• Hey HR
  • Posts
  • 🏠 Stay at home! эргэн ирж байна

🏠 Stay at home! эргэн ирж байна

Hey HR! Worki Marathon маань үргэлжилсээр байна. Та 11/26 хүртэл 3 ажлын зар нийтлээд урамшуулалт хөтөлбөрт оролцох эрхээ аваарай. Ирэх 7 хоногийн и-мэйл товхимолд бид ялагчаа зарлах болноо. Stay tuned!😎

HR GLOBAL

Stay at home! Эргэн ирж байна. 

Ажилдаа явах замдаа түгжрэх нь танд дуртай подкастаа сонсох боломжийг өгдөг ч толгой өвтгөсөн асуудал чинь байж магадгүй юм. Учир нь энэ бол Ойрх Дорнодын олон ажил хийж буй залуусын мэдэрч буй асуудал юм. 

Монголоос өөр хаана ийм асуудал байгаа вэ? 

Дубайн хүн ам сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн бөгөөд 2020 оноос хойш 400,000-аар нэмэгдэж, 2024 онд 3.8 саяд хүрчээ. Энэ хот ажлын цагийн үед замын хөдөлгөөнд оролцож буй ойролцоогоор 3.4 сая машины хөдөлгөөнийг зохицуулахад бэрхшээлтэй тулгарч байна. Үүний хариуд Дубайн засгийн газар олон нийт болон хувийн хэвшлийн байгууллагуудад зайнаас ажиллах боломжийг дэмжихийг уриалж байгааг Wired мэдээлсэн байна. 

Дубайн Зам Тээврийн зохицуулалтын газраас арван нэгдүгээр сард гаргасан тайланд 332,000 нийтийн болон хувийн хэвшлийн ажилтны уян хатан ажлын цагийн асуудлыг судалжээ. Тайланд дурдсанаар хувийн хэвшлийн компаниудын зөвхөн 32% нь алсын зайнаас ажиллах боломж олгодог бол 58% нь үүнийг хэрэгжүүлэхээр судалж байгаа аж. Зайнаас ажиллахыг ажил олгогч нар дэмжсэн бодлогыг хэрэгжүүлснээр замын түгжрэлийг 30%-иар бууруулах боломжтой гэж уг тайланд онцолсон байна. Мөн тайлангийн зөвлөмжид тусгаснаар ажил олгогчдыг долоо хоногт тав хүртэл хоног алсын зайнаас ажиллуулах, мөн ажлын эхлэх цагийн уян хатан байдлаар зохицуулахыг санал болгохыг зөвлөжээ. 

Дубай компаниудын Хүний нөөцийн бодлогод нөлөөлөхийг оролдож буй анхны засгийн газар биш бөгөөд сүүлчийнх нь ч биш байж магадгүй юм. 

Эцэст нь ... Бидний гаргасан тооцооллоор УБ хотын иргэд маань өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд өнгөрүүлж байгаа юм. Бид ч бас хүний нөөцийн бодлогодоо өөрчлөлт оруулж, зайнаас ажиллах боломжтой ажлын байруудад ажилладаг ажилтнууддаа энэхүү боломжийг санал болгож эхлэх нь ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэрийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна, хотынхоо түгжрэлд ч өөрсдийн зүгээс хувь нэмэр оруулж болох үйлдэл болох нь ээ. Харин танай компани зайнаас ажиллах боломжийг хэрхэн бий болгосон болон нэвтрүүлэхээр төлөвлөж буй талаар энэ и-мэйлд ‘reply’ хийж бидэнд өөрсдийн туршлагаа хуваалцаарай!   

HR MOMENT

Өгөгдөлд суурилсан технологийн үйлчилгээ үзүүлдэг XYZ Компани нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хурдацтай өргөжиж, ажилтнуудын тоо гурав дахин нэмэгдсэн. Гэвч шинэ ажилтнууд нэмэгдсэнээр компанийн анхны хамтын соёл алдагдаж, багуудын хоорондын уялдаа холбоо муудаж, ажлын гүйцэтгэл буурсан тухай гомдол гарчээ. 

Компанийн хүний нөөцийн менежер Сувд үүссэн нөхцөл байдлыг шинжилж, соёлын асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллагын түвшинд шинэчлэл хийх шаардлагатайг ойлгов. 

Сорилт: Хурдтай өөрчлөлтөд багийг дасан зохицуулах 
Компанийн анхны ажилтнууд шинэ ажилтнуудтайгаа харилцахад хүндэрч, ажилдаа урамгүй хандах болжээ. Үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа Сувд компани даяар шинэ соёлын үнэт зүйлсийг тодорхойлж, хамтын ажиллагаа болон уялдаа холбоог нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах шийдвэр гаргажээ. 

Шийдэл: Компанийн соёлыг шинэчлэх стратеги 

Судалгаа явуулах
Сувд компанийн ажилтнуудын санал хүсэлтийг цуглуулах зорилгоор дотоод судалгаа явуулж, ажилтнуудын дунд соёлын асуудал хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлсон. 

