- Hey HR
- Posts
- New Post
New Post
Hey HR! Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн мэнд дэвшүүлье. Та сайхан шинэлээрэй 😊😇
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛОВ?
Цар тахлын дараагаас шинэ ажилтан эхний 6 сардаа ажлаасаа гарах тоо 20 хувиар нэмэгджээ. Ажилтныг ажилд орсон өдрөөс эхлэн хэрэгжүүлдэг Дасан зохицуулах хөтөлбөр шинэ ажилтныг тогтоон хадгалахад хамгийн чухал талаар олон судалгааны үр дүнгүүд харуулж байна.
Korn ferry-с гаргасан судалгаанд эхний 6 сардаа ажлаасаа гарах нийтлэг шалтгаануудад дараах хариултуудыг нийтлэгээрээ дурдсан байна. Үүнд:
Ажил олгогч ажилтнаас ямар хүлээлттэй байгаа нь тодорхойгүй.
Ажлын байрны чиг үүргийн дагуу бус хариуцлага хүлээлгэдэг эсхүл гэнэтийн төлөвлөгдөөгүй даалгавар өгдөг.
Найрсаг, тусархаг хамт олон, хамтран ажиллагсад дутмаг.
Хариуцсан менежер болон хамт ажиллаж буй ажилтнууд нь анхаарал хандуулдаггүй зэрэг шалтгаануудыг нийтлэгээрээ дурджээ.
ДОТООДОД ХАРИН...
Олон улсад Resource awareness буюу “Хангамж урамшууллын талаарх ойлголт”-ыг хэмждэг бөгөөд ажил олгогч болон ажилтан хоорондын ойлголтын зөрүүг тодорхойлдог энэ үзүүлэлтийг Монголын хөдөлмөрийн зах зээлийн суурь синдикат судалгаа болох HR Solutions for 2024 судалгаанд хэмжжээ.
Компанийн хэрэгжүүлж буй дотоод бодлогын хүрээнд Цаг бүртгэлийн систем, Дундын ажил бүртгэх тэмдэглэх систем, Тусгай хэрэгцээт өрөө, Ажлын байрны тодорхойлолт, Боломжит карьер ахих замналын зураглал, Ажилд дасгах чиглүүлэх хөтөлбөр гэх мэтээр 27 үзүүлэлтийн дагуу "Resource awareness"-ийн зөрүүг тодорхойлсон бөгөөд зөрүү нь Ажлын байрны тодорхойлолт -9.2 болон Ажил дасгах чиглүүлэх хөтөлбөр -17.0 гэж гарсан байна. Энэ нь менежментийн зөвлөгөө үзүүлэгч Kornferry компаниас гаргасан судалгааны үр дүнтэй адил байгаа юм.
Тодруулбал, Ажил олгогчдын 95.9% нь ажилд дасгах чиглүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг гэж дүгнэж байгаа бол ажилтнуудын 78.9% нь тус нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
ТРЕНДИ
Шинэ ажилтан угтаж авахад компани бүр өөрсдийн хүний нөөцийн бодлогын хүрээнд дасан зохицуулах, чиглүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Тэгвэл өнөөдөр компанийн шинэ ажилтны харьяалагдах хэлтсийг хариуцан ажилладаг менежерт шинэ ажилтнаа угтаж авахдаа хийх зүйлсийн Checklist хуваалцаж байна. Хэрвээ анх удаа баг удирдаж буй менежер, дарга байгаа бол тэдэнд HR-с нь шинэ ажилтнаа орж ирэхэд нь юу хийх хэрэгтэй зөвлөсөн checklist байвал гоё биш гэж үү.
Шинэ ажилтнаа угтаж авч, “Тавтай морил” гэсэн и-мэйл илгээх
Хэлтэс дотроо түүнд туслах, мэдэхгүй зүйлсээ асуух боломжтой ажилтан томилж өгөх
Ажилд орсон эхний өдөр нь ганцаарчилсан уулзалт хийх: Ингэхдээ түүнд ажлын чиг үүргийг нь танилцуулж, компанийн зүгээс хүлээж буй хүлээлтээ нээлттэй ярилцаж, цаашид компанидаа дасан зохицоход шаардлагатай алхмууд, уулзах хэрэгтэй хүмүүсийг нь зааж өгөөрэй.
Багийнхантайгаа болон хамааралтай ажиллах ажилтнуудтай танилцуулах уулзалт товлох
Хамтдаа өдрийн хоол идэх
Оффис тур хийх: Ингэхдээ зөвхөн оффис гэлтгүй ойрхон дэлгүүр, эмийн сан, өдрийн хоол идэх боломжтой газар гээд хэрэг болохуйц гэж бодсон бүх мэдээллээ хуваалцаарай.
HR - ХААААААК
Ажилтны бүтээж буй үнэ цэн (Employee Lifetime Value) гэж юу вэ?
Тухайн байгууллагад ажилтан ажиллах байх хугацаандаа бүтээж буй үнэ цэнийг ойлгоно.
Тэгвэл ажилтны оруулж буй үнэ цэнийг хэрхэн өндөр байлгах вэ?
