- Hey HR
- Posts
- Зөвхөн HR мэргэжлийнхэнд зориулсан HR Community үүсгэх боломжийг бид судалж байна...
Зөвхөн HR мэргэжлийнхэнд зориулсан HR Community үүсгэх боломжийг бид судалж байна...

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна.
“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec
ДОТООДОД…
Эмч, багш нарын цалинг 10-20 хувь нэмэх шийдвэрт хүрэв

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаас мөн багш, эмч нарын цалинг боломжит хэмжээнд нэмэх шийдэл гаргах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төслийг өргөн бариад 45 хоносон. УИХ дээр төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна. УИХ-аас төсвийн хуулийг чамбайруулах ажлын хэсэг гаргаж ажиллах, мөн эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэрийг гаргахын тулд төсвөөс хэмнэж болох зардлын тооцооллыг гаргах шаардлагатай. Мөн тэтгэврийг инфляцтай уялдуулж 8.6 хувиар нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8.5 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ" гэсэн юм.
ОЛОН УЛСАД…
Японы бодит цалин найм дахь сардаа буурлаа

Японы Засгийн газрын танилцуулсан мэдээллээр, инфляц өндөр хэвээр байгаатай зэрэгцэн нэг удаагийн нэмэгдэл тэтгэмжүүд хоёр оронтой тоогоор буурсан нь нэрлэсэн цалингийн өсөлтийг гүйцэд түрүүлжээ. Япон өрхийн худалдан авах чадварыг хэмжих гол үзүүлэлт болох инфляцад тохируулсан бодит цалин 8-р сард өнгөрсөн оны мөн үеэс 1.4 хувиар буурсан байна. Энэ нь сүүлийн гурван сарын хугацаанд бодит цалингийн хамгийн огцом бууралт байв.
Хэрэглээний үнийн өсөлт нь Японы Төв банкны 2 хувийн зорилтот түвшинд эсвэл түүнээс дээш түвшинд гурван жил гаруйн хугацаанд хадгалагдсан ч, сүүлийн саруудад буурах хандлагатай болсон нь тус банкны хүү нэмэх төлөвлөгөөг хүндрүүлж байна.
Challenger: Хиймэл оюун ухаан 9-р сард 7,000 ажлын байрыг цомхотгов
Ажлын байрны 17,000 гаруй цомхотголыг энэ оны байдлаар шууд хиймэл оюун ухаантай холбон тайлбарласны сацуу үүний дийлэнх нь технологийн салбарт тохиолдсон гэж ажлын байрны шилжилтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Challenger, Gray & Christmas компани саяхны тайландаа дурджээ.
Ажлын байрны цомхотголын ихэнх нь оны хоёрдугаар хагаст зарлагдсанаас зөвхөн есдүгээр сард гэхэд Challenger хиймэл оюун ухаантай холбоотой 7,000 ажлын байрны цомхотголыг бүртгэсэн аж.
“Технологийн компаниуд хиймэл оюун ухааны нөлөөгөөр асар их өөрчлөлтөд орж байна. Энэ нь зөвхөн ажлын байрыг цомхотгоод зогсохгүй, ялангуяа шинээр төгссөн инженерүүдэд ажилд ороход хүндрэл үүсгэж байна” гэж Иллинойс мужийн Чикаго хотод байрлах Challenger компаниар ахлах дэд ерөнхийлөгч Энди Челленжер тайланд дурджээ. “Технологийн салбарын удирдагчид хиймэл оюун ухаан ажлын шинж чанарыг өөрчилж байгааг онцолж, илүү олон компаниуд багуудаа үүн дээр сургалтад хамруулах шаардлагатай болж байгааг илэрхийлж байна” гэжээ.
HR MOMENT
Кейс судалгаа: PepsiCo “Leadership Academy”-аар менежерүүдийн ур чадварыг шинэ шатанд гаргасан нь

📌 Нөхцөл байдал:
PepsiCo компанийн дэлхий даяарх үйлдвэрлэл, логистикийн салбарын менежерүүд өндөр ачаалалтай ажилладаг байсан нь стресс, ядаргаа, ур чадварын дутагдал үүсгэж байв. Энэ нь ажилтны урсгал нэмэгдэх, багийн гүйцэтгэл буурах, дунд шатны удирдлагын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлжээ.
💡 Шийдэл: “Leadership Academy” буюу дунд шатны менежерүүдийн хөгжлийн хөтөлбөр
PepsiCo компанийн хүний нөөцийн баг менежерүүдийн манлайллын ур чадварыг системтэй хөгжүүлэх зорилгоор тусгай “Leadership Academy” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд:
Менежерүүдийг удирдлагын сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн оюун ухаанд (EQ) сургах;
Коучинг ба менторшип хөтөлбөрөөр дамжуулан туршлагатай удирдлагуудаас суралцах боломж олгох;
Өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах болон үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх сургалтууд зохион байгуулах;
Багийн гүйцэтгэлийг хэмжих шинэ аргачлал нэвтрүүлж, тогтмол санал, хүсэлт өгдөг соёлыг төлөвшүүлэх.
📈 Үр дүн:
Хөтөлбөрт хамрагдсан менежерүүдийн 80%-иас дээш нь ажлын гүйцэтгэлээ сайжруулсан гэж дүгнэсэн.
Ажилтны сэтгэл ханамж болон дунд шатны удирдлагын тогтвортой байдал мэдэгдэхүйц нэмэгдсэн.
PepsiCo компанийн дотоод карьер ахих үзүүлэлт өсөж, өндөр ур чадвартай менежерүүдийн урсгал буурсан.
Байгууллагын соёл илүү хамтын ажиллагаанд суурилсан, хүмүүнлэг хандлагатай болж өөрчлөгдсөн.
🔍 HR сургамж:
PepsiCo-ийн туршлагаас харахад дунд шатны менежерүүдийн хөгжилд стратегийн төвшинд анхаарах нь байгууллагын урт хугацааны тогтвортой байдлын үндэс юм. Удирдлагуудын манлайллын чадварыг системтэйгээр дэмжсэнээр зөвхөн гүйцэтгэл төдийгүй соёл, ажилтны үнэнч байдал, бүтээмж бүх түвшинд сайжирдаг.
HR HAAAAACK
Ажилтны урамшууллын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь /2-р хэсэг/