Соёлын үнэт зүйлсийг тодорхойлох: 

Багийн ажилтнуудын оролцоотойгоор компанийн шинэ соёлын үнэт зүйлсийг боловсруулсан. "Харилцаа холбоо", "Харилцан хүндэтгэл", "Нээлттэй байдал" зэрэг гол зарчмуудыг онцолсон. 
Сургалт, уулзалтууд зохион байгуулах: 

Багийн бүх түвшний ажилтнуудад шинэ соёлын үнэт зүйлсийг таниулах сургалт явуулсан. Ажилтнууд хоорондын итгэлцлийг нэмэгдүүлэх багийн хөгжлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. 
Шагнал урамшууллын систем шинэчлэх: 

Ажилтнуудыг багийн зорилгод хүрсэн тохиолдолд урамшуулах шинэ систем нэвтрүүлсэн. 
Компанийн соёлыг хэрэгжүүлж буй шилдэг ажилтнуудыг таних хөтөлбөр бий болгосон. Үргэлжлүүлэн сайжруулах арга хэмжээ: 

Дотоод харилцааны хэрэгслүүдийг шинэчилж, багуудын хооронд илүү нээлттэй харилцах боломж бүрдүүлэв. Ажилтнуудын сэтгэл ханамжийг тогтмол үнэлэх хяналтын систем нэвтрүүлсэн. 
Үр дүн: Хүчирхэг баг, эерэг соёл 
Компанийн соёлын шинэчлэлийн үр дүнд ажилтнуудын хоорондын харилцаа сайжирч, багийн ажлын гүйцэтгэл нэмэгдэв. 
Судалгааны үр дүнгээс үзэхэд, ажилтнуудын 85% нь шинэ соёлд эергээр хандаж байгааг илэрхийлжээ. 
Шинэчлэлийн дараа ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын бүтээмж 20%-иар өссөн байна. 
Гол сургамж: Соёлын өөрчлөлт бол урт хугацааны хөрөнгө оруулалт 
XYZ компанийн энэхүү тохиолдол нь байгууллагын соёл нь багийн амжилтын үндэс болохыг харуулсан жишээ юм. Соёлыг шинэчлэх үйл явц нь удирдлагын манлайлал, ажилтнуудын идэвхтэй оролцоо шаарддаг ч, зөв зохион байгуулж чадвал байгууллагын урт хугацааны тогтвортой амжилтад хүргэх чухал хүчин зүйл болдог. 

/Энэхүү үйл явдал бол зохиомол кэйс бөгөөд бодит нөхцөл байдлыг дүрслэх зорилготой зөвлөмжийн загвар юм/

НR TREND 2025

2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ? 

Он гарахад 7 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ. 

Тренд #7: Эмэгтэйчүүдийн оролцоо бизнест нөлөөлөх нь 

2025 он хаяанд ирлээ. Fortune 500 жагсаалтад багтсан компаниудын 10-с дээш хувь нь эмэгтэй захиралтай болсон нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ахиц дэвшил удааширч байна. Жендерийн тэгш бус байдлыг арилгаснаар дэлхийн ДНБ 20%-аар өсөх боломжтойг харгалзан үзвэл энэ асуудалд цаашид зайлшгүй анхаарах хэрэгцээ бий болж байна. 

Эмэгтэйчүүдийн хувьд ажлын уян хатан бус нөхцөл болон удирдах албан тушаалд хандах боломж хязгаарлагдмал байгаа нь нөлөөлж байгаа талаар судалгааны үр дүнгүүд харуулж байна. Жишээлбэл, эмэгтэй ажилтнуудын 95% нь уян хатан нөхцөлөөр ажиллах хүсэлт гаргах нь тэдний албан тушаал дэвших боломжид сөргөөр нөлөөлнө гэж үздэг байна. Мөн дэлхий даяар менежментийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 28.2% эзэлж буй бөгөөд удирдах албан тушаалд хандах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа хэмээн хариулсаар байгаа юм. 

Тэгвэл бизнесийн байгууллагууд бодит өөрчлөлт авчирч, жендерийн тэгш байдалд анхаарснаар нийгэмд төдийгүй өөрсдийн бизнест эерэг нөлөө үзүүлэх боломжтой бөгөөд илүү хүртээмжтэй, олон талт, тэгш оролцоотой ажлын байр нь эдийн засгийн болон соёлын үр өгөөжийг ирэх жилүүдэд авчрахаар байна. Инновац, шинэ санаачилгаар тэргүүлэгч байгууллагууд үлгэр жишээ болж, тууштай хүчин чармайлт гарган өөрчлөлт хийх боломжтойг харуулж байна. Жишээлбэл, Starbucks компани 2018 онд цалин хөлсний тэгш байдлыг хангаж, дэлхий даяар энэ зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажилласаар байна. Гэсэн хэдий ч олон байгууллагууд энэхүү асуудалд анхаарал хандуулахгүй хэвээр байгаа бөгөөд ирэх жилүүдэд эмэгтэйчүүдийн оролцоог менежмент, удирдлагын түвшинд авчрахад олон байгууллагууд анхаарч эхлэх нь ээ. 

🔗 Өмнөх дугаараас Тренд #6-г унших бол ЭНД дараарай.

PUBLIC HOLIDAY 

Ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу 11-р сарын 26 нд бүх нийтээрээ амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн 100 жилийн ой нь тохиож буйгаараа онцлог. 

Түүхийг эргэн харвал эл өдөр, Монгол Улс Анхдугаар үндсэн хуулиа баталж дэлхий даяар Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа зарлан тунхагласан билээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижигхэн Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байсан болж байсан хэмээн түүхчид онцолдог аж. 

Иймд ирэх долоо хоногийн амралтын өдрөө HR та өөртөө, гэр бүлдээ зориулан Монгол бахархал болсон энэ өдрөөрөө сайхан амраад, эрч хүчтэй эргэн ирэх долоо хоногийн 4 дэхийн 8 цагтаа и-мэйл товхимлоороо эргэн уулзъя. 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү. 

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.