын аж амьдрал, туршлага ур чадвар бас хамт өсөж нэмэгдэхүйц бодлого хэрэгжүүлэхийг хичээж байна. Бизнест зөвхөн нэг тал биш хамтдаа өсөх нь хол явна. Тиймээс ажилтан биш манай бас нэг төрлийн харилцагч хамтрагч гэсэн өнцгөөр харах цаг нь болж ээ.
Хүний нөөцийн менежер хүн ямар ур чадваруудыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой вэ? Ирээдүйд энэ мэргэжлээр ажиллахаар төлөвлөж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
За би 4 цогц зүйлийг хэлмээр байна. Дан ганц хүний нөөц гэлтгүй ер нь аливаа удирдлага, менежер, хүний нөөцийн ажилтан хэн ч бай хүнийг хүн гэдэг өнцгөөс, нөгөө хүнийхээ байр сууринаас хардаг байх хамгийн эхний чадвар, мөн мэдээж харилцааны ур чадвар. Тэгээд бизнесийн удирдлага буюу та ажиллаж буй компанийнхаа бизнесийг ойлгохгүйгээр хүний нөөцийн ажлыг хийнэ гэдэг байнга асуудалтай тулгарна. Яаж ч хүнийг ойлгож тусалмаар байсан ч хязгааргүй зардлаар шийдээд байх боломжгүй. Хамгийн сүүлд нь хэлэхэд технологийн мэдлэг гэж хэлэх байна. Технологийн үр ашгийг ойлгосон цагт бизнест хэрэглээ болгож, үр ашгийг нэмэгдүүлэх цаашлаад сургалт хөгжлийн бодлогодоо ч түлхүү суулгах нь бизнес болон ажилтандаа аль аль талдаа маш үр ашигтай байх болно. Ер нь цаашид технологийн мэдлэг бол хэлний мэдлэг шиг аливаа мэргэжилд давуу тал болж явна.