Дээрх зурагт харуулсанчлан ажилтны замнал буюу танай байгууллагад ажиллаж эхэлсэн өдрөөс эхлэн ажиллах сүүлийн өдөр хүртэл энэ үйл явц үргэлжилнэ. Ажилтнаас өөрөөс нь дасан зохицож, ажилтны туршлагаа бий болгон, суралцаж хөгжих, ажлаас гарах хүртэлх үйл явцууд шууд хамаарах ч хүний нөөцийн дотоод бодлогын хүрээнд идэвхжүүлэх, сэдэлжүүлэх ажлуудыг хийж ажилтны оруулж буй үнэ цэнийг хамгийн өндрөөр хадгалах боломжтой.
WORKI CARE
Worki Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын платформ нь 2022 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 2 жилийн хугацаанд нийт 1,600 гаруй бүртгэлтэй харилцагч байгууллагатай болжээ. Тэгвэл Worki-н хамгийн анхны харилцагч ямар компани байсан бол?
Бид бүхний зүгээс хамгийн эрхэм, хамгийн анхны харилцагч байгууллага болох 2020 оноос цэцгийн бөөний худалдаа эрхэлж байгаа Гардения ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Өнөбаттай Worki платформыг яагаад ашиглах болсон талаар ярилцлаа.
Гардения ХХК-ийн талаар товч танилцуулбал
Монгол улсын худалдааны салбар, тэр дундаа Цэцгийн бөөний худалдааны старт-ап компанийг 2020 онд үүсгэн байгуулан онлайн цэцгийн худалдааны эко системийг хөгжүүлэхээр хамт олонтойгоо зорин ажиллаж байна.
Байгуулах болсон шалтгаан
Анх цэцгийн дэлгүүрийн худалдагчаас эхлүүлэн цэцэг хүргэлтийн ажилтан хийж байх хугацаанд яагаад цэцгийн үнэ үнэтэй байгааг судлаад үзэхэд ханган нийлүүлэлтийн сүлжээ байдаггүйг олж мэдсэн. Ханган нийлүүлэлтийн сүлжээг төгөлдөршүүлэх судалгааг анх хийж Гардения ХХК-г үүсгэн байгуулсан. Манай байгууллагын гол онцлог нь олон дамжлага, үе шатгүйгээр гол ханган нийлүүлэлтийг хийж эко системийг хөгжүүлэн зөвхөн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллан, онцгой үйлчилгээнүүдийг санал болгохыг зорьж байна.
Хамт олон ба соёл
Одоогийн байдлаар оффис болон бөөний төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай байгууллагын хувьд залуучууд ихтэй ба хамгийн залуухан ажилтан маань 2002 оных. Соёлын хувьд старт-ап хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг ба технологид суурилсан гэдэг утгаараа CRM, ERP системүүдийг бүрэн ашигладгаараа бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудаас онцлогтой. Мөн саяхнаас ханган нийлүүлэгч болон худалдан авагч талыг холбосон цогц худалдааны B2B онлайн платформ www.gardenia.mn-г хөгжүүлсэн.
Worki платформын талаарх анхны сэтгэгдэл, ашиглах болсон шалтгаан
Анх манай байгууллага 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байхад Хүний нөөцийн бүрдүүлэлт болон сонгон шалгаруулалт хийх шаардлага үүссэн. Тухайн үед Worki платформын маркетингийн идэвхжүүлэлтийн кампанит ажлуудыг олж харсан ба өнгө төрөхөөс авхуулаад брэндинг нь маш их таалагдсан. Вэбсайт дээр нь өөрийн компанийн бүртгэл үүсгэхэд Хэрэглэгчийн интерфейс /User Interface/-с авхуулаад ээлтэй, хялбар санагдсан ба туршаад үзье гэж бодоод төлбөртэй багцыг нь худалдан авч хэрэглэсэн.
Бусад жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зөвлөвөл
Манай жижиг, дунд бизнес эрхлэгч нар бүх зүйлийг өөрөө хийх гээд байдаг. Байгууллага болгон Хүний нөөцөөр дутагдаж байгаа энэ цаг үед хүний нөөц, санхүү, маркетинг гэх мэт зүйлүүдээ чадах нэгэндээ даатгаад, илүү технологи дээр суурилсан үйлчилгээнүүдийг ашиглаад Үүсгэн байгуулагч, захирлууд маань үндсэн ажилдаа төвлөрөөд явбал илүү үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах шиг санагдсан. Та бүхэн ч гэсэн жижиг, дунд бизнес эрхлэгч нарын Хүний нөөцийн бүрдүүлэлт дээр нь цаашид туслаад, дэмжээд, зөвлөөд явна гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн анхны бүхэн эрхэм бөгөөд Worki-н хамт олны зүгээс анхны харилцагч Гардения ХХК-д зориулан Worki платформын Basic багцын үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах эрхийг бэлэглэсэн билээ. Мөн түүнчлэн жижиг, дунд бизнес эрхлэгч нарын бизнесийг дэмжих, хүний нөөцийн бүрдүүлэлт дээр туслах үзүүлэх зорилгоор Worki платформын хамт олон нь Entry багцыг үйлчилгээг гаргасныг дуулгахад таатай байна.
SHARING IS CARING!
Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.