- Hey HR
- Posts
- HR болон менежерүүд ашиглах 40 ChatGPT өгөгдөл
HR болон менежерүүд ашиглах 40 ChatGPT өгөгдөл

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
ОЛОН УЛСАД…
2027 он: Нэмэлт хангамжийн ач холбогдол оргилдоо хүрнэ

Галлахер компанийн 7 дугаар сарын тайланд дурдсанаар, АНУ-ын ажил олгогчид ажиллах хүчнийхээ хэрэгцээнд нийцүүлэн нийтлэг сайн сайхан байдлыг дэмжих цогц хөтөлбөрүүдэд анхаарал хандуулах хандлага нэмэгдэж байна. Үүний нэг илрэл нь, АНУ-ын байгууллагуудын бараг гуравны нэг нь 2027 он гэхэд нэмэлт хангамжийн багцаа өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлжээ.
Жишээ нь, хувийн амьдралын хэв маяг, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт зэрэг амьдралын чанарыг дэмжих хангамжуудын эрэлт нэмэгдэж байгаа аж.
Түүнчлэн хувийн мэдээлэл хулгайд алдахаас хамгаалах үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөөний төлөвлөгөө зэрэг нэмэлт хангамжууд нь ажилтнуудад эрсдэлийг илүү үр дүнтэй удирдах боломж олгож, ингэснээр стресс буурч, бүтээмж дээшлэх нөлөөтэй байж болзошгүй гэжээ.
Мөн тайланд дурдсанаар, амьдралын чанарыг дэмжих хангамжууд болох гэрийн тэжээвэр амьтны даатгал, ослын даатгал, ажилтны хөнгөлөлтийн хөтөлбөрүүдийн хүртээмж сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ.
2023 онд ажил олгогчдын 44% нь ажилтны хөнгөлөлтийн хөтөлбөр санал болгож байсан бол 2025 оны байдлаар энэ тоо 50% орчимд хүрээд байна.
UN Women: Хүйсийн тэгш байдалд уян хатан ажиллах нөхцөл зайлшгүй хэрэгтэй
2025 оны 6-р сарын 30-нд нийтлэгдсэн UN Women-ийн тайланд дурдсанаар, ажлын байран дахь хүйсийн тэгш байдлыг хангахад уян хатан ажиллах нөхцөл зайлшгүй хэрэгтэй, “ярилцаж тохирох зүйл биш” гэж онцолжээ.
UN Women-ийн цаг ашиглалтын судалгаагаар эмэгтэйчүүд өдөрт дунджаар 4.2 цагийг цалингүй ар гэрийн болон асаргааны ажилд зарцуулдаг бол эрэгтэйчүүдийн хувьд энэ тоо 1.7 цаг байжээ. Тайланд дурдсанаар, уян хатан ажлын зохион байгуулалт нь эмэгтэйчүүдийн гэр бүлийн үүрэг, хүүхэд асаргаа болон бусад ар гэрийн хариуцлагыг ажлын амьдралтай зохицуулах боломжийг нэмэгдүүлдэг байна.
UN Women-ийн мэдээлснээр, эмэгтэйчүүдийн тал хувь нь уян хатан ажиллах нөхцөл нь хөдөлмөрийн зах зээлд үргэлжлүүлэн оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
2025 онд ажлаасаа гарах эсвэл ажлын байраа өөрчлөх талаар эргэн харж буй эмэгтэйчүүдийн 45% нь уян хатан бус ажлын нөхцөлийг хамгийн гол асуудал гэж нэрлэсэн бол, 40% нь ажил, амьдралын тэнцвэр муу байгааг шалтгаан болгожээ.
UN Women-ийн тайланд тэмдэглэснээр, гэр бүл болон ажлын орчинд асаргаа, хариуцлагыг тэгш хуваарилах зорилгоор байгууллагууд дараах алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай:
уян хатан ажлын цагийг нэвтрүүлэх,
алсын зайнаас ажиллах боломж санал болгох,
чөлөө авах бодлогоо шинэчлэн сайжруулах.
