• Hey HR
  • Posts
  • Австралид ажлын байрны стресс ба сэтгэцийн эрүүл мэнд хямралын түвшинд хүрэв үү?

Австралид ажлын байрны стресс ба сэтгэцийн эрүүл мэнд хямралын түвшинд хүрэв үү?

Өнгөрсөн долоо хоногт дотоодод болон олон улсад өрнөсөн хөдөлмөрийн зах зээлийн талаарх онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг хүргэж байна. 

“HR Community” Судалгаанд оролцох линк: https://forms.office.com/r/7GSFHyT8ec

ДОТООДОД…

Бага насны хүүхэдтэй ажилтнуудаа уян хатан нөхцөлөөр ажиллуулахыг уриалав

Монгол Улсын хэмжээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарласан. Энэ хүрээнд Монголын телевизүүдийн холбооноос багш нарын ажил хаялттай холбогдуулж найман телевизээр 1-12 дугаар ангийн хичээлийг 09.00-17.00 цагийн хороонд теле байдлаар 2025.10.17-ны өдрийг хүртэл хүргэж буй. 

Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас уриалжээ.

Энэхүү нөхцөл байдлын хүрээнд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлан нь багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 20 хувь, 2026 оны долдугаар сарын 1-нээс 10 хувиар тус тус нэмэгдүүлэх тооцоолол гаргаснаа мэдэгдсэн.

Харин Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл “Багш нарын хувьд 30 хувийн нэмэгдэл хүсээгүй. Боловсролын жил болгон зарласан тул багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгооч ээ гэдэг санал тавьсан. Ер нь бол багш нарын цалинг 30 хувиар нэмэх саналыг хүлээн авах боломжгүй” гэжээ.

ОЛОН УЛСАД…

Сэтгэцийн эрүүл мэндийн хямрал Австралийн ажлын байруудад шинэчлэл хийх шаардлагыг улам хүчтэй болгов

“Allianz Australia”-н шинэ судалгаагаар ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих нь өнөөг хүртэл ноцтой асуудал хэвээр байгааг харуулж байна. Австралийн ажилтнуудын бараг 80 хувь, менежерүүдийн гуравны хоёр нь байгууллагууд нь ажлаас халшрах хам шинжээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай эрүүл ажлын дадал зуршлыг мөрдүүлэх тал дээр хангалтгүй байна гэв.

Менежерүүдийн хувьд саад бэрхшээлүүд нь системийн шинжтэй гэлээ. Тэдний 78 хувь нь цаг хугацаа, нөөц бололцоо, технологийн хомсдол, тэргүүлэх чиглэлийн олон асуудал зэрэг нь сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд саад болж байна гэжээ.

Ажилтнуудын бараг 60 хувь нь ажлын дарамт, хэт олноор давхцсан хурал, биелшгүй шахуу хугацаатай үүрэг даалгавраас үүдэлтэй сэтгэцийн хямрал, стресс мэдэрч буй аж. Австралийн ажилчид долоо хоногт дунджаар гурван цагаас илүү хугацааг хэрэгцээгүй хурал, даалгаварт зарцуулж байна. 

Энэхүү ачаалал нь зөвхөн ажлын орчноор хязгаарлагдахгүй. Судалгаанд оролцогчдын 19 хувь нь технологийн нөлөөгөөр ажлаас тусгаарлагдахад бэрхшээлтэй гэж үзжээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь санхүүгийн дарамт анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байна гэж хүлээн зөвшөөрсөн аж.

Түүнчлэн сэтгэлзүйн ачаалал өсөн нэмэгдэж буй нь бодит үр дагаварт хүрч эхэлжээ. Allianz-ийн нөхөн төлбөрийн мэдээллээс үзвэл 2021 оноос 2025 он хүртэлх хугацаанд анхдагч сэтгэлзүйн шалтгаантай хөдөлмөрийн нөхөн төлбөрийн нэхэмжлэл 28.4 хувиар өссөн байна. 

Судалгааны дүнгээс харахад ажилтнуудын 73% нь хувийн цагаа төлөвлөхөд хүндрэлтэй байдаг бол 78% нь гэрийн ажлыг тэгш хуваалцдаггүй, 81% нь асаргааны үүрэгт найдвартай тус дэм үзүүлэх холбоо сүлбээ дутмаг гэжээ. Харин ажлын байран дээр менежерүүдийн зөвхөн 35% нь байгууллага нь хүүхэд асрах, гэр бүлийн халамжийн үүрэг хүлээсэн ажилтнуудын хэрэгцээнд нийцсэн орчныг бүрдүүлж чаддаг гэж үзэж байна. 