Өмнөх дугаарт бид урамшууллын хөтөлбөрийн олон янзын хэлбэрүүдтэй танилцсан билээ. Энэ дугаарт хэрхэн өөрийн багтаа хэрэгжүүлэх алхмуудыг хүргэж байна.
1. Одоо хийгдэж буй ажлуудаа ил тод болго
Юуны түрүүнд байгууллагынхаа одоогийн соёлд юу оршиж байгааг харж, түүнийгээ урамшууллын хөтөлбөртэй хэрхэн уялдуулж болохыг бодоорой. Ажилтнууд зорилго, KPI-гаа давсан үед та ямар хэмжүүрээр бүртгэдэг вэ? Хэрэв та хүмүүсийн ажилласан цаг, оролцсон төслүүдийн тоог хянаж байгаа бол тэнд өгүүлэхүйц нэгэн амжилтын түүх нуугдаж л байгаа.
Мөн зөвхөн шилдэг борлуулагчдаар хязгаарлалгүй, туслах үүрэг гүйцэтгэж буй бүх ажилтныг хамруулахаа мартаж болохгүй. Бүх хүн хичээл зүтгэлийнхээ төлөө үнэлэгдэх эрхтэй бөгөөд энэ нь тэдний сэтгэлзүйд эергээр нөлөөлнө.
2. Зорилгоо тодорхойлох
Зорилго бол ажилтны урамшууллын хөтөлбөрийн “яагаад” гэсэн асуултын хариу юм. Энэ тохиолдолд таны зорилго бол ажилтнуудыг үнэ цэнтэй, оролцоотой байгааг нь мэдрүүлж, бизнесийн зорилтуудтайгаа уялдуулах явдал билээ. Зорилгоо тодорхойлохдоо ажилтнуудын хэрэгцээг харгалзан үзэж, тэдний саналыг тусгах боломжтой механизмыг багтааснаар хүртээмжтэй урамшууллын хөтөлбөр бий болно.
3. Урамшууллыг түгээх сувгаа тодорхойлох
Зарим ажилтнууд олны анхааралд байхаас таашаал авч, амралтын өрөөнд зураг нь өлгөгдөхийг хүсэх бол, зарим нь мэйлээр нэр дурдагдах зэргийн даруухан байхыг илүүд үздэг байж болно.
Танай байгууллагын сонин, Slack зэрэг мессеж платформ эсвэл VIP зогсоол ч бай, урамшууллыг хүргэх хэлбэр нь олон янз. Хэрэв танд цаг зав хомс байгаа бол ажилтны урамшууллын тусгай платформ зэрэг хэрэгсэлд хөрөнгө оруулж, процессыг автоматжуулах талаар бодолцож болно.
4. Хөтөлбөрөө нээлттэй, тодорхой мэдээлэх
Ажилтны урамшууллын хөтөлбөрөө байгууллагын хэмжээнд өргөн хүрээнд зарлаж, хэрхэн оролцох талаар тодорхой зааварчилгаа өгөөрэй. Үүнд олон нийтийн өмнө хэнийг хэрхэн урамшуулах тухай тодорхой заавар, жишээ багтаж болно. Жишээлбэл, Slack зэрэг мессеж платформ дээр #organizationalvalue, #teamwins гэх мэт hashtag-уудыг ашиглан ажилтнуудын амжилтыг тусгай чат сувгаар онцлон тэмдэглэж болно. Энэ нь урамшууллыг ил тод болгоход тустай.
5. Ажилтны мэдээллийг шинэчилсэн байх
Ажилтны ажлын ойн өдөр, амжилт, чухал үе шатуудыг зөв урамшуулахын тулд мэдээлэл үнэн зөв, шинэ байх шаардлагатай. Энэхүү мэдээллийг шинэчлэх нь тогтмол шалгалт хийх, хүний нөөцийн системүүдийг уялдуулах, чухал үе шатуудтай холбоотой мэдээллийг баталгаажуулах зэрэг системтэй үйл явц болон технологийн дэмжлэгийн хослолоос бүрдэнэ.
6. Хөтөлбөрөө тогтмол хянаж, сайжруулж байх
Таны урамшууллын хөтөлбөр цаг хугацааны явцад өөрчлөгдөх нь гарцаагүй тул хэрэгжүүлэх явцдаа шинэчилж, сайжруулахад бэлэн байх хэрэгтэй.
Үүнтэй зэрэгцэн багуудаасаа санал хүсэлт тогтмол авах нь чухал. Тэд хөтөлбөрийн юунд дуртай байна вэ? Ирээдүйд ямар функц, интеграци нэмэгдээсэй гэж хүсэж байна вэ? Эцсийн дүндээ, талархал гэдэг ажилтнуудын үнэхээр хүсэж байгаа зүйлтэй нийцэж байж л утга учиртай болдог. Таны урамшууллын хөтөлбөр бол бизнесийн хэрэгцээнд уялдан хувьсан өөрчлөгдөх амьд санаачилга гэдгийг санаарай.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.
❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.