HR MOMENT
Кейс судалгаа: Amazon “Returnship” хөтөлбөрөөр карьертаа эргэн ирэх боломжийг дэмжсэн нь

📌 Нөхцөл байдал: Amazon компани карьертаа түр завсарлага авсан чадварлаг мэргэжилтнүүд (ялангуяа хүүхэд асрах, гэр бүлийн үүрэг хариуцлага зэрэг шалтгаанаар завсарлага авсан хүмүүс) ажилдаа буцаж ороход бэрхшээлтэй тулгардаг, энэ нь олон талт байдал, хүний нөөцийн чанарт сөргөөр нөлөөлж байгааг анзаарсан байна.
💡 Шийдэл: Amazon “Returnship” буюу карьертаа эргэн орох дэмжлэгт хөтөлбөр
Amazon компани завсарлага авсан мэргэжилтнүүдэд зориулсан “Returnship” нэртэй цалинтай, бүтцийн хувьд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрт дараах үйл ажиллагаанууд багтсан:
16 долоо хоногийн хугацаатай, цалинтай ажлын байр санал болгодог.
Тодорхойлсон бүтэцтэй сургалт, хөгжлийн боломжуудыг олгосон.
Туршлагатай менторууд болон удирдлагуудаас тогтмол зөвлөгөө, дэмжлэг авч ажиллах боломжтой.
📈 Үр дүн:
Олон талт байдлын үзүүлэлтүүд сайжирч, ажиллах хүчний чанар нэмэгдсэн.
Ажил горилогчдын тоо, тусгайлан энэ сегментийн ажил горилогчдын идэвх нэмэгдсэн.
Карьертаа эргэн орсон ажилтнуудын ажлын бүтээмж өндөр, ажилдаа үлдэх хувь нэмэгдсэн.
Amazon-н ажил олгогчийн нэр хүнд сайжирсан.
🔍 HR сургамж: Amazon-н “Returnship” хөтөлбөрөөс харахад карьертаа завсарлага авсан мэргэжилтнүүдэд боломж олгосноор байгууллага өөртөө чадварлаг, өндөр идэвхтэй, үнэнч ажилтнуудыг татах, хадгалах, мөн олон талт байдлаа сайжруулах боломжийг бүрдүүлдэг байна.
HR HAAAAACK
🤖 HR болон менежерүүд ашиглах 40 ChatGPT өгөгдөл

Энэхүү буландаа зориулан бид ChatGPT ашиглан өдөр тутмын ажлыг тань хялбарчлах 40 өгөгдлийг цуврал байдлаар хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр өгөгдлийг HR-ийн өргөн цар хүрээтэй үүрэг хариуцлагад нийцүүлэн, сонгон шалгаруулалтын үйл явцаас эхлэн өөрчлөлтийн менежмент хүртэлх бодит хэрэглээний нөхцөлд үндэслэн ангилсан болно.
Сайн өгөгдөл буюу чиглүүлэх өгүүлбэр хэрхэн бичихийг ойлгосны дараа, түүнийг практикт хэрэгжүүлэх л үлдэх билээ. Эдгээр өгөгдлийг шууд ашиглах боломжтой. Мөн шаардлагатай бол өөрийн байгууллагын хэв маяг, салбарын онцлог, соёлын үнэт зүйлсэд нийцүүлэн өөрчлөн тохируулж болох юм.
Сонгон шалгаруулалттай холбоотой таны ажлыг хөнгөвчлөх ChatGPT өгөгдлүүд:
Зөв ажил горилогчдыг татахуйц ажлын зар бичих
Өгөгдөл: Өөрийгөө хурдтай өсөж буй эрүүл мэнд, технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн сонгон шалгаруулалтын ажилтан гэж төсөөлнө үү. Манай байгууллагын эрхэм зорилго, уян хатан ажлын нөхцөл болон карьерын өсөлтийн боломжийг онцолсон, дунд түвшний дата шинжээчийн ажлын зар бичнэ үү. (Хэрвээ танай байгууллагын давуу тал, соёлын тухай бичиг баримт байвал оруулж болно.)