2.73 сая австраличууд ирэх нэг жилийн дотор ажил хэргээ орхих талаар бодож байгаагаа илэрхийлсэн нь нэгэн тод дохиог өгч байна. Сэтгэлзүйн дэмжлэгийг урьдын адил хариу үйлдэл үзүүлэх байдлаар бус, харин урьдчилан сэргийлэх арга барилаар хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Ажлын ирээдүй нь зөвхөн бүтээмж дээр бус, харин энэрэл, уян хатан байдал, орчин цагийн ажлын хэв маягийг зоригтойгоор дахин зохион бүтээх чадвар дээр тогтоно.

HR MOMENT

⚙️Кейс судалгаа: Intel “AI for Workforce” хөтөлбөрөөр ирээдүйн чадвартай ажиллах хүчийг бэлтгэсэн нь

📌 Нөхцөл байдал:
Intel компанийн технологийн салбар дахь өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хиймэл оюун ухаан (AI), өгөгдлийн шинжилгээний чиглэлд ур чадвартай ажиллах хүчний хомсдол улам гүнзгийрсэн. Компанийн хувьд дотоод авьяасын нөөцөө хөгжүүлэх, шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэх бодит шийдэл шаардлагатай болжээ.

💡 Шийдэл: “AI for Workforce” боловсролын түншлэлт хөтөлбөр
Intel 2021 оноос эхлэн АНУ-ын олон нийтийн коллежуудтай хамтран “AI for Workforce” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэхүү санаачилга нь:

  • Коллежуудтай хамтран AI, өгөгдөл, машин сургалт (machine learning)-ын сургалтын хөтөлбөрийг боловсруулж нэвтрүүлэх;

  • Оюутнууд болон Intel-ийн ажилтнуудад зориулсан AI сертификат олгох сургалт санал болгох, багш, сургагчдыг бэлтгэх, сургалтын материал хөгжүүлэхэд хөрөнгө оруулах;

  • Хөтөлбөрт хамрагдсан суралцагчдыг Intel болон түнш байгууллагуудад интернатур, ажлын байрны туршлага олгох замаар холбох зорилготой байв.

📈 Үр дүн:

  • АНУ даяар 80 гаруй коллеж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж, мянга мянган оюутан AI чиглэлээр сургалтад хамрагдсан.

  • Intel дотооддоо AI болон өгөгдөлд суурилсан ур чадвартай ажилтнуудын эзлэх хувь нэмэгдсэн.

  • Байгууллагын ур чадварын нөөц өргөжиж, технологийн инновацийн хурд нэмэгдсэн.

  • Intel боловсрол, технологийн уялдааг хангаж, ирээдүйн ажлын байрны экосистемийг хөгжүүлэгч байгууллагын жишээ болсон.

🔍 HR сургамж:
Intel-ийн “AI for Workforce” хөтөлбөр нь компанийн хэрэгцээ ба боловсролын салбарыг холбосон стратегийн түншлэлийн жишээ юм. Ирээдүйн ур чадварт хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн авьяас татах бус, салбарын өрсөлдөх чадварыг урт хугацаанд хадгалах хамгийн үр дүнтэй арга гэдгийг харуулсан.

HR HAAAAACK

Ажилтны урамшууллын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь /3-р хэсэг/

Энэхүү цувралынхаа төгсгөлд бид дараах урамшууллын хөтөлбөрийн санаануудыг хуваалцаж байна.

 ✨ Туршлага дээр суурилсан урамшуулал

  • Үзвэр, тоглолтын тасалбар

  • Хоол хийх сургалт

  • Агаарын бөмбөлгөөр аялал

  • Амралтын өдрүүдийн аялал

  • Бүжгийн хичээл

  • СПА өдрүүд

🔧 Гаджет ба ухаалаг төхөөрөмж

  • Дуу тусгаарлагч чихэвч

  • Утасгүй компьютерын гар

  • Фитнесс хэмжигч төхөөрөмж

  • Таблет эсвэл цахим ном уншигч

  • Утасгүй чанга яригч

💸 Шагнал урамшуулал

  • Гүйцэтгэл дээр суурилсан бонус

  • Ажилласан жилийн урамшуулал

  • Ашгийн хуваарилалт

🏖️ Компанийн аялал, багийн амралт

  • Багийн хөгжлийн амралт, аялал

  • Сэдэвт парк, чөлөөт цаг өнгөрүүлэх газар

  • Компанийн хамтын амралт, өдрийн зугаалга

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.