Хэлбэр нь ажил горилогчийн систем дээр шууд байршуулахад бэлэн байхаар боловсруулагдсан байх ёстой. Найруулга нь эрч хүчтэй, хүн бүрд нээлттэй мэдрэмж төрүүлэхүйц байх хэрэгтэй.
Зөөлөн ур чадварыг тодорхойлох ярилцлагын асуулт боловсруулах
Өгөгдөл: Та бол олон жилийн туршлагатай HR бизнесийн түнш. Та харилцагчийн үйлчилгээний багт багийн ахлагчийн албан тушаалд зориулан бүтцэт ярилцлагын асуултууд боловсруулах үүрэгтэй. Уг нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтын ажилтан тухайн нэр дэвшигчийн EQ, дасан зохицох чадвар, мөн зөрчил шийдвэрлэх ур чадварыг үнэлэхийг хүсэж байна. Та эдгээр ур чадварыг тодорхойлох зорилготой зан төлөвт суурилсан 5 асуултыг боловсруулж өгнө үү. Асуултууд нь панел ярилцлагад ашиглахад тохиромжтой байдлаар бичигдсэн байх хэрэгтэй.
Ирээдүйн боломж нээлттэй үлдэхүйц татгалзсан хариу бичих
Өгөгдөл: Өөрийгөө дунд хэмжээний маркетингийн агентлагт ажилладаг хүний нөөцийн ажилтан гэж төсөөлнө үү. Сүүлийн шатны ярилцлагад оролцсон нэр дэвшигчид хандсан ёс журамтай, талархсан, боловсон өнгө аяс бүхий татгалзсан хариуг бичнэ үү.
Захидлын өнгө урам өгсөн, эелдэг байх бөгөөд тухайн нэр дэвшигчийг цаашдын боломжит ажлын байранд дахин авч үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой. Имэйл 150 үгнээс хэтрэхгүй байх шаардлагатай.
Ажил горилогчдод зориулан сонгон шалгаруулалтын үйл явцын товч танилцуулга бичих
Өгөгдөл: Та бол байгууллагынхаа хүний нөөцийн координатор. Та алсын зайн ажлын байранд өргөдөл гаргаж буй нэр дэвшигчдэд зориулан манай ажилд авах үйл явцын талаар товч, ойлгомжтой танилцуулга бичих гэж байна. Энэхүү мэдээлэл нь 200 үгнээс хэтрэхгүй байх ёстой.
Өргөдлөө илгээснээс хойш ямар шат дараалал хүлээж байгаа, ярилцлагын үеэр нэр дэвшигч хэнтэй уулзах, шийдвэр гаргах дундаж хугацаа ямар байдаг талаар үнэн зөв, ойлгомжтой, найрсаг өнгө аяс бүхий мэдээлэл өгнө үү. Гол зорилго нь нэр дэвшигчдэд итгэл төрүүлж, манай байгууллагын ил тод, эерэг соёлыг илэрхийлэхэд оршино.
Менежерүүдэд илүү үр дүнтэй ажлын товч мэдээлэл бичихэд туслах
Өгөгдөл: Та өөрийгөө шинээр ажилд авах гэж буй менежерийг чиглүүлж буй туршлагатай хүний нөөцийн ажилтан гэж төсөөлнө үү. Менежер маань анх удаа сонгон шалгаруулалт хийж байгаа бөгөөд программ хангамжийн инженерийн ажлын байрны зар бичих гэж байна. Түүнд зориулж бөглөөд буцааж өгөх боломжтой, нэг нүүр бүхий хялбар бичиг баримтын загвар боловсруулна уу.
Энэ баримт нь заавал тусгах ёстой агуулгууд бол тухайн ажлын зайлшгүй шаардлагатай ур чадварууд, хүсэж буй зан төлөвийн онцлог, мөн эхний зургаан сарын хугацаанд амжилттай гэж үзэх шалгууруудыг тусгасан байна.
Үргэлжлэлийг дараагийн дугаараас хүлээн авна уу…
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.